Сан нэрээр иргэдийн халаасыг ухаж, эрх мэдэл, албан тушаалд ойр нэгэн нь ард түмний боломжийг хулгайлан, дэвсэлж орхидог үзэгдэл манай нийгэмд гаарсаар байна. Ингэж хэлж буйн учир нь, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа нийт 25 сангийн, ердөө гурав нь зорилгынхоо дагуу үүргээ гүйцэтгэсэн гэх аудитын судалгаа гарчээ. Зорилтот бүлэг, иргэн, ААН-дээ хүрч үйлчилж чаддаггүй, "мөнгөний гахай" болсон эдгээр олон сангууд зорилго, үүргийнхээ хүрээнд ажиллаж чадахгүй бол татан буугдах ёстой гэж олон нийт үзэж байна.
Энэ олон сан улсын төсвөөс санхүүждэг. Өөрөөр хэлбэл татвар төлөгч та бидний “улс эх орноо хөгжүүлье, сайхан нийгмийг бүтээе” гэсэн хүсэл дээр “тоглолт” хийдэг гэсэн үг.
Мөн хуульд зааснаар засгийн газрын тусгай сангууд зээлийн хүүгийн орлогоос санхүүжнэ гэсэн байна. Гэтэл нийт зээлдэгчид, өөрөөр хэлбэл “хулгайчид” бусдыг эрх мэдэл албан тушаалаараа далайлган, хууль зөрчиж авсан зээлээ төлөхгүй шир царайлан оршсоор л байгаа. Ингэж даварсан нөхдүүдийн зээлийг төлүүлээч ээ гэдэг шаардлагыг аль нэг сангийнх нь даргад тавихаар, “хуулийн байгууллага нь мэднэ. Бид төлүүлж чадахгүй байна” гээд гонгиноод л сууж байдаг.
Бидэнд байгаа, ил тод болсон мэдээллээр гуравхан сангийн жишээ татаад үзвэл,
- ХААДС-гийн чанаргүй зээлийн үлдэгдэл 153 тэрбум төгрөг.
- ЖДҮС-гийн зээлийн үлдэгдэл 200 гаруй тэрбум төгрөг.
- БЗС-гийн зээлийн үлдэгдэл 300 гаруй тэрбум төгрөг байна.
Сан байж болно. Гэхдээ бусад улс оронд тусгай сангууд хугацаатай байгуулагддаг талаар мэргэжилтнүүд хэлж буй. Тодруулбал зорилго, зорилтуудыг тодорхой зааж өгсөн байдаг. Тодорхой хугацааны дараа сангууд УИХ-д үр дүнгээ тайлагнаж үүргээ гүйцэтгэсэн бол татан буугддаг жишиг бий. Харамсалтай нь, манай улсад тусгай сангийн хууль эрх зүйн орчин хангалтгүй байгаагаас хяналт сул, зориулалт алдагдсан байна. Ингэж явсаар сан биш томчуудыг давраах буяны байгууллага болтлоо гаарч буй юм.
Хөдөө аж ахуйг дэмжих сан гэхэд зээлийн эргэн төлөлт нь 7 хувь байх жишээтэй. Нийт 9000 чанаргүй зээл гаргаж, хүлээгдэж буй өр төлбөрийн үлдэгдэл 153 тэрбум төгрөгт хүрчихсэн. Үүнээс гадна 179 тэрбум төгрөг тооцоо нийлээгүй гэж дүгнэгдсэн байна. Тооцоо нийлээгүй гэдэг нь сангаас зээл гарсан гэсэн тэмдэглэгээтэй хэр нь зээлдэгч талын авсан мөнгөний тооцоотой нийлээгүй байна гэсэн үг.
Дараагийн сан бол ЖДҮХС байгаа. Зээлийн эргэн төлөлт нь 41 хувьтай. Зээлийн муу ангилал нь 108 тэрбум төгрөгт хүрсэн байна. 254 тэрбум төгрөгийн авлага дээрээ тооцоо нийлээгүй байна.
Мөн Боловсролын зээлийн санд зээлийн эргэн төлөлт 20 хувьтай байна гэх мэт сангуудын зарцуулалт, эргэн төлөлт хангалтгүй үнэлэгдсэн асуудлууд бий.
Иймд цаашид сан байгуулах болбол хугацаа, зээлийн хязгаар, зориулалтыг нь илүү тодорхой болгож, хяналтыг сайжруулах шаардлагатай байна. Мөн бүх мэдээлэл нь ил тод байж, хэнд яаж зээл олгосон нь тодорхой байх хэрэгтэй. Зээл авчхаад өгөхгүй гэж гүрийдэг ширэн нүүртнүүдээс авлагаа авч чадахгүй байгаа бол Хөгжлийн банкны асуудлаар сонсгол зарласан шиг ажлыг эхлүүлж, бүх булхайг нь дэлгэх ёстойг ард түмэн шаардаж байна.