Төрийн мэдэлд 100 хувь шилжээд дөрөв дэх жилээ үдэж байгаа “Эрдэнэт үйлдвэр” улсад төлж буй татвар хураамжаасаа дутахааргүй өндөр дүнтэй худалдан авалт хийдэг болжээ. Өнгөрөгч 2022 оны худалдан авалт нь л гэхэд улсад төлсөн татвар хураамжаас даруй 344 тэрбум төгрөгөөр илүү байна.
“Монголын зэс корпорац”-тай хоёр жил шүүхээр явсан маргаан шувтрах шахаж байхад 2019 оны гуравдугаар сард үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, хэмнэлтийн горимоор ажиллаж эхэлсэн гэж тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга буюу одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тунхагласан. Ингээд “Эрдэнэт” төрийн өмч болж, Төлөөлөн удирдах зөвлөлгүй болж, шийдвэр гаргах дээд эрх мэдлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хэрэгжүүлэхээр болсон билээ.
2019 оны хоёрдугаар хагасаас нар эргэж дэлхийн зах зээлд зэсийн ханш эрс өсөж эхлэв. Ингээд үйлдвэр анх удаа улсын төсөвт 961.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн юм..
Нөгөө талд, онцгой дэглэмийн хугацаанд хэмнэлтийн горимоор ажилласан гэх тайлбарыг няцаах, мөн төрийн өмчийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгааг харуулах баримт ч олон байна.
Тухайлбал, тус үйлдвэр 2019 онд 353 сая төгрөгөөр “Лексус 570” автомашин худалдан авсныг олон хүн шүүмжилсээр байтал 2020 онд дахин “Мөнххада” компаниас шууд гэрээгээр 492 сая төгрөгөөр “Prado” автомашин нэг, дахин тендер шалгаруулж 440 сая төгрөгийн үнэтэй “Лексус” нэгийг “Багандант” компаниас авчээ. Шинээр нь авсан эдгээр автомашины нэгийг үйлдвэрийн ерөнхий инженер унадаг аж. Өмнөх машин нь элэгдэл хорогдолд орж унах аргагүй болсон учраас сольж өгсөн гэж Эрдэнэт үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа тайлбарласан. Үйлдвэр 2019-2020 онд нийт 11.8 тэрбум төгрөгийг автомашинуудад зарцуулжээ.
Захирлуудын шинэ автомашины худалдан авалтын талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнээс тодруулахад: “Захирлууд нь Улаанбаатар-Эрдэнэт хоёрын хооронд бараг өдөр бүр явах болдог тул сайн машин авах шаардлагад үндэслэж, эдгээр машиныг авахыг манай байгууллага зөвшөөрсөн гэсэн үг. Автомашин гэлтгүй бусад зарцуулалт дээр бид захирлуудыг нь дуудаж уулзан тайлбар сонсож, ярилцаж байж шийддэг” гэв.
Ерөнхий захирлын тансаглал
Шилэн тендерийн мэдээллийг шүүж үзэхэд, зөвхөн захирал Х.Бадамсүрэнд хамаарах тансаг худалдан авалтууд ТАВ орчим ТЭРБУМ төгрөг болж байна.
Тэрбээр ГУРВАН ТЭРБУМ-аар Зайсангийн “Jarden” хотхонд тансаг зэрэглэлийн орон сууц хоёрыг худалдаж авсан байдаг. Мөн 2018 онд Канадад сурдаг охиныхоо сургалтын төлбөрт 102 сая төгрөгийг үйлдвэрээс гаргуулсан. “Эрдэнэт үйлдвэр” 2018 оны хагасаас шилэн данс хөтөлж эхэлсэн гэж үзвэл өмнөх жилүүдэд ч үйлдвэрээс сургалтын төлбөрийг нь төлсөн байх магадлалтай.
Тансаглалын жагсаалтыг үргэлжлүүлбэл, 52 сая төгрөгийн массажны сандал, 20 сая төгрөгийн унадаг дугуй гэх мэтээр баримтууд хөвөрнө. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 2020 оны тавдугаар сард буюу сонгуулийн өмнө дараалсан хоёр тогтоол гаргаж нийтдээ 1.2 тэрбум төгрөгийн урамшууллыг Х.Бадамсүрэнд олгосон. Ингэхдээ 2017, 2018 онд үйлдвэрийг ашигтай ажиллуулсан гэж гэнэт шагнасан байдаг. Ерөнхий захирал асан Х.Бадамсүрэн 25 сая төгрөгийн цалинтай байсан ба урамшуулал нь түүний нэг жилийн цалингаас дөрөв дахин их дүн юм.
Хагас жилийн өмнө ажлаа өгсөн Х.Бадамсүрэнгийн удирдлагын үе болох 2016-2022 онд үйлдвэрийн 4.7 их наяд орчим төгрөгийн худалдан авалтуудаас харахад өөрийн хөрөнгө мэт цацсан шаардлагагүй худалдан авалтуудыг дурдвал:
- Овоо тахих ёслол, Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамцын номын авшиг хүртээх арга хэмжээг зохион байгуулах, тоног төхөөрөмж угсрах ажилд 39 сая төгрөг;
- Үйлдвэрийн 40 жилийн ойн арга хэмжээний заалны засал чимэглэлийн интерьер зураг зуруулах ажилд 31 сая төгрөг; /Монголын хамгийн үнэтэй Шангри-Ла Зочид буудалд 500-800 хүнтэй хүлээн авалт хийхэд 30 сая төгрөгийн зардал гардаг билээ/
- Зэс домбо – 18.5 сая төгрөг;
- Унадаг дугуй – 39.5 сая төгрөг. /2019 онд 20 саяар мөн унадаг дугуй авсныг дээр дурдсан/
Гэх мэтчилэн олон сонирхолтой бөгөөд үйлдвэрийн үйл ажиллагаанд огт шаардлагагүй зардлууд байна. Гэвч энэ бүх худалдан авалтыг төрийн 3-4 байгууллага хянадаг гэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хорооноос тайлбарласан. “Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалтын төлөвлөгөөг манай байгууллагаас тусгай ажлын хэсэг гарч бүгдийг нь шалгаж баталдаг. Манайх баталсны дараа Сангийн яам хянаад, тендер зарладаг. Мөн зарцуулалт дууссаны дараа төрийн байгууллагын аудит оролцдог учраас төрийн 3-4 байгууллагын хяналтанд явагддаг гэсэн үг юм” гэж Ц.Баяр-Эрдэнэ хэлэв.
Гэвч дөрвөн өөр хэдий ч нэг намаас томилогдсон даргатай байгууллагууд бие биеэ хараат бусаар хянаж чадах уу?
Түүнчлэн онцгой дэглэм тогтоосон үеэс буюу 2019 оноос үйлдвэрийн худалдан авалт эрс өсжээ. Эл шалтгааныг үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа “Үйлдвэр 2031 он хүртэл үйл ажиллагаагаа гурван 5 жилээр төлөвлөсөн ч “Монголын зэс корпорац”-тай өмчлөлийн маргаантай байсан учраас зогсонги байдалд байсан. Харин 2019 оноос эхэлж эхний таван жилийн төлөвлөгөөгөө шахаж ажиллан, хамгийн өндөр хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтууд хийгдсэн. 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг зээл авалгүй өөрсдийн хөрөнгөөр хийсэн нь зардал өссөн харагдаж байгаа. Хөрөнгө оруулалт үйлдвэрлэлд нэвтэрч орлого өссөн. Зардал ирэх жил ч өснө” гэж тайлбарлав.
Х.Бадамсүрэнд олгосон тэрбумын урамшуулал, тансаг хэрэглээнд олон нийт дургүйцсээр байхад яагаад түүнийг “Монгол Улсын Баатар” хэмээх хүндтэй цолоор шагнав?
“Ерөнхий сайдын томилсон захирал улсын төсвөөс гадуурх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх үүрэг даалгаврыг гүйцэтгэдэг” учраас гэж Төрийн өмчит компаниудын өрийн бодлогын судалгаа хийсэн эдийн засагч, судлаач А.Батпүрэв тайлбарлаж байна.
Жишээ нь, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2020 онд цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгжүүдийн дулаан, ус, хогны төлбөр болох 1.1 их наяд төгрөгийг үйлдвэрээр төлүүлэх шийдвэр гаргасан. Ингээд жилийн дараа У.Хүрэлсүх сонгуульд нэр дэвшин, Ерөнхийлөгч болсон даруйдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийг Улсын Баатар цолоор шагнаж, дахиад нэг жилийн дараа Х.Бадамсүрэнг Хөдөлмөрийн баатар болгосон.
“Эрдэнэт үйлдвэр” 2023 онд багтааж сумдын сургуулийн дотуур байрыг боловсон жорлонтой болгоход 100 тэрбум төгрөг гаргаж өгөх үүрэг хүлээсэн нь 2024 оны сонгуулийн оноо болох магадлалтай.
Мөн У.Хүрэлсүхийн даалгавраар “Тэрбум мод” төслийн аравны нэгийг тус үйлдвэр тарих үүрэг хүлээсэн учраас “Ойн генетик нөөцийн төв” байгуулахад одоогийн байдлаар 16.4 тэрбум төгрөг зарцуулаад байна. Ойн генетик нөөцийн төв нь “Ногоон хөгжлийн төв”-ийн нэг хэсэг учраас түүндээ шинэ зочид буудал барих ажилд 16.9 тэрбум төгрөг гаргажээ.
Эрдэнэт үйлдвэрийн мөнгийг ухаалаг зарцуулах боломж байсан уу ?
Зөвхөн цахилгааны төлбөрт зарцуулсан 1.1 их наядаар Хятадаас зээл авалгүйгээр Эрдэнэбүрэнийн усан цахилгаан станц, эсвэл 100 МВТ-ын хүчин чадалтай хоёр салхин цахилгаан станц барьж, ОХУ-аас хараат байдлаа бууруулж болох байв. Эрдэнэт үйлдвэрийн мөнгийг ухаалаг зарцуулбал монголчууд бидний хувь заяаг олон талаар өөрчилж болох жинхэнэ эрдэнэ билээ. Энэ оноос улсын төсвийн орлогын 10.8 хувийг бүрдүүлэх болсоноос эхлээд 100 хувь төрийн мэдэлд авсныг зөвтгөх тоон үзүүлэлт олон бий. Мөн Х.Бадамсүрэн захирлын үед баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, хүдэр боловсруулах хэсгүүддээ тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн нь бүтээгдхүүний гарцыг нэмэгдүүлсэн, геологийн нөөцөө дахин 60-70 жилээр нэмэгдүүлсэн гэж яригддаг.
Үйлдвэрийг олон нийтийн компани болгож, илүү өндөр бөгөөд хөндлөнгийн хяналттай болгох нь шийдэл гэж А.Батпүрэв үзэж байна. Энэ чигээрээ явсаар байвал эрх баригч намын томилсон захирлууд төсөвт орох ёстой байсан мөнгийг поп улс төрчдийн сонгуулийн оноо авах шидэт дохиур болгож өгсөөр байна.
Энэхүү нийтлэлийг “Нээлттэй нийгэм форум” ТББ, олон улсын "Open ownership" байгууллагын дэмжлэгтэйгээр “Хөгжлийн төлөө өгөгдөл” ТББ-ын хэрэгжүүлсэн “ТӨК-ийн өгөгдөлд нэвтрэхүй” өгөгдлийн шинжилгээ, дата сэтгүүл зүйн 5 сарын хөтөлбөрийн хүрээнд чөлөөт сэтгүүлч Б.Халиун, Г.Жавхлан болон А.Маралгуа нарын сэтгүүлчид бүтээв.
Бүтээлийг туурвихад “Хөгжлийн төлөө өгөгдөл” ТББ-ын бэлтгэсэн PowerBI хэрэглүүрийг ашигласан бөгөөд уг хэрэглүүрт Шилэн данс, Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим сан, АТГ-ын ХАСХОМ (хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг), УБЕГ-ын хуулийн этгээдийн бүртгэлийн сангийн нээлттэй өгөгдлүүдийг нэгтгэсэн юм.