Өдгөө 80 насыг хамтдаа зооглож буй С.Цэдэндамба, С.Цэдэв ихрүүдийн амьдралын түүх, нэгнээ хайрлах сэтгэлийн талаар сурвалжиллаа. Хос заяа түших ховорхон тавилантай тэд өдгөө хамтдаа амьдарч, хаана л явсан хосоороо явдаг ажээ. Үр хүүхдүүд нь бүгд тэднийг "Аав минь" хэмээн дуудна. Бүх үрсээ ялгалгүй хайрлан энэрэх ихэр өвөө нарын ах нь С.Цэдэв харин дүү нь С.Цэдэндамба билээ.
Тэдний үед төрсний гэрчилгээ гэж байхгүй учраас С.Цэдэв гуайн төрсөн өдөр гуравдугаар сарын 18-нд харин С.Цэдэндамба өвөөгийн төрсөн өдөр нь гуравдугаар сарын 08-ны өдөр хэмээн бичиг баримт дээр нь бүртгэлтэй. Бид хавар төрсөн гэдгээ л мэддэг өөр зүйл огт мэдэхгүй учраас ингэж бүртгүүлсэн хэмээн инээмсэглэн ярих нь хайр хүрэм.
Ихэр өвөө нар 1944 оны хавар Дорнод аймгийн Баяндун суманд мэндэлсэн. Ээж нь төрөөд удаагүй байхдаа С.Цэдэндамба өвөөг нутгийнхаа нэгэн айлд үр болгон үрчлүүлээд С.Цэдэв өвөөг аван хөрш зэргэлдээх Баян-Уул сум руу нүүжээ.
Ийнхүү ихрүүд нялх үедээ биесээсээ холдон хоёр өөр амьдралд өсөн торнижээ. С.Цэдэндамба өвөөгийн үрчилж авсан ээж нь гуравхан настайд нь өөд болон аавтайгаа хамт халуунд халан хүйтэнд хөрөн явсан амьдралынхаа талаар дурсахдаа "Аавынхаа энгэрт тэврүүлээд овоохойдоо унтдаг байсан. Өргөж авсан аав минь надаас юугаа ч харамлахгүй. Хоосон хонохгүй, хоёр идэхгүй өдрүүд үргэлжилж байлаа. Би нэг удаа халуун усанд түлэгдэхэд, эмч домч гэж байхгүй учраас муу аав минь л намайг өргөөд, эмчлээд явна. Аавыгаа их л санадаг даа. Сургуулийн дотуур байранд нэгдүгээр ангиасаа амьдарч эхлээд байнга өлсөнө, даарна, цангана. Ингэж яваад нэг л мэдэхэд хүндээр өвдсөн юм даа"
Харин С.Цэдэв өвөө гуравдугаар ангид орох хүртэл ихэр дүүтэй гэдгээ огт мэдээгүй байсан гэдэг. Тэрбээр "Нэг өдөр ижий минь надад “Дүүгийнх нь бие муу байна гэнэ. Дүүг нь аваад ирье” гэж хэлээд морин тэргээ хөллөөд явсан. Эргээд ирэхдээ цав цагаан, жижигхэн хөөрхөн хүүхэд аваад ирлээ. Бид хоёр нэгнээ анх харах үедээ бие биетэйгээ адилхан гэдгээ ч сайн мэдээгүй. Аргагүй дээ, тэр үед толинд хардаг хүн ч ховор байсан юм шүү дээ. С.Цэдэндамба дүүгийн минь уушги нь муу, алхаж чаддаггүй ирсэн. Азаар манай нутгийн Эрээний тэргийн үйлдвэрт нэг сайн эмч байж таараад дүү минь сарын дотор эдгээд ирлээ. Тэр цагаас хойш хамтдаа тоглож өссөн дөө"
Тэднийг бага байхад нь ээж нь хүртэл андуурдаг байжээ. Энэ тухайгаа инээмсэглэн дурсахдаа: “Охидууд миний нуруун дээр цохиод авна. Яаж байгаа юм бол гээд гайхаад харахаар, өө биш байна гээд яваад өгнө”. "Ижий биднийг андуураад нэгийг минь хоёр удаа загнана. Бид хоёр ойлгодог учраас инээгээд л зогсоно доо", “Нэг хот айлын хүмүүс бас найзууд их андуурна. Огт танихгүй хүн ирээд ярихаар нь амыг нь дагуулж байгаад яаж салж явах вэ гэж боддог байж билээ”.
Гуравдугаар ангиасаа хойш хамтдаа өсөж торнисон ч 1969 онд С.Цэдэв өвөө Өмнөговь аймгийн Овоотын цэргийн ангид алба хаахаар явснаар тэдний залуу нас хоёр өөр газарт өрнөж эхлэжээ. С.Цэдэв гуай цэргийн алба хаасны дараа ангиас нь түүнийг улриаснаар үргэлжлүүлэн цэргийн ангидаа үлдсэн юм. С.Цэдэв өвөөгийн хувьд амралтаа аваад л нутаг руугаа ихэр дүү рүүгээ яарч очих нь хамгийн сайхан мөч байсан тухай хуваалцсан билээ. Ийнхүү түүнийг нэр төртэйгөөр тэтгэвэртээ гарах үед нь ангийн захиргаанаас нь “Дэд хурандаа” цолоор шагнасан хэдий ч түүнд хошууч цол тэмдгээ л зүүж явах нь сайхан санагддаг байв. С.Цэдэв өвөө Б.Байгаль гэргийнхээ хамтаар Улаанбаатар хотод амьдарсан ч зав л гарвал дүү рүүгээ утасдана.
Харин С.Цэдэндамба өвөө Баян-Уул сумандаа үлдэн, “Ононгийн тариа бригад"-ийн тракторчинаар ажлын гараагаа эхлэж байжээ. Удалгүй тариа бригадныхаа орлогч захирал, нягтлан, сумынхаа цахилгаанчнаар тус тус ажиллаж байлаа. Сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө тариан талбайд зүтгэсэн түүний 38 жилийн хөдөлмөрийг улс өндрөөр үнэлэж “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон медалиар шагнан урамшуулжээ. С.Цэдэндамба өвөө гэргий Янжмаатайгаа ханилан суугаад Баян-Уул сумандаа амьдарч долоон сайхан үрийнхээ аав, халамжит хань болсон юм. Түүний хайрт гэргий Янжмаа нь 2017 онд өөд болсны дараа Баян-Уул сумаасаа нүүж, Улаанбаатар хотод хүүхдүүдийнхээ дэргэд амьдрах болжээ.
С.Цэдэндамбын дунд охин Ц.Ганчимэг: Аав ажилдаа явахад нь гуйж байгаад хааяа нэг нуугдаж байгаад тракторных нь кабинд сууна. Нутгийнхаа "Улз" голыг аавынхаа трактороор гатлаад гарах нэг л сайхан санагддаг байсан. Миний аав ээж ялгаагүй өглөө гараад шөнө дунд орж ирдэг. Нэг өдөр ч зүгээр суудаггүй хөдөлмөрч хүмүүс. Ихэр аав гэж бид дуудах дуртай. Хаанаас нь ч харсан адилхан аавууд минь үр ач бидэнтэйгээ инээлдээд суух нь үрс бидний жаргал.
Ихэр өвөө нарын хамт байх цаг хугацааг тоолвол хол байсан хугацаанаас бага билээ. Тэд хол байх үедээ биесээ санан үгүйлж, хааяа нэг шөнө зүүдэндээ уулзан элгээ дэвтээнэ. Бие биеэ санаж уйлна. Ах минь, дүү минь яажшуухан байгаа бол гэх бодлоо уулзахын жаргалаар л тайвшруулдаг байжээ.
Үр хүүхэд, улс орныхоо төлөө борив бохисхийлгүй ажилласан ахмад баатрууд өнөөдөр Улаанбаатар хотноо хамтдаа амьдарч усандаа явсан ч, дэлгүүр орсон ч, түлээгээ бэлдсэн ч бүхнийг хамт хийнэ. Хүмүүс тэдэн рүү гайхсан харцаар харж, зарим нь ихэр эсэхийг нь асуухаар нь "Бид ихэр" гэж хэлэх хариулдаг. Бид хоёрын хувьд энэ амьдралд хосоороо энх тунх байгаа нь хамгийн сайхан билээ. Ховорхон тохиох ихэр заяандаа талархаж амьдарна.