Улаанбаатар Аялал жуулчлалын холбооноос 2023 онд монголчууд дотооддоо хаашаа аялах, хэдэн төгрөг зарцуулахаар төлөвлөсөн талаар сонирхолтой судалгаа гаргажээ.
Уг судалгаагаар, энэ жилийн наадмын дараа Улаанбаатар хотоос орон нутгийг зорих жуулчдын тоо өмнөх жилүүдийнхээс 12-15 хувийн өсөлттэй буюу 7,8 дугаар сард нийт 860-883 мянган дотоодын жуулчид Монгол орноор аялж багадаа 211.9-220.8 тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлт үүсгэнэ гэсэн тооцоо гарчээ.
Дотоодын жуулчид тавдугаар сарын сүүлээс эхэлж Монгол орны нутгаар тойрон аялж эхлэх боловч гол масс нь наадмын дараах амралтын өдрүүдэд аялалд гардаг. Энэ жилийн хувьд наадмын дараах 9 хоногт Улаанбаатар хот болон аймгуудын төвөөс нийт 860.1-883.2 мянган хүн хотоос гарч амрах тооцоолол хийсэн ба үүнээс, баруун бүсээр 75-81 мянга, зүүн аймгуудаар 43-45 мянга, Өмнөговь аймгаар 60-62 мянган жуулчин аялах төлөвтэй байна.
Аялагчдын зорих бүс нутаг, 2023 оны тренд зорих газар
Түүврийн судалгаагаар аялагчдын 11 хувь нь Баруун гурван аймагт, 7 хувь нь Өмнөговь аймгаар, 5 хувь нь Зүүн аймгаар аялах дүр зураг харагдаж байгаа бол өмнөх жилүүдийн адил нийт аялагчдын 48 хувь орчим нь Архангай, Өвөрхангай, Завхан-Хөвсгөл аймгаар дамжих Хангайн бүсийн аялал жуулчлалын гол бүсээр аялах төлөвтэй байна. Мөн 7, 8 дугаар сард Улаанбаатар орчимд аялах залуучуудын масс 19 хувийг эзэлж байна.
Дотоодын аялагчид жил бүр тухайн жилийн трэнд болсон үзмэр, зорих газар руу аялдаг онцлогтой. Жишээлбэл, 2015, 2016 онд Хөвсгөл, 2017 онд Мухартын гол, 2018 онд Хэцүү хад, 2019 онд нуур Буйр нуур, 2020, 2021 онд Алтай Таван Богд дотоодын аялагчдын гол зорих газар болж байв. 2022 онд дээрх газар луу аялах жуулчдын цуваа тодорхой хэмжээнд байх боловч шинэ тренд зорих газар Говь-Алтай аймаг, Ээжхайрхан орчим болох төлөвтэй байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 7 хувь нь энэ бүс нутаг руу аялахаар төлөвлөж байгаагаа дурджээ.
Түүврийн судалгаанд хамрагдсан аялагчдын сонгосон бүс нутаг, 2018, 2019 онд аймгуудын хүлээн авсан дотоодын аялагчдын тоо зэрэгт тулгуурлан аялал жуулчлалын гол бүс нутгуудын ачаалал ямар байхыг тооцоолов. Үүнд, Баруун гурван аймаг нийлбэрээр 75-81 мянган жуулчин хүлээж авах тооцоотой ба үүнээс Баян-Өлгий аймагт 30 мянга орчим дотоодын аялагчид 7,8 дугаар сард аялах төлөвтэй байна.
Хөвсгөл, Завхан аймагт 137-141 мянган аялагч аялах тооцоотой ба үүний тодорхой хувийг Баруун аймаг, Дархан-Сэлэнгэ, Баянхонгор аймгуудаас аялах аялагчид эзэлнэ.
Аялагчдын ихэнх нь хэвтээ тэнхлэгийн мянганы замаар аялж Архангай аймаг, цаашлаад Завхан аймгаас тодорхой бүсүүд рүү чиглэх эсвэл буцахдаа энэ замаар явах тул энэ орчимд жуулчдын ачаалал хамгийн их байна. Мөн Архангай аймгийн тэгш ой тохиож байгаа тул өмнөх жилүүдээс жуулчдын ачаалал их байх төлөвтэй байна. Гэхдээ зөвхөн тус аймагт тэгш ойг жуулчдын тоог нэмэгдүүлэх хүчин зүйл гэж авч үзээгүй болно. Хангай бүс 7, 8-р сард 312-316 мянган жуулчныг хүлээн авах, дамжин өнгөрүүлэх төлөвтэй байна.
Энэ жилийн шинэ тренд болох магадлалтай Баянхонгор, Говь-Алтай аймаг 60-63 мянган жуулчин хүлээж авах магадлалтай. Дархан Сэлэнгэ аймагт нийт 85-87 мянган жуулчин аялах магадлалтай ба ихэнх гол масс нь 8-р сард тохиох магадлалтай байна. Энэ бүсийн жуулчдын масст жимс түүх сонирхолтой хотын аялагчид нөлөөлөл үзүүлж байна.
Аяллын төрөл
Аливаа улс орны дотоодын аялал жуулчлалд ерөнхий сонирхлын аялал жуулчлал буюу үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгалуудыг үзэж сонирхох “масс” аялал жуулчлал голлодог. Монгол орны дотоодын аялал жуулчлалын төрөл зүйл мөн адил ерөнхий сонирхлын буюу “үзэсгэлэнт байгалиар аялах” масс аялал байдаг. Автомашинаар Монгол орны үзэсгэлэнт байгалиар тойрон аялах аяллын хэлбэр сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлалд зонхилж байна.
2023 оны мөн ялгаагүй автомашинтай аялал зонхилох төлөвтэй ба нийт аялагчдын 70 хувь нь автомашинтай тойрон аяллыг сонгохоо илэрхийлжээ. Мөн тусгай сонирхлын бусад аяллын хэлбэрийг туршиж үзэх сонирхолтой байдаг ба үүнд морин аялал, шувуу ажиглах аялал, дугуйн аялал, явган аялал, мото аяллыг турших хүсэлтэй байдаг аж.
Сүүлийн жилүүдэд дотоодын аялагчид автомашинтай тойрон аялах явцдаа өөр аяллын төрлөөр давхар аялж үзэх хүсэлтэй болжээ.
Жишээлбэл, зарим аялагч орон нутагт очихдоо өдрийн дугуй аялал эсвэл морин аялал хийдэг бол залуучууд өдрийн явган аялал хийх сонирхолтой болжээ.
Аялагчдын аяллын хугацаа
Түүврийн судалгаагаар нийт аялагчдын 52.1 хувь нь 7-10 хоног аялахаар төлөвтэй байгаа боловч, тооцооллоор харьцангуй багасаж, 47.5 хувь болж буурч, 11-15 хоног аялах жуулчдын хувь 24-26 хувь болж нэмэгдэх хандлагатай.
|
|
Мөн 4-6 хоног аялах аялагчдын эзлэх хувь 16-20 хувь болж нэмэгдэх дүр зураг ажиглагдаж байгаа ба Улаанбаатар хотын иргэдийн хот орчимд 1-3 хоног аялах давтамж нэмэгдэж, аялагчдын хувь 15 хувь хүртэл өсөж магадгүй байна.
Аялалд зарцуулах мөнгөн дүн ба эдийн засгийн нийт эргэлт
Аялагчдын ихэнх нь буюу 33 хувь нь аялалд 1.0-1.2 сая төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа бол 14 хувь нь 1.3-1.5 сая, 14.5 хувь нь 1.5-2.0 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Нийт аялагчдын 10.9 хувь нь буюу залуучууд 700-900 мянган төгрөг зарцуулахыг хүсэж байна. Аялалд зарцуулах мөнгөн дүн аяллын зохион байгуулалт буюу гэр бүлээрээ эсвэл ямар хүмүүстэй хамт аялаж байгаагаас, мөн судалгаанд хамрагдсан хүмүүсийн наснаас хамаарч байгаа нь ажиглагдаж байна. Залуучууд аль болох хямд, өөрөө аялах сонирхол ажиглагдаж байгаа бол дундаас дээш насны хүмүүс гэр бүлээрээ илүү их мөнгө зарцуулж, тав тухтай аялах сонирхолтой байгаа нь ажиглагдаж байна.
Аялагчдын зарцуулах мөнгөн дүн
Аялагчдын аялалд зарцуулах мөнгөн дүнг түүвэр болон нийт жуулчдын тоотой харьцуулах замаар 7,8 дугаар сард аялах жуулчдын эдийн засагт үүсгэх нийт эргэлтийг тооцоолох боломжтой. Ингэхдээ бүс тус бүрт аялах аяллын дундаж үнэд тулгуурлав. Мөн Хангай бүсээр дайран өнгөрч буй дотоодын жуулчдын мөнгөний зарцуулалт, аялалд хамрагдах боломжтой хүүхдийн тоо, бусад хүчин зүйлсийг хасаж, мөнгө зарцуулах жуулчдын тоонд тулгуурлан тооцоо хийв. Энэ тооцооллоор бол 860-883 мянган жуулчин багадаа 211.9-220.8 тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлт үүсгэх үүсгэнэ гэсэн үр дүн гарч байна.
Аяллын зохион байгуулалт
Аяллын зохион байгуулалт ихэвчлэн гэр бүл болон найз нөхдөөрөө нийлж аяладаг онцлогтой. 2023 оны дотоодын жуулчдын 37 хувь нь гэр бүлээрээ аялах төлөвтэй бол 26 хувь нь найз нөхдөөрөө аялахаар төлөвлөж байна. Түүврийн хэмжээ болон санхүүгийн байдал, дотоодын аялагчдын аяллын сонголт, найз нөхдийн нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийн нөлөөллийг харгалзан /нийт 3 хүчин зүйл, нэг хүчин зүйлийн нөлөөлөл 10 хувиас ихгүй/ үзвэл 2023 оны зуны нийт аялагчдын 50 хувь гэр бүлээрээ аялах төлөвтэй байна.
Гэр бүлээрээ болон найз нөхдөөрөө аялах нь Монгол Улсын дотоодын аялал жуулчлалын үндсэн хэлбэр болох нь олон судалгаа болон практикаас харагддаг. Дотоодын аялал жуулчлалд гэр бүлийн аялал зонхилох нь хэвийн буюу сайн үзэгдэл боловч найз нөхдийн аялал зонхилох нь тодорхой сөрөг үр дагаврууд дагуулдаг. Өнөөгийн дотоодын аялал жуулчлалд найз нөхдийн аялал ихэвчлэн байгаль орчинд сөөрөг нөлөөтэй, төлөвлөлт, зохион байгуулалт муутай байгаа нь олон асуудалд сөөргөөр нөлөөлж байна. Энэ хүчин зүйлээс шалтгаалж, нийт жуулчдын ердөө 19 хувь нь найз нөхдөөрөө аялах тооцоолол гарч байна. Үүнд гэр бүлийн найзуудын аялал тооцогдоогүй болно.
Аялал жуулчлалын бүх хэлбэрт тур оператораар дамжин явагдвал нийгэм, соёлын сөрөг үзэгдэл багатай, эдийн засагт үр ашигтай байдаг. Сүүлийн жилүүдэд тур операторын аялалд хамрагдах хүсэлтэй аялагчдын тоо өсөж байна. Түүврийн судалгаанд нийт аялагчдын 10 хувь нь тур операторын аялалд хамрагдахаа илэрхийлсэн боловч нийт массын 10 хувь нь аялагч тур операторын үйлчилгээ авна гэвэл өрөөсгөл дүгнэлт болно. Мөн сүүлийн жилүүдэд өөрөө бие даан аялал зохион байгуулж буй “үүргэвчтэй” аялагчид олшрох хандлагатай байгааг харгалзан үзвэл 2023 онд ойролцоогоор 100-112 мянган аялагч тур операторын үйлчилгээ авах эсвэл өөрсдөө аялалаа зохион байгуулах прогнозтой байна.
Монгол Улсын иргэдийн аяллын сонирхлыг судалгааг 2023 оны 6-р сарын эхний долоо хоногт анкетын аргаар явуулж, 20-63 насны 193 хүнийг хамруулсан байна. 2023 оны хувьд наадмын дараах 9 хоногт Улаанбаатар хот болон аймгуудын төвөөс нийт 860.1-883.2 мянган хүн хотоос гарч амрах тооцоолол гарсан.
Нийт аялагчдын 47.5 хувь нь 7-10 хоног, 26 хувь нь 11-15 хоног аялах ба автомашинтай тойрон аялал голлоно. Аялагчдын ихэнх нь буюу 33 хувь нь аялалд 1.0-1.2 сая төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа бол 14 хувь нь 1.3-1.5 сая, 14.5 хувь нь 1.5-2.0 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Нийт аялагчдын 10.9 хувь нь буюу залуучууд аль болох бага зардлаар буюу 700-900 мянган төгрөгөөр аялах хүсэлттэй байна. Аяллын зохион байгуулалтын хувьд 50 хувь нь гэр бүлээрээ аялах төлөвтэй бол 19 хувь нь найз нөхдөөрөө аялахаар төлөвлөж байна. Сүүлийн жилүүдэд тур оператороор аялах жуулчдын тоо өсөх хандлагатай ба аяллын зардлаа хэмнэхийн тулд аяллаа өөрөө зохион байгуулах сонирхолтой аялагчдын тоо мөн адил өсөж байна.
Дотоодын аялагчдын урсгал 2023 оны зун 211.9-220.8 тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлт үүсгэж, улсын эдийн засгийг тэтгэх тооцоолол гарчээ.