Дэлхий даяар жилд 2.12 тэрбум тонн буюу секундэд 68 тонн хог хаягдал гарч байна. Харин Монгол улсын хувьд жилд 3,4 сая тонн хог хаягдал буюу нэг секундэд 107 кг хог үүсдэг гээд уншигч та бодоод үз дээ. Нэг хүн өдөрт дунджаар хоёр кг хог хаягдлыг үйлдвэрлэгч болж байна. Гэтэл Монгол улс хог хаягдлынхаа 50 гаруй хувийг дахин боловсруулах боломжтой ч өнөөдрийн байдлаар 3-4 хувийг дахин боловсруулж байна.
Монгол хүний сэтгэлгээнд байгаль орчинтойгоо зүй зохистой харилцах, байгальд хор хөнөөлтэй аливаа үйлээс цээрлэх талаар энэ эртнээс зааж сургасан байдаг. Иргэн бүр байгаль хамгаалагч байх сэтгэхүй бидэнд хэрэгтэй байна.
Хог хаягдлыг дахин боловсруулах, багасгах, чанартай хэрэглээг бий болгох зорилготой “Монголын тогтвортой хөгжлийн гүүр” ТББ санаачилга гарган Европын холбооны Свич-Эйжиа хөтөлбөрийн санхүүжилттэйгээр “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн хүрээнд хийгдэж буй ажлын нэг болох WastEvolution буюу “Хогны хувьсал” арга хэмжээг дөрөвдүгээр сарын 20-нд Явуухулангийн цэцэрлэгт зохион байгуулсан юм. “Монголын тогтвортой хөгжлийн гүүр” ТББ нь хог хаягдлын эсрэг Сөх, олон нийт, залуучууд, хүүхдүүдэд зориулсан нөлөөллийн ажлуудыг хийгээд удаж буй байгууллага юм.
“Хогны хувьсал” 2023 үзэсгэлэнд эх дэлхийдээ ээлтэй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд, уран бүтээлчид, байгаль хамгааллын иргэний нийгмийн байгууллага, эко клуб, цагаан хоолны үйлчилгээ эрхлэгч, хувцас дахин ашиглах, боловсруулах үйлдвэрлэгчид оролцлоо. Тэд бүгд байгаль эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буй хүмүүс билээ. Харин иргэдийн зүгээс энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын 150,000 хүн амд нөлөөллийн ажил хийх мөн Их нарангийн хогийн цэг дээр хог ангилан ялгах үйлдвэр барих төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаа юм.
Монголын тогтвортой хөгжлийн гүүр ТББ-ын захирал Д.Өлзийбилэг:
Өнөөдрийн үзэсгэлэн нь хамгийн гол нь олон нийт хог хаягдлын сэдэвт оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх юм. Түүнээс гадна иргэдэд хог хаягдлыг хэрхэн бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах , хэрхэн сэргээн ашиглах, засварлах зэрэг боломжийг олон нийтэд таниулах зорилгоор нийт 30 гаруй төрлийн байгууллагууд оролцож байна. Яг ямар оролцогч байгууллагууд байгааг удахгүй та нар маань танилцаад мэдэх байх. Хамгийн товчхондоо хэлэхэд сургуулиудын эко клубууд, иргэний нийгмийн байгууллагууд, хог хаягдал мөн дахиварыг ашиглан хөгжмийн зэмсэг бүтээж байгаа залуус, уран бүтээлчид, урлагийн салбарынхныгаа бид татан оролцуулаад янз бүрийн шинэ сэдэв, сэдэл бүхий сонирхолтой байдлаар үзүүлэхийг хичээж зорьсон байгаа.
Үзэсгэлэнд оролцсон зарим үйлдвэр эрхлэгчид
Амар живх: Гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа эрхэлж буй хаягдлыг ашиглан хүүхдийн живх, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл болон нүүрний хөвөн зэрэг олноороо хаягддаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч юм. Живхний хувьд 3-15 кг хүртэл өмсөх боломжтой. Хоёр шингээгч даавуу хамт дагалддаг. Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл нь өдөр тутмаас эхлээд 29,24,21 см урттай хэрэглэлүүд байдаг ажээ. Энэ төрлийн олноороо хаягдаж, байгальд хор хөнөөл учруулдаг бүтээгдэхүүн нь дахин, дахин хэрэглэх боломжтойгоорооо давуу талтай.
Аргалын цаас төслийн хамт олон: Ердөө хуучин хувцас болон аргалыг ашиглан “цаас” үйлдвэрлэдэг төслийн багийн зүгээс ийнхүү үйлдвэрлэсэн цаасыг A4 бага хэмжээтэй үйлдвэрлэл, нэрийн хуудас, шошго зэргийг хэвлэхэд ашиглах боломжтой гэсэн юм.
Зеро Вест гоо сайхны үйлдвэрлэл эрхлэгч Т.Болортуяа:
Хэрхэн хог хаягалгүй гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ гэдэг нь тэргүүлэх асуудал. Дэлхий дээрх гоо сайхны бүтээгдэхүүний савны нэг хувийг л ахин хэрэглэдэг. Гэтэл энэ нь маш их хаягдлыг үүсгэнэ. Тиймээс зеро вест гоо сайхны бүтээгдэхүүн нь орц найрлага баглаа савнаасаа эхлээд л хэрхэн байгальд ээлтэй байх вэ гэдгээ бодож үйлдвэрлэдгээрээ тренд болж байна.
“Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой хөгжлийг хангах” төслийн хүрээнд “Каритас Чех Репаблик” олон улсын байгууллагын захиалгаар “Монгол улс дахь дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа”-ны үр дүнг танилцуулья. 2016 оны байдлаар Монгол улс нэг хүнд ноогдох хуванцар хаягдлын хэмжээгээр дэлхийн ТОП 10 улсын 9-р дугаарт жагссан нь хог хаягдлын менежментийг сайжруулах, хаягдлыг бууруулах, дахин боловсруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд үр дүнтэй арга хэмжээ авах шаардлага тулгарч байгааг илтгэнэ.
2019 оны байдлаар манай улсад нийт 355.4 тэрбум төгрөгийн хуванцар бараа, материал импортоор орж ирсэн байна. Нийт импортын 2/3 хэсэг нь БНХАУ-аас, үлдсэн нь БНСУ, ОХУ, АНУ, Австрали, ХБНГУ зэрэг 80 гаруй улсаас гарал, үүсэлтэй байна. Гэтэл өрхийн иргэдэд хуванцар хог хаягдлын мэдээлэл хангалтгүй байна. Иргэдийн 61.3 хувь нь огт мэдээлэлгүй байгаа юм. Судалгааны үр дүнгээр сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын өөрчлөлт, хог хаягдлыг дахин боловсруулах, зохистой зөв хэрэглээг өрхийн түвшинд бий болгохтой холбоотойгоор хогоо ангилан ялгах, дахивар хүлээн авах цэгт хүүхдүүд биечлэн дахивраа тушаах үйл ажиллагаа иргэдийн санаачилгатай хийгдэж байгаа нь ихээхэн үр дүнтэй байгааг онцолжээ.