Энэ долоо хоногт УИХ-аар Монгол улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ. Гол өөрчлөлт нь сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, гишүүдийн тоог нэмэгдүүлэх. Тэгвэл энэ долоо хоногт УИХ-д суудалтай намууд буюу МАН, АН, ХҮН-ын төлөөллүүд зөвшилцөж, гишүүдийн тоог 152 биш, 126 болгох нь зүйтэй гэж санал нэгдсэн байна. Ингэхдээ 76 гишүүнийг тойргоос сонгож, 50 гишүүнийг намын жагсаалтаар оруулж ирэхээр ярьжээ.
Үндсэн хууль хэлэлцэж байгаатай холбоотойгоор УИХ-ын гишүүд тойрогтоо ажилласан. УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн тайлбараар бол иргэдийн дийлэнх нь гишүүдийн тоог ямар нэг байдлаар нэмэгдүүлэх зөв гэсэн байр суурьтай байгаа гэж байна. Гэхдээ 152 бол хэтийдсэн тоо гэж эсэргүүцэж байна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. Түүний хувьд УИХ 108 гишүүнтэй байх нь хамгийн оновчтой гэж харж байна.
УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах үеэр иргэд "Амьдрал хүнд байна, цөхөрч байна" гэх асуудлыг олонтаа хөндөж, гишүүдийн хатуу шүүмжилжээ. Барааны үнэ өдрөөс өдөрт өсөж, иргэд цөхрөнгөө барж байхад гишүүд тоогоо өсгөж, үрэлгэн зардлаа өсгөхөөр зугаа ядаж байна гэдгийг олон нийт хөндөж байна.
УИХ-ын зарим гишүүн ч эсрэг байр суурьтай байгаа гэдгээ Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Үндсэн хуулийг өөрчлөх эсэхийг гагцхүү ард түмэн мэдэх ёстой. Түүнээс, эрх баригчид дур зоргоороо аашилж эцэг хуулийг өөрчилж болохгүй " гэдгийг хатуу сануулсан юм.
Ямартай ч эрх баригчид, парламентад суудалтай намууд УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхээр хэлэлцэж байна. Тэдний хийсэн өөрчлөлтийг ард иргэд хүлээн зөвшөөрөх үү, цаашид ямар үйл явц өрнөх вэ гэдэг нь анхаарал татсан сэдэв болж байна.
НҮҮРСНИЙ ХУЛГАЙН СОНСГОЛ ХААНА ГЭЭГДЭВ?
Одоогоос хэдхэн сарын өмнө Монголчууд нүүрсний хулгайг эсэргүүцэж, төв талбайд жагсаж, суулт зарлаж байсан. 340 мянган тонн нүүрс буюу Таван толгойн бүлэг ордоос бүхэл бүтэн нэг мөргөцөг нүүрс алга болчихсон асуудал хөндөгдөж, олон нийт жигшиж бухимдсан. Төр ч дотроо байгаа хулгайтайгаа тэмцэнэ гэж мэдэгдсэн.
Улмаар УИХ нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол явуулах шийдвэр гарсан ч хариуцсан хүмүүс нь хойрго хандаж, дундаасаа замхарч алга боллоо. УИХ-ын гишүүн Г.Ганболдын тайлбараар "АТГ сонсголоо хойшлуул" гэдэг чиглэл өгсөн учраас бид хийхгүй байгаа гэж шалтаг тоочлоо. Уг нь, нээлттэй сонсгол хийж хэргийг шийдье гэвэл шийдэж болдог гэдгийг бид Хөгжлийн банкны хэрэг дээр хангалттай харсан. Хөгжлийн банкны шүүх хурал эхлэхээс ч өмнө, хэргийг шалгаж байх зуур нээлттэй сонсгол зохион байгуулж, бид олон ч ноцтой мэдээллүүдийг ил тод харсан. Хэн гэдэг хүн хэдэн төгрөг авч, яаж шамшигдуулсан бэ гэдгийг харсан. Гэтэл түр хороог ахалж байгаа Г.Ганболд гишүүн хойрго хандсаар өдийг хүртлээ. Үүний цаана "Нүүрсний хэрэгт холбогдсон улстөрчдийг өмөөрсөн ашиг сонирхол байна уу гэж харж болохоор байна. Нүүрсний хулгайд хэн хариуцлага хүлээх вэ, мэдээлэл нь хаалттай, шалгаж байна гэж ярьсаар л өнгөрөх үү? Олон нийт УИХ-ын сонсгол хийхийг шаардаж, хариуцлага нэхэж байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.