Бид энэ удаад “Монгол” УСК-ны гол дүр болох Сэрчмаагийн дүрээр олонд танигдаж буй загвар өмсөгч Т.Солонго-Уянгатай ярилцлаа. Түүний хувь их сургуулиа ОХУ-д санхүүч мэргэжлээр дүүргэж, Англи улсын Лондон хотод загвар өмсөгчөөр ажиллаж байжээ. Монголдоо амрахаар ирсэн түүнд “Монгол” УСК-ны продюсер С.Уран киноны санал тавьснаар анхны кинондоо амжилттай тоглож, үзэгчдээс эерэг сэтгэгдлүүд хүртээд буй залуу уран бүтээлч юм. Бид түүнтэй амьдралыг үзэх үзэл, амьдралдаа баримталдаг зарчим, хайрын тухай яриа өрнүүллээ.
Т.Солонго-Уянга 2018 оноос моделиор ажиллаж эхэлжээ. Хамгийн анх 2014 оны сүүл 2015 оны эхээр моделийн дугуйланд хамрагдаж, сууриа тавьж, ОХУ-д хичээлийнхээ хажуугаар моделиор ажилладаг байсан аж.
Тэрээр “Би маш зарчимч хүн. Яг хийнэ гэж хэлсэн бол хийдэг. Тэдэнд цагт уулзана гэж хэлсэн бол тэр цагтаа ирдэг. Өдөр бүр бага багаар өсөн дэвжихийг хичээдэг. Учир нь хүн нэг газраа зогсоод, нэг л зүйлийг хийгээд “Одоо болно” гээд бодчихвол тэр хэмжээндээ, хайрцаглагдаж үлдэнэ. Хүн нэг өглөө босоод л шууд сайн хүн болохгүй. Нэг өглөө босоод л залхуу байхаа болихгүй. Үүнийг л сайн ойлгохыг хичээдэг. Өдөр өдрөөр, бага багаар ямар нэг байдлаар заавал өчигдөр байсан “Би”-ээсээ хувь хүн тасаасаа ч, ажил төрлөөрөө ч ахихыг эрмэлздэг. Түүнийгээ өөртөө байнга сануулдаг” гэв.
ХҮМҮҮСИЙН ХЭЛСЭН САЙХАН ҮГЭЭР ӨӨРИЙГӨӨ ЗОРИГЖУУЛЖ, ЭРЧ ХҮЧ АВДАГ
Тэр ном унших дуртай. Багаасаа л тоо бодож, ном уншиж, хийх ёстой зүйлээ яс хийдэг хариуцлагатай нэгэн байжээ. Хүмүүсийн хэлсэн гоё үгс ч унших дуртай. Уншаад, тэднээс суралцах нь түүнд таалагддаг байна. Тэрээр "Хүмүүс надап их гоё үгс хэлдэг. Жишээлбэл “Би чиний энергид дуртай. Чи их гоё энергитэй” зэрэг хүний надад хэлсэн жижигхэн зүйлийг ч мартахгүй гээд тэмдэглэж авдаг. Надад ямар нэг хэцүү зүйл тохиолдох эсвэл жаахан сэтгэлээр унасан үедээ түүнийгээ уншаад, цаанаасаа инээмсэглэл тодорч “Би энэ хүнд ийм сэтгэгдэл төрүүлж байсан байна. Надад ийм чанар байдаг юм байна” гэж өөрийгөө зоригжуулж, эрч хүч авдаг” гэсэн юм.
Т.Солонго-Уянга амьдралыг бидэнд өгсөн бэлэг гэж хардаг тухайгаа хуваалцсан юм. Бид ямар нэгэн нөхцөл байдлыг яаж харна, тухайн нөхцөл байдал нь яг л тийм болоод хувирчихдаг. Бодлоороо өөрсдийгөө хайрцаглаж, захирах гээд байдаг. Хэн юу туулж явааг хэн ч мэдэхгүй. Хэрвээ ямар нэгэн хэцүү зүйл тулгарах, таагүй мэдрэмж авсан үе байвал аль болох тайван байж, түүнийгээ цааш нь лавшруулж бодохгүйгээр яг бодитоор нь харж, хүлээж авах хэрэгтэй гэж тэр боддог.
АМЬДРАЛ БЭЛЭГЛЭСЭН ЭЭЖДЭЭ Л ТАЛАРХАЖ, ЗАЛБИРДАГ
Түүний амьдралд тааралдсан хамгийн их талархаж явдаг хүн бол түүний ээж. Тэрээр ээжийнхээ тухай “Намайг барьж чаддаг хүн юм болов уу. Ямар ч үед шүүмжлэхгүйгээр тайлбарлаж, намайг хэтэрхий хөөрсөн үед элгэндээ барьж байдаг.
Би өмнө нь “Амьдрал бол бэлэг гэж хардаг” гэж хэлж байсан. Түүнийг надад өгсөн хүн бол миний ээж.
Миний ээж надад “Сэтгэлээ амар байлга” гэж хэлдэг. “Юу ч хийсэн чиний сэтгэл амар, тайван байх хэрэгтэй. Сэтгэлийг чинь зовоосон ямар нэгэн зүйл тохиолдож, шийдэж чадахгүй нөхцөл гарвал сэтгэлээ амар байлга, өөрийгөө сонс” гэж хэлдэг” гэсэн юм.
“ХАЙР” ГЭДЭГ ҮГИЙН УТГА УЧИР, ҮНЭ ЦЭНИЙГ ТУЛТАЛ МЭДЭРЧ ХАЙРЛААРАЙ
Тэрээр “Амьдралын чухал зүйлсийн нэг бол хайр. Бүх зүйлийн хайр. Найзуудын хайр, гэр бүлийн хайр, ах, эгч, дүү, энэ агшныг хайрлаж байгаа хайр хүртэл маш чухал зүйл. Хүн ямар хэмжээгээр хайрлана, тэр хэмжээгээрээ буцаагаад хайрыг хүлээж авч, мэдэрдэг юм шиг санагддаг.
Өнөөгийн нийгмийг харахад, хүмүүсийн хайртай гэдэг үгийн үнэ цэнийг мартчихсан юм болов уу гэмээр үйлдлүүд гарч байгааг бид харж байна. Жишээлбэл, нэгнээ хуурдаг, хэсэг хугацаанд ямар нэг асуудал гарахад больчихдог ч юм уу. Ямар нэг байдлаар хайртай гэсэн мөртлөө тэр үгийнхээ утга учир, үнэ цэнийг тултал нь зүрхэндээ мэдрэхгүйгээр сэтгэл хөдлөлөөрөө ч юм уу амнаасаа урсгачихдаг болсон юм болов уу гэж хардаг. Гэхдээ өнгөрсөн үед ямар байсан бэ гээд бодоход “Монгол” кинонд гарч байгаа Сэрчмаагийн дүрээс харж болно. Тухайн кинонд орчин үеийн хайрлах аргаас арай өөрөөр, эсрэгээр нь гардаг. Үзэгчид маань ч анзаарсан байсан. Зарим сэтгэгдлийг харахад “Хайртай шүү гэдэг үг ороогүй хайрыг харуулж чадсан” гээд.
Сэрчмаагийн хайр Монголыг хамгаалмаар байна, хайрламаар байна. Тэр хүнийг амьдруулмаар байна. Тэр хүний л төлөө зүрх нь цохилж байгаагаар гарч байгаа. Үнэхээр чин сэтгэлийн хайрыг гаргаж ирсэн. Гэхдээ хэлсэнчлэн “Хайртай шүү” гэдэг үггүйгээр. Хийж байгаа үйлдлээрээ гэсэн үг юм болов уу. Харин Т.Солонго-Уянга гэдэг хүн одоохондоо хайраа олоогүй байна. Тэр ч утгаараа болов уу хайрыг тодорхойлж чадахгүй юм” гэж өөрийн бүтээсэн дүр, хувь хүнийхээ хайрыг үзэх үзлийн талаар хуваалцсан юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.