Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг нэгэн үе авч явсан Хөнгөн үйлдвэрийн салбарыг бодлогоор хангах, оновчтой шийдлийг эрэлхийлэх цаг болсныг мэргэжилтнүүд онцолж байна. Үнэндээ монголчууд малын түүхий эдээ бүрэн ашиглаж нэмүү өртөг шингээн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортолдог байсан цаг саяхан. Гэтэл энэ үе алсран малын түүхий эд хэрэгцээнээс гарч, үнэгүйдэх болов.
90 жилийн ойтойгоо золгож буй Хөнгөн үйлдвэрийн салбарын түүхийг 35 жилээр ухраавал хөгжлийн ид үеийн дүр зураг хөвөрнө. Эл салбарын түүх 1934 оноос эхтэй. Тухайн үед Арьс ширний нэгдэл, Ноосны үйлдвэрийн нэгдэл хэмээх хоёр том нэгдэл олон мянган ажлын байр, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн гол цэг нь болж байв. Монгол Улс энэ цаг үед арьс шир ноос, ноолуур болон бусад түүхий эдээ боловсруулан бүрэн ашиглаж байсан. Тодруулбал жилдээ 3-5 сая гутал үйлдвэрлэж экспортлохоос эхлээд хүнс, оёдлын үйлдвэр, төмрийн завод, шил шаазангийн үйлдвэрлэл, мод боловсруулах үйлдвэр гээд монголчууд дийлэнх бүтээгдэхүүнээ өөрсдийн гараар бүтээж байв. Мөн тухайн үед үйлдвэрлэлийг бодлогоор хангах бие даасан яам ажиллаж байсан нь эл салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан. Харин ардчиллын эхэн үед үйлдвэрлэлүүд хувьд гарч, олон тоогоор үйлдвэрлэж байсан бүтээгдэхүүнүүд жижиглэнгийн хэлбэрт шилжсэнээр Хөнгөн үйлдвэрийн салбарын шинэ түүх буюу уналтын үе эхэлсэн гэж дүгнэж болно. Өөрөөр хэлбэл үйлдвэрүүд тарж, бэлтгэгдсэн мэргэжилтнүүд дан, дангаар үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн. Энэ цаг үеэс эхлэн Хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого алдагдсаныг мэргэжилтнүүд тодотгодог.
30 гаруй жил хууль эрх зүйн орчин тодорхойгүй, тогтсон бодлогогүй явж ирсэн явдал нь салбарын хөгжлийг хойш татсан хэмээн салбарынхан онцолж байна. Тэд Хөнгөн үйлдвэрийн экспортын дийлэнх хувийг түүхий эд эзэлдэг бөгөөд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг хуульчлах, эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол Улс Хөнгөн үйлдвэрийн тухай бие даасан хуультай болсноор үйлдвэрлэл хөгжих үндсэн хөрсөө бэлдэнэ гэсэн үг.