Монголын боловсролын салбарт өөрийн гэсэн орон зай, сургалтын өвөрмөц арга барилыг хэдийнэ төлөвшүүлсэн шилдэг сургуулиудын нэг нь “Шинэ Монгол” технологийн коллеж.
Дэлхийд технологийн хөгжлөөр тэргүүлэгч Япон улсын хөгжлийн гол тулгуур болсон “Коосэн” технологийн коллежийн сургалтын хөтөлбөрийг Монголд анх удаа нэвтрүүлсэн тус коллеж “Өөрийн гараар улсаа бүтээнэ” гэсэн уриан дор үйл ажиллагаа явуулдаг.
2014 онд байгуулагдсан “Шинэ Монгол” технологийн коллеж өдгөө дөрвөн үеийн 160 орчим инженер бэлтгэн гаргаад байна. Тэдний 20 хувь Японы технологийн компаниудаас ажлын санал авч, 25 хувь нь Японы болон Европын их дээд сургуульд дэвшин суралцаад байгаа юм.
Есдүгээр анги төгссөн сурагчдыг элсүүлэн, таван жилийн хугацаанд ахлах сургууль болон инженерийн боловсролыг зэрэг эзэмшүүлдэг нь “Шинэ Монгол” коллежийн гол онцлог. Мөн орчин үеийн үйлдвэрлэлийн технологийг эзэмшсэн, Монгол Улсынхаа хөгжлийг нуруундаа үүрэх хэмжээний инженер бэлтгэх нь “Шинэ Монгол” технологийн коллежийн эрхэм зорилго.
Л.ЦЭНДСҮРЭН: МАНАЙ СУРГУУЛИЙГ ТӨГСӨГЧДИЙН 25 ХУВЬ НЬ ЯПОНЫ ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДАД АЖИЛД ОРДОГ
“Шинэ Монгол” технологийн коллежийн Гүйцэтгэх захирал Л.Цэндсүрэн “Манай сургуульд одоо 500 гаруй оюутан суралцаж байгаа. Манайх инженер бэлтгэх, бүтээх ухаанд суралцсан боловсон хүчнийг бэлтгэх хамгийн чухал боловсролын байгууллага.
Оюутнууд маань 15 настайгаасаа эхлүүлээд Япон, англи хэлний хичээлээс гадна мэргэжлийн хичээлийн хөтөлбөрүүдийг үздэг. Мөн хувь хүний ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг олон цагаар үзэж хичээллэдэг.
Манайх “Sakura Sciеnce” хөтөлбөртэй, Японы маш олон сургуультай хамтын ажиллагаатай. Оюутан солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Төгсөөд Японы технологийн компаниудад ажилд орж буй оюутнууд манай төгсөгчдийн 25 хувийг эзэлдэг. Сургуульд дэвшин суралцаад бакалаврын түвшиндээ сурч буй оюутнууд 20-30 хувийг эзэлж байна. Монголдоо ч мөн ажлын байран дээр тогтмол гардаг ийм онцлогтой хөтөлбөр. Японы болон Монголын олон компаниас хамтарч ажиллах хүсэлт бидэнд ирсээр байна.
Манай сургууль Япон улстай маш олон талаар хамтын ажиллагаатай байдаг. Үүний хүрээнд томоохон тэмцээн, уралдаанд оюутнуудаа амжилт хүргэхийг зорьж байгаа. Манай сургууль өнгөрсөн жил шинээр компьютерын ухааны хөтөлбөр нээсэн. Оюутнууд маань Японы коосэн сургуулиудын дунд зохиогддог томоохон тэмцээн, уралдаануудад маш амжилттай оролцож байгаа. Эдгээрийнхээ цар хүрээг улам тэлж, оюутнуудынхаа боломжийг их өргөжүүлье гэж зорьж байна.
Инженерийг нийгмийн эмч гэж хэлдэг. Яг ийм хүн болъё, ирээдүйд Монгол Улсаа хөгжүүлье, сайн сайхан амьдаръя гэж бодож байгаа бол “Шинэ Монгол” коосэнг зориорой гэж хүсмээр байна” гэлээ.
“ШИНЭ МОНГОЛ” КОЛЛЕЖИЙН ТЭНХИМҮҮД ЯМАР ОНЦЛОГТОЙ ВЭ
“Шинэ Монгол” технологийн коллеж компьютерын ухааны, механик инженерийн, барилга, дэд бүтцийн, химийн инженерийн, цахилгаан электроникийн инженерийн гэсэн таван тэнхимтэй.
“Шинэ Монгол” технологийн коллеж компьютерын ухааны, механик инженерийн, барилга, дэд бүтцийн, химийн инженерийн, цахилгаан электроникийн инженерийн гэсэн таван тэнхимтэй.
Компьютерын ухааны тэнхим нь программ хангамжийг зохиомжилж, бүтээж, хэрэгжүүлж, компьютерын ухааны онолын суурь мэдлэгийг олгон, мэргэшсэн инженерүүдийг бэлтгэдэг.Туршилт болон судалгааны ажлуудыг симуляц, бодит орчны программ хангамж ашиглан гүйцэтгэдэг. Чадварлаг төгсөгч бэлтгэхийн тул DCON, PROCON зэрэг дотоодын болон олон улсын мэргэжлийн тэмцээн, уралдаан, олимпиадуудад идэвхтэй оролцон авьяас чадвараа хөгжүүлэх боломжийг бүрдүүлжээ.
-Механик инженерийн тэнхим нь материалын шинж чанарыг зөв таниж мэдэн, зураг төсөл, тооцоог боловсруулж, механик эд анги, системийг боловсруулах технологийг бүрэн эзэмшсэн инженерийг бэлтгэдэг. Тус тэнхим нь боловсруулалт, туршилтын болон модны лабораторид туршилт, дадлагын хичээлээ ордог. Оюутнуудынхаа мэргэжлийн чадварыг нэмэгдүүлэх, багаар ажиллах чадвартай, бүтээлч инженер бэлтгэх зорилгоор Нисэх загвар, Робокон клубийг хичээллүүлэн, тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцож байна.
-Барилга дэд бүтцийн инженерийн тэнхимийн төгсөгч нь барилгын инженер, архитектор, зам гүүрийн инженерийн хосолсон мэдлэг ур чадварыг эзэмшин төгсдөгөөрөө давуу талтай. Япон улсад танилцах болон мэргэжлийн дадлагаа хийх, мэргэжлээрээ ажиллах, дэвшин суралцах боломж өргөн нээлттэй байдгаараа онцлогтой.
Япон улсад жил бүр зохиогддог Дизакон тэмцээнд “Шинэ Монгол” коллежийн оюутнууд өөрсдийн бүтээсэн гүүрээр 2017 оноос хойш амжилттай оролцож байна.
-Химийн инженерийн тэнхим нь химийн инженерчлэл, био инженерчлэл, материал судлалын мэргэжлийн агуулга бүхий хөрвөх чадвар сайтай хөтөлбөрөөр чанартай инженер, төгсөгчдийг бэлтгэн гаргадаг “Шинэ Монгол” коллежийн төгсөгчид одоогоор Япон улсын Нагаока болон Тоёохашигийн их сургуульд дэвшин суралцахаас гадна Finechem, DIC зэрэг компаниудад мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна.
-Цахилгаан электроник инженерийн тэнхим нь цахилгаан эрчим хүч, электроник, мэдээллийн технологийн үндэс суурь, түүний хэрэглээг сурч эзэмшиж, аж үйлдвэр, нийгмийн хэрэгцээг хангахуйц цахилгаан, электроник, робот технологи, мэдээллийн систем болон бүтээгдэхүүнийг ашиглах, зохион бүтээх чадвартай инженер бэлтгэн гаргадаг. Оюутнуудынхаа ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд дотоодын болон олон улсын Кансат, Шугам дагагч робот, Робокон болон Улсын Электроник, Цахилгаан техникийн олимпиадуудад амжилттай оролцож байна.
Т.НАМУУНЗУЛ: СУРЧ БАЙХ ХУГАЦААНДАА ӨӨРИЙН ГЭСЭН БҮТЭЭЛТЭЙ, ОРЛОГОТОЙ БОЛОХ БОЛОМЖТОЙ
“Шинэ Монгол” технологийн коллежийн гуравдугаар курсийн оюутан Т.Намуунзул “Манай сургууль хичээлээ ерөнхий эрдэм болон мэргэжлийн хичээл гэсэн хоёр хөтөлбөрөөр заадаг. Ерөнхий эрдмийн хичээлийн мэдлэг дээрээ тулгуурлан практик буюу мэргэжилтэйгээ холбон хэрхэн ашиглах талаар суралцдаг. Ингэснээр мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгоход ихээхэн дэм болдог. Мэргэжлийн хичээлийг хоёрдугаар курсээс ордог. Энэ үеэс эхлэн би олон төрлийн хэлбэр, хэмжээтэй лаанууд, манай ангийнхан гарын саван, гарын тос, ваннын бөмбөлөг гэх мэт зүйлийг хийж эхэлсэн.
Манай сургуульд бизнес судлалын хичээл үздэг. Үүгээрээ дамжуулан хийсэн бүтээлийнхээ нэр, төрлийг нэмэх, хэрэглэгчдийн хүсэл, сонирхолд нийцүүлэх, тухайн бүтээгдэхүүнээ худалдан борлуулж, өөрийн гэсэн орлоготой болох зэрэг сурсан хичээлээ амьдрал дээр ашиглах боломжтой. Энэ нь үеийнхнээсээ нэг алхам түрүүлж алхах боломж бидэнд олгодог. Ингэснээр би өөрийгөө зөв сургуулиа сонгосон гэдэгтээ итгэлтэй байдаг.
Г.ТЭМҮҮЛЭН: КАРЬЕР ХӨГЖЛИЙН ТӨВ ОЮУТНУУДАД ТОМ БОЛОМЖ ОЛГОДОГ
“Шинэ Монгол” технологийн коллежийн тавдугаар курсийн оюутан Ч.Тэмүүлэн “Би бусад оюутны адил дунд сургуулиа төгсөөд “Шинэ Монгол” коллежид орж ирсэн. Япон хэлийг тухайн үеэсээ судалж эхэлсэн. Манай сургуулийн онцлог, давуу талуудын нэг нь Карьер хөгжлийн төв. Карьер хөгжлийн төв тухайн оюутныг сурахаас өмнө маш олон төрлийн судалгаа авч, бэлддэг. Үүнийхээ үндсэн дээр төгссөнийхөө дараа ажиллая гэвэл ажлын байртай нь, сурах бол сургуультай нь холбож өгдөг. Үүгээрээ онцлогтой.
Би сургуулиа төгсөөд Японы их, дээд сургуулийн гуравдугаар курсээс үргэлжлүүлж дэвшин суралцах зорилготой байна. Үүндээ бэлдэж байгаа. Эцэст нь хэлэхэд, багш нартаа баярлалаа” гэлээ.
А.СҮХБОЛД: 20 НАСТАЙДАА ИНЖЕНЕР БОЛОХ НЬ НАДАД МАШ ИХ ТААЛАГДАГ
“Шинэ Монгол” технологийн коллежийн нэгдүгээр курсийн оюутан А.Сүхболд “Манай сургуулийн оюутнууд мэргэжлийн буюу инженерийн хичээлүүдийг цаг алдалгүй, есдүгээр ангиасаа үздэг. 20 настай залуу инженер болох нь надад маш их таалагддаг” гэв.