Үндэсний үйлдвэрлэгч “Ургана брэнд” Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр ХААИС-иас гаргасан эрдэм шинжилгээний ажил, инновацын судалгаануудыг бүтээгдэхүүн болгож, дэлхийн зах зээлд экспортолж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой юм.
ХААИС-ийн захирал, доктор, профессор О.Баатарцогт “Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэд салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн эрдэмтдийн хамтарч гаргасан 600 гаруй нэр төрлийн патент, ашигтай загварын каталог бий. Үүнд Ургана компанийн технологийг хамтран нэвтрүүлж, цаашдаа бүтээгдэхүүний брэнд хийх анхны алхам өнөөдөр хийж байна” гэв.
ХААИС-ийн эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал доктор, профессор Б.Мөнхбат “Хөдөө аж ахуйн их сургууль, Ургана компанийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулагдаж байна. Энэ бол эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн түншлэл. Эрдэмтэн судлаачдын гаргасан мэдлэгийг баялаг үйлдвэрлэл болгох чиглэлийг холбох хамгийн том түншлэлийн нэг хэлбэр. Санамж бичгийн хүрээнд Ургана компанийн ажилтнуудад бид мэдлэг олгох, эрдмийн зэрэг, цол олгох, ахисан түвшний сургалтдаа хамруулах, ХААИС-ийн эрдэмтэн судлаачдын гаргасан шинэ бүтээл, патент, ашигтай загвар зэргийг тус компанийн үйлдвэрлэлээр дамжуулан олон нийтэд хүргэх, бүтээгдэхүүн болгох чиглэлийг санамж бичгийн хүрээнд тусгалаа.
Цаашдаа манай сургуулийн эрдэмтдийн мэдлэг, шинжлэх ухааны хувьд эзэмшсэн өндөр арга зүйд тулгуурласан малын гаралтай ашигтай бүтээгдэхүүнүүдийг боловсруулах, технологийг хамтран гаргах, судалгаа шинжилгээний ажил хийх. Улмаар экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, Хятад, Япон, Солонгос зэрэг орнуудад гаргах чиглэл зорилго тавин ажиллаж байна” хэмээв.
”Ургана” ХХК-ийн захирал Б.Чанцалдулам “Ургана компани одоо 56 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ургана өөрөө 56, бусад захиалгын үйлдвэрлэлийн брэндүүдийн дор 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Нийт 100 орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монголын болон Солонгос, Япон, Чех, Хятад зэрэг улсын зах зээлд зарим бүтээгдэхүүнээ бага хэмжээгээр гаргаж байна. Европын холбоо руу дөрвөн ширхэг бүтээгдэхүүн гаргахаар бүртгүүллээ.
О.Баатарцогт захирал сая хэлсэнчлэн, мал эмнэлгийн хүрээлэн болон ургамал агро технологийн хүрээлэн ХААИС-д харьяалагддаг. Тиймээс маш их эмийн ургамал судалсан. Эмийн ургамал судалсан гэдэг нь тарималжуулах арга, аргачлал болон зохистой тунг судална.
Эмийн ургамал дээр хамгийн чухал яригдах зүйл нь тун хэтэрвэл хор, тун таарвал эм болдог. Тиймээс энэ тал дээр илүү судалгаанууд хийсэн гэж ойлгосон. Бид Монголд тарималжуулж, массаар ургуулж болох ургамлуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр илүү хамтарч ажиллая гэж бодож байна. Дэлхийд ховорт тооцогддог бүтээгдэхүүн хийх хүсэлтэй. Ялангуяа манай аарцтай шүдний 00 шиг өрсөлдөх чадвар сайтай бүтээгдэхүүн хийвэл илүү тохиромжтой” гэлээ.