“Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт холимог тулаанч “Гаруда MMA” клубын багш, дасгалжуулагч Баттулгын Халиуныг урьж, ярилцлаа. Түүнийг анх холимог тулаанаар хичээллэж эхлэхэд гэр бүлийнхэн нь тэр дундаа ээж нь эсэргүүцэж байсан ч өөрийн хүсэл, сонирхолдоо үнэнч байж, олон амжилт гаргаж байгаа чадварлаг тамирчин юм.
Мөн “One championship” холбооны түүхэд хамгийн анхны эмэгтэй шүүгчээр ажиллаж байна.
“ONE CHAMPIONSHIP” ХОЛБООНЫ ТҮҮХЭД АНХНЫ ЭМЭГТЭЙ ШҮҮГЧЭЭР АЖИЛЛАСНААРАА БАХАРХДАГ
Б.Халиун “Би MMA шүүгч. MMA шүүгч гэдэг нь босоо тулааны урлаг, хэвтээ тулааны урлаг, барилдаан гээд бүгдийг нь мэддэг, өөрөө бэлтгэл хийж үзсэн, одоо бэлтгэл хийдэг, мэддэг хүн MMA шүүгчээр ажилладаг. Аль алиныг нь мэддэг, одоо спортдоо байгаа хүн шүүгч хийгээд явж болно. Гэхдээ шүүгч хийхэд чадвар, тодорхой хэмжээний мэдлэг, мэдрэмж хэрэгтэй.
Би амжилтдаа өөрийгөө хөөргөөд байдаггүй. Анх One championship-ийн тулаан Монголд болоход нь шүүхэд манай хамт ажиллаж байсан шүүгчид “Чи сайн шүүлээ, чи One championship-д уригдаж, шүүгч хийх байх” гэж хэлж байсан. Тухайн үедээ баярлаад л өнгөрсөн. Яг хэзээ ч намайг дуудах юм гэж бодоод, 100 хувь итгэлтэй байгаагүй. Албан ёсоор бичиг баримт, урилга, нислэгийн тийз ирээд л, явсан.
Би өөрийгөө ийм том холбоонд шүүгч хийнэ гэдгээ ойлгоогүй байсан. Очоод маш том цэнгэлдэхэд ороод л, өндөр төвшний тамирчдыг шүүгээд л. Хамт ажиллаж байсан хүмүүс, манай холбооныхон “Чи хамгийн анхны эмэгтэй MMA шүүгч, One championship холбооны түүхэд ч анхны эмэгтэй шүүгч болж байна” гээд. Тэр үед л “Би үнэхээр мундаг байна даа” гэж л бодсон”
“МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ШУДАРГА ШҮҮГЭЭСЭЙ” ГЭЖ ХҮСДЭГ УЧРААС ӨӨРӨӨ ЗӨВ ШҮҮХИЙГ ХИЧЭЭДЭГ
“Би үүнийг сүүлд л ойлгож, ухаарч, мэдэрч байна. Жаахан байхад манай өвөө намайг “Эмээ шигээ хэнхэг” гэдэг байсан. Би эмээтэй өөрийгөө харьцуулахад эмээ шиг хэнхэг, номын хүн биш санагддаг байсан. Спортдоо амжилт гаргахад, шүүгчийн замналд маань хүртэл эмээгээсээ өвлөсөн аливаад тууштай байдал нөлөөлсөн. Жишээлбэл, шүүгч хийхдээ “Ийм зүйлийг ингэж дүгнэнэ” гэсэн дүрэм байвал яг л дүрмээ дагадаг. Ямар нэгэн сэтгэл хөдлөл зэрэг янз бүрийн зүйлд автдаггүй. Яг л бэлдсэн, уншсан зүйлд юу гэж байсан түүгээр л хийдэг.
Би өөрөө тамирчин хүн. Миний хөдөлмөрийг шүүгч шударгаар, зөв үнэлээсэй гэж маш их хүсдэг. Яг тэр сэтгэл хөдлөлөөрөө би чин шударга, үнэнчээр, зөв шүүхийг хичээдэг”
“ХҮНД ХЭРЭГТЭЙ ХҮН БАЙХЫГ ХИЧЭЭДЭГ”
Би оюутан байхдаа их боддог байсан. “Би яг юуны төлөө амьдраад байна аа” гэж. Хүүхэд байхдаа л “Хүнд хэрэгтэй хүн байх юм сан” гэж. Ээж болоод, амьдрал зохиогоод явахаар үр хүүхэд минь намайг хардаг болж байна. Би спортын хүн гээд хүүхдээ заавал спортоор хичээллэ гэж шахахгүй. Гэхдээ би хүүхдийнхээ нүдэнд зөв үлгэр дуурайлал үзүүлж байгаа нь миний хүүхдийн амьдралд хэрэгтэй гэж боддог. Тиймээс “Нэг ч гэсэн хүнд хэрэгтэй хүн болох юм сан, нийгэмд хэрэгтэй хүн байх юм сан” гэж боддог.
Нэг ийм үг байдаг. “Хүүхдээ тийм, ийм хүн болгоно гэж хүмүүжүүлэх гээд хэрэггүй. Та ямар хүн болно, хүүхэд тань таны толь шиг тийм л хүн болно” гэдэг. Тиймээс би өөрөө л зөв хүн байх гэж хичээдэг. Хүссэн хүсээгүй миний хүүхэд намайг харна”.
“ТАМИРЧИН ХҮН СЭТГЭЛЗҮЙГЭЭ МАШ САЙН АНХААРАХ ХЭРЭГТЭЙ”
Б.Халиун “Би муайтайн спортдоо төвшин ахиж, сайжирсаар Монголд болсон тэмцээн бүрд түрүүлдэг байсан. Жюү Жицүгийн спортоор хичээллээд, тодорхой хэмжээний хугацаа зарцуулаад, чадах чинээгээрээ хичээгээд яваа хэр нь нэг ч түрүү аваагүй. Түүндээ хэсэг сэтгэлээр унасан.
Сэтгэлээр унасан үедээ хүмүүстэй ярилцана гэхээс илүү өөрөө өөртэйгөө ажиллаад, юу нь болж байна, юу нь болохгүй байна гэдгээ бодож, өөрөө өөрийнхөө сэтгэл зүйтэй л сайн ажиллах хэрэгтэй. Сэтгэл санаагаа хэвийн болгоход тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулна. Сэтгэл санаа болохгүй байхад үргэлжлүүлээд бэлтгэл хийх үү, эсвэл хэсэг сэргэлт авч өөр зүйл хийж, өөр зүйл бодоод, буцаж ирэх үү гэдгээ тухайн үед нь л зохицуулдаг”.
“ДУРТАЙ ЗҮЙЛЭЭ САЙН ХИЙЖ, АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРААРАЙ”
Тэрээр “Хүүхэд залуучуудад хандаж хэлэхэд хүн чаддаг зүйлээ маш сайн, хэнээс дутахааргүй хийдэг болох хэрэгтэй. Заавал мэргэжилтэй, их сургууль төгссөн байх албагүй. Яг чаддаг, дуртай зүйлээ 100 хувь чин сэтгэлээсээ хийгээд, түүнээсээ аз жаргал мэдэрдэг байвал амьдралд хэрэгтэй Бусад орны хүмүүстэй хамтран ажиллаад, гадаадад амьдраад явахад, залуучуудыг анзаарахад Монгол залуучуудын хувьд энэ нь жаахан дутмаг байна уу гэж анзаарсан” гэж залуучууддаа хэллээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.