Монгол хүүхдүүд мэдлэг чадвараараа олон улсад тэргүүлсэн таатай мэдээ байна. 2022 онд болсон Олон улсын физикийн 52 дугаар олимпиадад амжилттай оролцсон сурагчид шагналаа өчигдөр гардлаа. Монголын багийнхан цар тахлын улмаас олимпиаддаа цахимаар оролцож, медалиа хараахан хүлээн авч амжаагүй байсан юм. Олон улсын физикийн 52-р олимпиадад Монголоос 5 сурагч оролцсон байна. Тэд багаараа 100 хувийн амжилт үзүүлж, 1 мөнгө, 3 хүрэл медаль, 1 шагналт байр эзэлжээ. Олимпиадыг Швейцарь улс зохион байгуулсан байна.
Монголд зочлох жилийн хүрээнд Азийн физикийн 23 дугаар олимпиадыг энэ сарын 23-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Олимпиадад оролцохоор 30 орчим орны 300 гаруй төлөөлөл Монголд ирнэ. Олон улсын физикийн олимпиадаас ч чансаа өндөртэйд тооцогддог Азийн физикийн олимпиадад манай улсын сурагчдын хоёр баг оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Олон улсын олимпиадад амжилттай оролцсон О.Анирчулуу Улаанбаатар хотноо энэ сард болох Азийн физикийн 23 дугаар олимпиадад оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Ингээд сурагч О.Анирчулуугийн яриаг хүргэе.
"… Намайг О.Анирчулуу гэдэг. Сант сургуулийн 12 дугаар ангид суралцдаг. Би 2022 оны зун болсон Олон улсын физикийн олимпиадаас мөнгөн медаль хүртсэн. Олон улсад өрсөлдөхийн тулд Монголынхоо багт эхлээд шалгарах хэрэгтэй болдог. Улс бүрээс 5 хүүхэд оролцдог. Жилийн турш оролцсон уралдаан, улс нийслэлин уралдааны дүн гол шалгуур нь байдаг. Өмнө нь би олон улсын физикийн олимпадаас хүрэл медаль хүртэж байсан. Улсын физикийн олимпиадаас алт, мөнгөн медальтай.
Азийн физикийн олимпиадад 8, 8 хүүхэдтэй хоёр баг Монголоос оролцож байгаа. Өнгөрсөн намраас хойш авсан сорил, олимпиадуудын дүнгээр шалгаруулсан. Бид дөрөвдүгээр сараас хойш МУИС дээр бэлтгэлээ хангаж байгаа. Энэ удаагийн олимпиад миний анх удаа танхимаар оролцож байгаа олимпиад. Олон орны хүүхдүүдтэй танилцаад, олимпиаддаа оролцоно гэдэгтээ баяртай байна.
Олимпиадад оролцохын ач тус нь сууж сурдаг юм шиг санагддаг. Олон улсын физикийн олимпиадын нэг өдрийн бодлого нь 5 цаг байдаг. Бэлтгэлдээ ч гэсэн яг ийм зарчмаар ажиллаж, бүх зүйлийг давах тэсвэр хатуужилтай болдог гэж боддог.
Түүнчлэн, олимпиадын хүүхдүүд дан ганц олимпиаддаа амжилт гаргаад зогсохгүй 12 дугаар ангиа төгсөөд гадаадын их сургуульд тэнцэх боломжийг олж авах нь илүү байдаг юм шиг санагддаг. Надтай хамт баг болж оролцсон, медаль авсан сурагчид маань Америкийн том том сургуулиудад тэнцээд суралцаж байгаа. Би 12 дугаар ангийнхаа намар Америкийн их сургуулиуд руу өргөдлөө явуулаад Harvard, MIT, Prinston гэсэн сургуулиудаас тэнцсэн гэсэн хариу авсан. Prinston-ы их сургуулийг сонгоод суралцах гээд байж байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.