Ангараг гараг рүү хүрэх зам нь урт хийгээд олон сорилтоор дүүрэн байна. Тухайлбал, хүнийг ангараг руу хэрхэн аваачих хийгээд очсон хойноо хэрхэн аж төрөх зэрэг олон асуудалд тодорхой хариулт хэрэгтэй юм.
Тиймээс сансрын нисгэгчдийг Ангараг гаригт удаан хугацаагаар байлгахад бэлтгэхийн тулд НАСА Техас дахь Ангараг гаригийн хуурамч бааз дотор дөрвөн хүнийг 378 хоногийн турш тусгаарлахаар болжээ. Энэ баазад ормогцоо тэд урьдчилж төлөвлөсөн хуваарийн дагуу үйл ажиллагаа болон шинжлэх ухаан, судалгааны ажилд оролцож, сансрын нисгэгчид шиг хооллож, засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн эвдрэлийг арилгахын зэрэгцээ сэтгэлзүйн болон физиологийн хүнд сорилтод хамрагдах юм. Энэхүү туршилт 6-р сард эхлэх бөгөөд дахин ийм төрлийн хоёр ч удаагийн туршилтыг НАСА зохион байгуулах юм байна.
Тэдний тооцож буйгаар гурав дахь туршилт нь 2026 онд эхлэх аж. Эхний туршилтын оролцогчид яг л ангараг гараг дээр байгаа мэт байх бөгөөд гадаад харилцаа нь 22 минутын хоцрогдолтой байх гэнэ. Энэ туршилтын үеэрр үүсэж болох дөрвөн эрсдэлийг НАСА-гаас мөн тодорхойлсон. Үүнд, урт хугацааны сансрын нислэгийн үед үүсдэг нүдний синдром, багийн зан байдал, гүйцэтгэд хийгээд хоол хүнс, шим тэжээл нар багтаж байна. Хэдийгээр энэ туршилт нь ангараг гараг дээрх нөхцөл байдлыг бүрэн урьдчилан тандах боломжгүй ч сансрын нисгэгчдийн гүйцэтгэл, эрүүл мэндийг мэдэх боломжтой гэдгийг НАСА мэдээллээ. Тухайлбал, энэ туршилтын үеэр ангараг дээрх хоолны дэглэм урт хугацаанд хэрхэн үйлчлэхийг харах нь туршилтын чухал зорилгуудын нэг аж.
SOURCE: CNN