ЗӨӨЛӨН БАРИМЛЫН МОНГОЛЫН АНХНЫ ҮЗЭСГЭЛЭНГ Д.НИНА ДЭЛГЭЛЭЭ
Чөлөөт уран бүтээлч Д.Нина олон төрлийн нарийн сүлжээсээр урласан зөөлөн баримлын аргаар урласан бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ. “Нина-41” нэртэй тус үзэсгэлэнд тэрбээр дэлхийн төдийгүй Монголын түүхэнд мөнхөрсөн Альберт Эйнштейн, Ван Гог, Гитлер, Абрахам Линкольн, Д.Нацагдорж, Б.Ренчин тэргүүтэй 24 хөрөг бүтээлээ олны хүртээл болгов. Зөөлөн баримлын аргаар хийсэн бүтээлийн Монголын анхны үзэсгэлэн гэдгээрээ “Нина-41” онцлогтой.
Анхны бие даасан үзэсгэлэнгээ олны хүртээл болгосон Д.Нина “Би хүүхэлдэйгээ сүлжмэл, дэгээ зүүний аргаар нэхдэг. Миний бүтээлүүд зөөлөн баримлын төрөлд ордог. Миний үзэсгэлэнд хүний дүр төрхийг урласан 24 бүтээл байгаа. Туслах дүрүүд зөндөө бий. Хамгийн сүүлд урласан нь энэ яст мэлхий. Үзэсгэлэнгийн өмнөх орой бэлэн болгож дуусгасан.
“Форрест гамп” киноны баатраар үзэсгэлэнгийнхээ гол фоныг хийлээ. Форрест Гамп хайртай бүсгүй дээрээ очих гээд автобусны буудал дээр набор бариад сууж байдаг. Хажууд нь хүмүүс солигдож суугаад л. Тэдгээр хүмүүсийн оронд би яагаад байж болохгүй гэж хэмээн бодсон. Тэгээд өөрийгөө дүрслэхийг оролдлоо.
Форест Гампын Барьсан шоколад нь “Hala” гэдэг нэртэй. 1928 онд Германд сурсан таван сэхээтэн эмэгтэйн нэг, өвөө аавын маань төрсөн дүү Хала гэдэг эмэгтэй байдаг. Шоколадны үйлдвэрийн эзний хүү эгчид дурлаад, манай эгчийн нэрээр “Hala” гэдэг шоколад үйлдвэрлэсэн юм билээ. Одоо ч Герман улсад “Hala” шоколад байдаг гэсэн. Тэгээд би Форрест Гампын барьж буй наборыг “Hala” шоколадаар хийлээ.
Энэ хос чихмэлийг барин, тавин байсаар хоёр сар гаруй нэхсэн. Өмссөн костюмных нь өнгө олдохгүй их цаг алдлаа. Улаанбаатарын сүлжмэл, гар нэхмэлийн дэлгүүр бүрээр хайж байгаад нэхлээ.
Би коронавирусийн үеэр нэхэж сурсан. Түүнээс өмнө дэгээ зүүгээр нэхдэг байлаа
Монголд хүүхэлдэй, тоглоом нэхдэг хүн олон бий. Зөөлөн баримлын аргаар олны танил, суут хүмүүсийг нэхсэнээрээ би Монголдоо анхдагч боллоо.
Бүтээл бүрийг хийх хугацаа харилцан адилгүй. Дүрээсээ шалтгаална. 2-3 сар болох нь бий. Хамгийн урт хугацаа зарцуулсан бүтээл гэвэл Эйнштейн. Мөн олон дүртэй бүтээлийг хийхэд уддаг. Тэнд “Тамхины өрөө” гэдэг бүтээл байгаа. “Зэрэг нэмэхийн өмнө” киногоор хийсэн. Тэр бүтээл дөрвөн дүртэй болохоор их удсан.
Өөрт танил, ойр дүрээ ихэвчлэн сонгодог. Хамгийн хайртай дүрүүд минь Д.Нацагдорж, С.Данзангийн дүр. Энэ хүмүүс хэлмэгдүүлэлтийн үед ямар их зовж, гашуун зовлон, хэлмэгдүүлэлт үзэж, амь насаа алдсаныг нь бодоод урлаж байхад миний нулимс урссан. Д.Нацагдоржийн чихмэлийг би “Миний нутаг” шүлгээр сэдэвлэн Гүн галуутайд байгаагаар хийсэн.
“Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон” гээд хэвтэж байгаа боловч цаад агуулгыг нь харахад, “Эх орныхоо хөрс шороонд амар амгалан нойрс доо” гэсэн сэтгэгдэл харах бүрд төрдөг.
“Доллар Данзан” ямар мундаг хүн байв. Тэр үед монгол доллар гаргасан байгаа юм шүү дээ.
Одоо дараагийнхаа бүтээлийг эхлүүлчихсэн байгаа. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн саяхан болсон. Тэр тэмцээнийг шөнө 03.00 цагт тоглоход нь би үзсэн юм. Тэгээд дараагийн бүтээлийн дүрээрээ Францын хөлбөмбөгчин Мбаппег сонголоо. Цаашид хийхээр төлөвлөсөн олон зүйл бий. Хөдөө орон нутагтаа гэр музей байгуулах бодол төлөвлөгөөтэй байна” гэлээ.