Бид энэ удаа VELOO санг үүсгэн байгуулагч Канад улсын иргэн Julie Veloo-тэй ярилцлаа. Түүний хувьд арав гаруй жилийн өмнө монголд ирж, Улаанчулуутын хогийн цэг дээр хүүхдүүд тоглож, даарч, зарим нь гутал шатаан дулаацаж байхыг хараад, хүүхдээ мартсан Монгол Улсын Засгийн газарт уур хүрч, тэдэнд заавал туслах хэрэгтэй гэсэн сэтгэл өвөртлөн цэцэрлэг байгуулж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн тэд тун удахгүй дэлхийд байхгүй гайхалтай цэцэрлэг барьж, хүүхдүүдэд боломж олгон амьдралын сайхныг мэдрүүлэх зорилготой тухайгаа хэлсэн юм.
-Ярилцлагын санал хүлээн авсан танд баярлалаа. Манай үзэгчдэд өөрийнхөө тухай яриач?
-Намайг Julie Veloo гэдэг. Би монголд амьдардаг Канад хүн байна аа. Улаанчулуутын хогийн цэг орчмын хүүхдүүдэд тусалж байгаа гэж ойлгож болно. Би нөхөртэйгээ бараг л арван жилийн өмнө ирж байсан юм. Анх ирэхдээ ийм ажил хийнэ гэж огт бодоогүй. Ирчхээд Улаанчулуутын хогийн цэг рүү явсан нь миний өнөөдрийн амьдралын чигийг тодорхойлсон гэж боддог. Тэнд байдаг хүүхдүүдийн амьдрал маш хэцүү байсан. Хэн ч тэдэнд туслаагүй байсан нь миний хамгийн том эмзэглэл. Би тэр хавьд ямар ч цэцэрлэг байхгүйг анзаарч, байгуулмаар санагдсан юм. Бяцхан хүүхдүүдтэй уулзахад, тэд маш хүйтэн газарт амьдарч байсан. Гэрт нь гал түлэх зүйл юу ч байгаагүй. Тэр үед дөн өвлийн хоёрдугаар сар байсан. -25 хэмийн хүйтэнд жаахан, жаахан хүүхдүүд гэртээ газраар, хөл нүцгэн шахуу байж байсан. Ингээд жижигхэн гэр цэцэрлэг барья гэж бодсон юм.
Тухайн үед миний уур маш их хүрч байсан. Яагаад гэвэл Монгол Улсын Засгийн газар хүүхдүүдийн төлөө юу ч хийгээгүй. Тэнд хүүхдүүд тийм амьдралаар амьдарч буйг мэдээ ч үгүй байсан. Хүүхдүүдийг аюулгүй, тав тухтай орчинд амьдруулах үүрэг улс төрчдөд бий шүү дээ. Тэдний хийх ёстой ажил байсан. Би эхлээд хүүхдүүдийг дулаан газар байлгах ёстой л гэж бодсон. Ингээд гэр цэцэрлэг байгуулж байлаа. Үүний дараагаар бидэнд боломж олдож 400 м.кв том байшинд цэцэрлэгийн үйл ажиллагаагаа явуулсан. Одоо арван жил болж байна. Тэнд амьдардаг хүмүүс яг хотын төвд амьдардаг хүмүүс шиг боломжтой нөхцөлд ажиллаж, сурч, амьдраасай л гэж хүсдэг.
-Миний хувьд хоёр жилийн өмнө Улаанчулуутын хогийн цэг дээр очиж сурвалжилга бэлдэж байсан. Анх очоод би, “Ийм амьдрал байдаг гэж үү” гээд үнэхээр цочирдож байсан л даа. Танд юу бодогдсон бэ?
Улаанчулуутад очоод мөн л шоконд орсон. Би Канад хүн. Канадад их хүйтэн. Тиймээс би хүйтний талаар жаахан ойлгодог. Хэцүүг нь мэддэг гэсэн үг л дээ. Анхны өдөр нэг залуутай Улаанчулуутаар явж байснаа санадаг. Гал түлээгүй айл их байсан. Яагаад гэхээр тэдэнд мод байгаагүй. Тэр хүмүүс хогноос гал түлэх зүйлээ олох ёстой байсан юм. Зарим айл гутал шатааж байсан. Модны саван дотор ямар ч мод байхгүй мөртөө гутал байсан. Гутал шатаагаад л маш хортой байгаа биз. Энэ бүхэн миний зүрхийг үнэхээр өвтгөсөн. Маш олон жаахан, жаахан хүүхдүүд хогон дээр тоглож байсан. Тэр хүүхдүүд өөр амьдрал байдаг гэж мэдээгүй. Амьдрал ийм байдаг л гэж тэд бодно шүү дээ. Энд маш том алдаа байна. Хүүхдүүд нийгмийн золиос байх ёсгүй.
Миний гэр бүл маш ядуу байсан. Гэхдээ ийм ядуу биш. Би өмнө нь ерөөсөө ийм амьдрал харж байгаагүй. Тийм зүйлийг хараад миний зүрх шархалсан. Маш их санаа зовсон. Ийм жаахан хүүхдүүдийн толгой дээр яагаад ийм хүнд амьдрал байна вэ гэж гомдсон. Ингээд би нэг зүйл хийх ёстой л гэж бодсон доо.
-Таны хийсэн ажил багагүй үр дүнг дагуулсан байх. Та сэтгэл хангалуун байдаг уу?
-Анх цэцэрлэгээ байгуулахад хогийн цэг дээр маш олон хүүхэд байсан талаар сая хэллээ. Одоо нэг ч бяцхан хүүхэд тэнд байдаггүй. Үүнийг хараад би их баярлаж байгаа. Энэ олон жил ажиллахдаа би нэг гоё зүйл харсан. Хүмүүст боломж олговол тэд өөрсдөө ажиллаж амьдралаа өөрчилж чаддаг юм билээ. Илүү их өөрсдийгөө дайчилж хичээдэг гэсэн үг. Тэр хүмүүс яг над шиг, яг тан шиг л байгаа. Тэдэнд жаахан л дэмжлэг хэрэгтэй. Хүн бүр л адилхан.
-Цэцэрлэгийнхээ байрыг шинэчлэх гэж байгаа юм билээ. Энэ талаараа яриач?
-Эдгээр хүүхдүүдэд хүн бүр тусалмаар байна. Тэд тэнэг биш. Тэд бол зүгээр хүүхдүүд. Би маш их бодсон. Хийх ёстой зөв зүйл нь юу вэ гэж. Юу хийх вэ, яах вэ гээд бодоод л байсан. Тэгээд бага багаар хүмүүстэй ярьж шинэ цэцэрлэг барихаар болсон юм. Ингэхдээ зүгээр хоёр давхар улсын цэцэрлэгийн стандартаар барихгүй. Илүү гоё, сайхныг нь баримаар байна. Шинэ цэцэрлэгт маань гэр хороолол руу харсан ямар ч цонх байхгүй. Хүүхдүүд зөвхөн сайхныг харж яг диваажин шиг газарт сурна. Ингэвэл тэд дэлхийг, амьдралыг сайхнаар харна шүү дээ. Бидний барих гэж байгаа шиг цэцэрлэг монголд, бүр дэлхийд байхгүй гэж бодож байна.
Хүмүүс надаас, “яагаад ийм гоё цэцэрдэг гэр хороололд барих юм бэ?, Тэр мөнгөөр та 20-ийг барьж болно” гэдэг. Би номын сангаа барьсны дараа маш олон зүйлийг анзаарсан. Гоё зүйл хийвэл, энд байгаа хүмүүс өөрсдийгөө хүн гэж мэдэрнэ. Тэд бол ядуу хүмүүс биш, зүгээр л хүмүүс.
-Энэ бүх зорилгодоо хүрэхэд мөнгө л хэрэгтэй байгаа байх. Тийм үү?
-Надад мөнгө хэрэгтэй . Яг үнэндээ маш олон компани бидэнд тусалж байгаа. Манай архитектур цалингүй ажиллаж байгаа. Хийж буй ажлаа бид ярьж танилцуулбал илүү олон хүн бидэнд тусална гэж найдсан юм. “Та нар хаанаас санхүүжилт авдаг вэ” гэж асууж болно. Бидний бүх хөрөнгө оруулалт хандиваар бий болдог. Хандиваар гэр ч авч байсан. Надад хамгийн чухал зүйл бол, хүүхдүүдэд өгсөн боловсрол тэдэнд боломжийн үүд хаалгыг нээх явдал. Хүмүүс “Жулиа та сайн ажил хийдэг, мундаг байна” гээд л хэлдэг. Энэ нь мэдээж гоё. Гэхдээ надад чухал биш. Хүмүүс намайг сайн хүн гэж бодож байгаа бол, өөрсдөө ч бас сайн хүн байхыг хичээгээрэй гэж хэлмээр байна.
-Хийж байгаа бүх зүйлд нь баярлалаа. Танд амжилт хүсье.