Өчигдөр Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурал “Улаанбаатар” чуулгад зургаа дахь өдрөө боллоо. 80 шүүгдэгч, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн өчигдрийн хуралдаанаар“Бэрэн групп” компанитай холбоотой хэргийг хэлэлцэв.
Н.БАТБАЯР: ОРЧИН ҮЕИЙН ИХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ЭНД БОЛОХ НЬ
Эдийн засгийн хөгжлийн сайд асан, шүүгдэгч Н.Батбаяр “Монголын хуулийнхан “Монголд арматурын үйлдвэр хэрэггүй” гэсэн байдлаар асуудалд хандаж буйд туйлын харамсаж байна. Бидэн дээр яригдаж буй бас нэг асуудал нь орон сууц. Гэр хорооллын дахин төлөвлөлт гээд гэр хорооллын олон янданг чөлөөлөөд, суурин дээр нь орон сууц барьж байгаа. Энэ мөн л түмний төлөө гэсэн бодит ажил шүү дээ. Яагаад төр, түмнийхээ төлөө ажил хийсэн хүмүүсийг ингэж байгаа юм бэ. Зээл авна гэдэг давуу эрх биш. Хариуцлага нэмэгдэж буй л зүйл.
Зээл авсан бол төлсөн байх ёстой. Энэ бол хууль. Зээлээ төлөхийн тулд төлөвлөсөн, эхлүүлснээ дуусгах ёстой. Зээл аваад, эрсдэлээ хүлээгээд, ажил хийсэн хүмүүсээ шийтгээд байвал юу болох вэ. Зах зээлийн нийгмээс ухарч байна гэсэн үг. Хувийн хэвшлийн, хувийн өмчийн эсрэг үйл ажиллагаа мөн үү мөн. Зах зээлийн харилцаанд орчхоод 33 жилийн дараа ийм зүйлийн талаар энд ярьж буйдаа харамсаж байна. 1930 оны хэлмэгдүүлэлт “Бөмбөгөр ногоон” театрт болж байсан. Орчин үеийн их хэлмэгдүүлэлт “Улаанбаатар” чуулгад болох нь. Арай ч үгүй байх гэж бодож байна. Монголын орчин үеийн түүхэнд байхгүй шүүх хурал өнөөдөр болж байна. Монголын түүхэнд 84 холбогдогчтой хэрэг байсан эсэхийг би судалж байгаа. Лав орчин үеийн түүхэнд байхгүй. Хоорондоо огт холбогдолгүй энэ олон хүмүүсийг яах гэж нийлүүлж, Хөгжлийн банкны хэрэгт хүчээр холбож буйг улс төрийн шалтгаантай гэж харж байна.
Монголчууд бүгдээрээ “Төрийн сүлд минь өршөө” гэж сүүн цацлаа өргөдөг. Хувь заяаны эрхээр Төрийн сүлдийг баталсан Үндсэн хуулийг батлалцсан хүмүүсийн нэг нь би. Үндсэн хуулиар иргэддээ эдийн засгийн эрх чөлөө олгосон. Санхүүгийн эрх чөлөө нь зээл авах эрх чөлөө. Энэ эрх чөлөөг хууль бус гэж хуулийн байгууллага дүгнэж буйд чихэндээ ч итгэхгүй байна. Хуулиа сөхөж үзээд, дахиж тунгаан бодохыг прокурорынхноосоо хүсэж байна.
Монголын Засгийн газар “Тавантолгой” төмөрлөгийн үйлдвэрийг дэмжээгүй. Орон сууцны ганц ч төсөл дэмжээгүй. Арматур гэдэг талх байдаг бол цемент гэж талх бий. Тэгвэл цементийн гурвын гурван үйлдвэрт зээл олгосон. Гурвуулаа зээлээ аваад, ажиллаж байгаа. Тэр үйлдвэрүүдэд зээл олгохдоо давуу тал олгосон уу. Үгүй гэж бодож байна. Тэгэхээр ийм байдлаар асуудалд ханддагаа, зээл авахыг ийм өнцгөөс харахаа болих хэрэгтэй.
“Бэрэн”-гийн хэрэгт холбогдож буй 37 хүн байна. Энэ 37 хүнд тэр 44 тэрбум төгрөг наалдсан юм байна уу. Байхгүй. Ийм байхад биднийг улсад 44 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж хэлэхээсээ өмнө бодмоор доо. Яагаад нийгмийг ингэж турхираад байгаа юм бэ. Хавар цаг ирж байна. Хаврын синдром гэж монголчууд ярьдаг. Хүний ой тойнд багтамгүй их мөнгөний асуудал ярьж байна. Энэ чинь нийгмийг эмх замбараагүй байдалд турхирсан асуудал шүү, хуульчид аа. Ингэж болохгүй. Монголбанкны одоогийн Ерөнхийлөгч “Хөгжлийн банкнаас олгосон зээл бол хохирол биш” гэж хэлсэн. Үнэн шүү дээ. Гэтэл хуулийнхан “Хохирол мөн” гээд жишим ч үгүй сууж байна. Мэдлэг, боловсролоо дээшлүүл, юм унш, судал” гэв.
П.ДАВААСАМБУУ: ТУЗ-ИЙН ГИШҮҮД БИДНИЙ ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛСЭН ЭСЭХИЙГ МЭДЭХ БОЛОМЖГҮЙ
“Бэрэн” группийн холбогдсон хэрэгтэй холбогдуулан Хөгжлийн банкны хараат бус гишүүн асан П.Даваасамбуу тайлбар өглөө. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр шалгуулж буй тэрбээр “Тухайн үед би Хөгжлийн банкны үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцож, асуудал бүрд дэлгэрэнгүй үг хэлж явсан гэдгээ тодотгож хэлмээр байна. Бүх үг, ярьсан зүйл маань хэргийн материалд бий. Надад ч байгаа.
Прокурорын газраас өгсөн дүгнэлтийг харж суулаа. “Хөгжлийн банкны зээлийн удирдлагын хорооны буруу хийсэн дүгнэлтийг мэдсээр байж…” гэсэн байна. Бид Хөгжлийн банкны зээлийн хороог буруу дүгнэлт хийгээгүй гэж бодож байна. Нөгөө талаар ТУЗ-ийн гишүүд бидний шаардлагыг биелүүлсэн эсэхийг мэдэх боломжгүй гэдгийг би түрүүн хэлсэн. Үүнийг анхаарна биз дээ.
"Бэрэн групп" сүүлийн хоёр, гурав жил алдагдалтай ажилласан, бусдад өртэй байсан гэх мэт зүйлүүдийг голлон энэхүү дүгнэлтийг хийжээ гэж бид харж байна.
Хэрэгт авагдсан материалаас харахад “Бэрэн” 23.2 тэрбум төгрөгийн хуримтлагдсан ашигтай. Үүний сацуу цаашид Хятадын банкнаас санхүүжүүлнэ гэсэн танилцуулгатай байсан. Тиймээс бид энэ төслийг Монгол Улсын төрийн бодлогод нийцэж, бидний шаардлагыг хангасан, эргээд төлөгдөх боломжтой төсөл хэмээн үзсэн.
Зээл олгохоос өмнө Хөрөнгө, Зээл, Эрсдэлийн хороод зөрчилтэй эсэхийг хянадаг. Эдгээр хороодын нэгдсэн дүгнэлтээр зөрчилгүй гэж үзсэн. Тиймээс “Бэрэн” зөрчилгүй гэдгийг баталж байна. Хөгжлийн банк маш сайн ажиллаж байгаа. Цаашдаа сайн ажиллана” гэлээ.
Н.АЛТАНХУЯГ: ЕРӨНХИЙ САЙД ХҮН ТЕАТРТ ИНГЭЭД ЗОГСОЖ БАЙГАА НЬ МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН АСУУДАЛ
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Засгийн газрын хоёр тогтоолтой холбогдуулан намайг буруутгасан. Би бүх талаас нь тайлбарласан. Засгийн газрыг буруутгах ямар ч асуудал байхгүйг би нотолгоо, баримттай ярьсан. Ерөнхий сайд хэн ч байсан улс төрийн шинжтэй ийм арга хэмжээнд оролцож, театрт зогсох ёсгүй. Үүнийг хатуу санах хэрэгтэй. Энэ бол Монгол Улсын нэг Ерөнхий сайдын асуудал биш. Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал. Ингэж гадаадынханд улсынхаа гүйцэтгэх засаглалыг аваачиж өгдөг асуудал байж болохгүй. Би улстөрч хүн. Өнөөдөр энд ингээд зогсож байгаа нь банктай холбоотой асуудал биш. Тийм юм огт байхгүй. Шулуухан хэлчихье.
Би 2017 оны нэгдүгээр сарын 26-нд яллагдагч гэдэг цолыг анх авч үзсэн. Яагаад ийм юм болчхов гээд гайхсан чинь нэгдүгээр сарын 29-нд АН-ын даргын сунгаа болсон. Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын тэргүүтэй МАНАН-ын хулгайч нар гурван хоногийн өмнө АТГ дээр шөнө аваачаад “Н.Алтанхуяг яллагдагч боллоо” гэж Монгол орон даяар зарласан. Намайг яллагдагч гэж гурван жил явуулсан. Одоо ер нь зээлгүй хэн байгаа юм бэ. Яагаад зээл авч болдоггүй юм бэ.
Бидний үед 300 сая орчим ам.доллароор цемент авдаг байсан юм билээ. Би “Цементийн үйлдвэрийг дэмжье” гээд МАК, Монполимет компанид зээл олгосон. Тэгсэн чинь “Энэ муу Н.Алтанхуяг МАН-ын компаниудад зээл олголоо” гэсэн. Юу гэсэн үг вэ. Ардын намын цемент, Ардын намын арматур гэж байгаа юм уу. Монголын ард түмэнд хэрэгтэй шүү дээ” гэв.
Б.ШИНЭБААТАР: ХУУЛИЙН ЗҮЙЛ ЗААЛТААС “БҮЛЭГЛЭН” ГЭДЭГ ҮГИЙГ ХАЙГААД ОЛСОНГҮЙ
Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр шалгагдаж буй шүүгдэгч Б.Шинэбаатар “Намайг дөрвөн хэрэгт холбогдуулж яллагдагчаар татсан. Өмнө нь гурван хэргийн талаар мэдээлэл өгсөн. Одоо Нью Яармаг хаусинг прожект” компанитай холбоотой хэргээр тайлбар өгье.
Яллах дүгнэлтэд “Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх зүйл ангиар намайг яллагдагчаар татагдсан. Би АН-ын гишүүн гэдэг талаасаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 1990-ээд оны дунд үеэс мэддэг болсон. Түүнээс хойш намын ажил, хурал цуглаан дээр уулзан, мэндтэй устай явдаг. 2012 онд Н.Алтанхуяг Ерөнхий сайд болоход нь би Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн бичгийн даргаар ажиллаж байсан. Н.Батбаяр бид хоёр эртний танилууд.
Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Н.Мөнхбат нартай би хамаатан садан биш, ах дүү, бизнесийн холбоо хамаарал байхгүй. Тэднээс үүрэг даалгавар авч байгаагүй. Би хувьдаа нэг ч компани байгуулж үзээгүй хүн. Намайг яллах болсон эрүүгийн зүйл ангиудыг судалж үзлээ. “Бүлэглэн” гэх заалт алга. Тиймээс энэхүү яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Н.МӨНХБАТ: АЖИЛД ОРОХОД ШИЙДЭГДЧИХСЭН БАЙСАН ТӨСӨЛ, БИ БУРУУГҮЙ
Үүний дараа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат “Энэ төсөл УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоол, Засгийн газрын хоёр ч удаагийн шийдвэр, Зээлийн хорооны удаа дараагийн шийдвэрүүдийн дагуу хэрэгжсэн. Ямар ч хууль тогтоомжийг зөрчөөгүй. Намайг ажилд ороход нэгэнт судлагдаад, Хөгжлийн банканд шийдэгдчихсэн байсан төсөл. Гэтэл намайг хувийн эрх ашгийн хандсан, Шинэбаатартай бүлэглэсэн, хөгжлийн банкны тухай хууль, банкны дүрэм журмыг зөрчсөн зэргээр буруутгаж байгаа. Нэгэнт намайг ажилд орохоос өмнө шийдэгдээд явж байсан төсөл дээр намайг албан бус байдлаар хандсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн энэ төсөлтэй холбоотойгоор Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлтэд бичсэн байдаг. Гэвч яллах дүгнэлтэд тэр хохирлын хэмжээг тогтоогоогүй. Яг яаж хохироосон гэж үзэж буй нь тодорхой бус. Энэ мэтчилэн нотлох баримтгүйгээр буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн юм.
Х.БАТ-ЭРДЭНЭ: ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВСАНДАА ХАРАМСАЖ БАЙНА
Мөн үдээс хойшхи хуралдаанаар “Алтай групп”-тэй холбоотой хэргийг хэлэлцэв. Энэ үеэр тус компанийн ерөнхийлөгч, шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ “Би Монголын бизнесийн салбарт 20 гаруй жил тогтвортой бизнес хийсэн. Барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр салбар, салбарт бизнес хийж яваа хүний хувьд "Монгол драй милк" буюу "Монгол хуурай сүү" төслийг өөрийн итгэл үнэмшлээр эхлүүлсэн. Монгол Улсад хэрэгцээтэй, малын гаралтай сүүг эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдыг өдөр тутмын тогтмол орлоготой болгох, импортын бүтээгдэхүүнийг орлох, цаашилбал их хэмжээгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд гадаадын орон руу экспортод гаргах, экспортын орлого олох, импортоор гарч буй жилийн хэрэгцээний 60, 70 сая ам.долларын хуурай сүүний валютын урсгалыг зогсоох, валютын орлого оруулах төсөл гэж эхлүүлсэн. Өөрийн өмч хөрөнгө, олон жилийн бүтээж босгосон капиталаараа барьцаа, батлан даалт гаргаад, эцсийн барьцаалуулагчийн хувиар энд шүүгдэгч болоод зогсож байна.
Одоо ч итгэл үнэмшил минь хэвээрээ байна. Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлыг шүүх бүрэлдэхүүн үнэн зөвөөр, шударга шийдвэрлэх байх гэдэгт би одоо ч итгэдэг. Энэ бүхэн дууссаны дараа төслөө цаашид үргэлжлүүлээд явуулах итгэл үнэмшил минь одоо ч хэвээрээ.
Би 2019 оноос хойш шалгагдаж байна. Бид барьцаа хөрөнгийг хангалттай гаргасан. "Алтай групп", "Алтай констракшн" болон охин компаниудынхаа эзэмшлийн өмч хөрөнгө, уул уурхайн лиценз гээд бүх юмаа, данс тооцоогоо хүртэл битүүмжлүүлчихсэн байна. Энэ хугацаанд хоёр удаа хоригдож үзлээ. Хуулийн байгууллага, АТГ-ынхантай бид бүх талаараа хамтраад ажиллаж ирлээ. Хэн нэгэнтэй хуйвалдаж, энэ зээлийг буруу замаар бүтээлгэсэн ямар ч асуудал байхгүй.
Эрдэнэбилэг захирал ч хэлж байна. Энэ зээлийг маань "Меланж" компани, "Скай мэридиан", "МДМ" компаниуд хариуцаад, гурвалсан гэрээ байгуулаад, төлбөр мөнгийг нь төлөөд явж байгаа. 2019 онд Хөгжлийн банкныханд, хуулийн байгууллагынханд ч би илэрхийлж л байсан. Нэгэнт би эцсийн барьцаалуулагчийн хувьд зээлээ төлье. Хоёр талаасаа суугаад “Хүү, хохирол нь хэд болж байна төлье” гээд байхад л хуулийн байгууллагад өгчихөөд, хуулийн байгууллагаар бид гурав, дөрвөн жил ингээд шалгуулж байна шүү дээ.
Тухайн үед бидэнтэй иргэний шугамаар хэлэлцээд төлүүлчихийн оронд хууль хяналтын байгууллагад өгөөд, одоо ийм байдалтай болсон. Энэ хугацаанд бид бусад охин компаниудынхаа орлогоос зээлээ төлөөд л явж байсан.
Миний хувьд буюу "МДМ" компани өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкинд ямар нэгэн өр төлбөрийн асуудалгүй болсон. Би хавтаст хэрэгтэй танилцсан. Биднийг буруутгаж, ямар нэгэн байдлаар буруутайг нотлох хөдөлшгүй нотлох баримт үнэхээр байхгүй. Яагаад гэвэл тийм зүйл болоогүй учраас энэ дээр нүүр бардам байна.
Олон жил бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын захирлууд ч хэллээ. Бид сошиалаар л хэдэн жил нүдүүллээ шүү дээ. Өнөөдөр би Хөгжлийн банкнаас зээл авсандаа харамсаж байна. Өнгөрсөн 25, 26 жилийн хугацаанд манай компаниуд бизнесийнхээ салбарт үйл ажиллагаа явуулахдаа Монголын том, топ банкаас зээл авдаг, эргүүлээд төлдөг. Бусад банкнаас зээл аваад, төлөөд яваад байж болдог. Хөгжлийн банкнаас зээл авахаараа хэрэгтэн, яллагдагч, шүүгдэгч болчхоод байгаагаа үнэхээр ойлгохгүй байна. Одоо би сүүлдээ “Ер нь яах гэж баталгаа гаргаж, Хөгжлийн банкнаас зээл авав” гэж бодож байна.
Наад захын жишээ ярья л даа. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Бат-Эрдэнэ гэдэг малчин байя гэж бодъё. Өнөөдөр зөвхөн хэрэглээнийхээ л сүүг сааж хэрэглэж байна. Бусад малаа саагаад, сүүгээ эдийн засгийн эргэлтэд оруулъя гэхээр тэрийг нь Улаанбаатар хотоос очиж худалдаж авдаг хүн байхгүй. Тэр шингэн сүүг зөөх, тээвэрлэх нөхцөл боломж байхгүй. Хэдий эрсдэлтэй ч бид үүнийг үүрээд, энэ төслийг хэрэгжүүлээд явъя. Өнөөдөр Бат-Эрдэнэ гэдэг малчин 50, 100 литр сүүгээ саагаад, өдөр бүр 1 литр сүүгээ 1000 төгрөгөөр зараад байвал өдөр бүр 50-100 мянган төгрөгийн орлоготой болж байгаа юм. Дээрээс нь малын гаралтай бүтээгдэхүүн нь эдийн засгийн эргэлтэд орж байгаа юм. Үүгээр дамжуулаад Монголд, Улаанбаатарт байгаа "Сүү", "АПУ", "Тэсо", "Витафит" гээд компаниудыг бид сүүгээр нь хангаад, энэ компаниудын хуурай сүү авахад зарцуулагддаг, гадагшаа урсдаг валютын урсгалуудыг зогсоож, Монголдоо нэг ч гэсэн юм хийе гэж зорьсон. Түрүүн хэлсэнчлэн, итгэл үнэмшил минь хэвээрээ. Энэ бол маш, төсөл, үр дүнтэй төсөл.
Шүүхийн асуудал нэг тийшээ болбол бид бусад үйлдвэрээ оруулж ирээд, 60 сумандаа ажиллуулна гэж бодож байна. Төслийн зээл авснаараа яллагдаж, буруудаж буйдаа үнэхээр харамсаж байна” гэв.