Үндэсний статистикийн хорооны мэдээлж буйгаар Монгол улсад ажилгүй 90 мянга гаруй иргэн байгаа. Үүний дийлэнх нь дээд боловсролтой хүмүүс байгаа юм. Ажилгүйдлийн түвшин өндөр байгаа шалтгаан нь халамжийн бодлогоос үүдэлтэй. Нөгөөтээгүүр залуучууд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хандлагыг харуулж байна.
Энэ талаар Хүн ам нийгмийн статистикийн газрын статистикч Н.Болорчимэг,
“Улсын хэмжээнд 90.9 мянган ажилгүй иргэд байгаа гэсэн үзүүлэлт гарсан байна. Үүний 52.8 хувь нь эрэгтэй. 47.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд 20-39 насны залуучууд 57.8 хувийг эзэлж байгаа. Техник болон мэргэжлийн боловсролын түвшнээс дээшээ буюу боловсролтой ажилгүйчүүд манайд зонхилж байна. Өмнөх ажлаасаа гарсан шалтгааныг манайх судалгаагаар гаргадаг. Түүгээр 60 гаруй мянган хүн өмнө нь ажил хийж байгаад ажилгүй болсон. Тэдний дийлэнх нь өөрийн сонирхлоор ажлаасаа гарсан байна. Мөн орон тооны цомхтголд орсон хүмүүс их хувийг эзэлж байна. Дэлхийн жишигт боловсролгүй хүмүүс ажилгүйдэлд өртдөг бол манайд эсрэгээрээ бакалаврын түвшин, түүнээс дээш боловсролтой хүмүүс ажилгүйдэлд өртөж байна. Үүнийг цааш цаашдын бодлого хөтөлбөрүүдэд анхаарах ёстой зүйлийн нэг болоод байна.
Үүнийг нэг талаараа боловсролын чанартай холбоотой гэж авч үзэж болно. Нөгөө талаас боловсролын эрэлт хэрэгцээ маань нийлүүлэлттэйгээ нийцэхгүй байгаагийн илрэл. Нийгмийн халамжийн бодлого манайд ихдээд байна уу даа гэж харагддаг. Судалгаагаар явж байхад нэг айлд хүүхдийн мөнгө авдаг. Тэжээгчээ алдсан тэтгэмж авдаг. Ажил хийснээс илүү нийгмийн халамж нэг өрх дээр очиж байх жишээтэй. Тэднээс ажил хийх хүсэлтэй юу гэж асуухад, хүсэлгүй, энэ мөнгөөрөө болоод байдаг гэсэн хариулт өгч байгаа юм. Тэгэхээр эмзэг бүлгийн хүмүүсийг ямар зарчмаар сонгох вэ гэдэг асуудал дээр ул суурьтай хандах нь зөв болов уу гэж бодож байна” гэлээ.
Харин Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтэн Х.Аззаяа,
“2021 оны 11 дүгээр сарын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 16721 байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10 хувь буурсан үзүүлэлттэй. Ажил хайгч иргэдийн тоо 24903 байна. Энэ нь өмнөх оноос 19.4 хувь буурсан үзүүлэлттэй байна. Ажлын байрны ашиглалтын хувьд авч үзвэл 55 хувь нь ажилд зуучлагдсан байдаг. Ажлын байранд бүртгүүлэх нь маш муу байгаа. Учир нь манай залуучууд ажил хайх хүсэлгүй байгаа юм. Өмнөх жил бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 40-50 мянга байдаг байлаа. Жилээс жилд л буураад байна. Цар тахалтай холбоотой хөдөлмөрийн зах зээлийн ихэнх үзүүлэлтүүд буурсан” гэв.