Сонсож, ярьж, бусадтай ойлголцож чадахгүйгээс үүдэн гэр бүлийн хүчирхийлэлд олон удаа өртсөн эмэгтэй, цагдаагийн байгууллагад дуудлага өгч чадахгүй байсаар, хараагүй болтлоо зодуулсан үйл явдал хоёр жилийн өмнө болсон байна. Үүнтэй ижил нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй зуу зуун хүн хохирогч болсоор байгаа талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс мэдээллээ. Гэр бүлийн хүчирхийллээс иргэдээ урьдчилан сэргийлэх, хамгаалах үүрэгтэй салбарын яам, өөрөөр хэлбэл, төр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ мартаж, шуурхай тусламжийн дугааруудад хандах боломжийг үүсгэх төсөв байхгүй гэсээр өнөөдрийг хүрчээ.
Энэ талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн мэргэжилтэн С.Байгалмаа:
Сая дурдсан кейс хоёр жилийн өмнө болсон. Тухайн эмэгтэй цагдаад дуудлага өгөх гэж олон удаа оролдож байсан байгаа юм. 102 дугаар луу залгадаг ч ярьж чадахгүй улмаас, цаад ажилтан нь хэлийг нь ойлгохгүй утсаа таслах зэргээр асуудал тулгардаг.
Хамгийн сүүлд эмэгтэй зодуулахдаа хүнд бэртэл авсан. Одоо өрөөсөн нүд нь хараагүй. Энэ хэрэг маш удаашралтай явж байж шйидвэрлэгдсэн. Яагаад гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй харьцах мэргэжилтэн хомс, байгууллагуудад хохирогчтой харьцах дохионы хэлмэрч дутмаг учраас хэрэг хоёр жил дараалан сунжирч өнгөрсөн намар, найман сард хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдсэн гэсэн үг. Яг ийм асуудал дээр дуудлага.мн-ийг холбох, видео хэлбэрээр дуудлага хүлээн авдаг болох, нууц тэмдэгтүүд ашиглаж шуурхай дуудлага өгөх зэрэг олон арга зам байж болно. Ийм үйлчилгээг яаралтай үүсгэж, механизмтай болгооч гээд ЦХХХЯ-нд хүсэлт гаргаж, уулзъя гэсэн боловч яам огт хариу өгөөгүй. Одоог хүртэл үйлчилгээ бий болоогүй л байгаад байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээнд тохирсон үйлчилгээг бий болгох зохицуулалтыг төр өөрөө хариуцсан байгаа. Хуульд бүх зохицуулалт бэлэн болоод байгаа. Гэвч төсөв байхгүй гэсэн шалтгаанаар хойшлогдоод байдаг. Төр арай л сэтгэлгүй хандаж байна. Гадаадад бол хөгжлийн бэрхшээлтэй хүн цагдаагийн дуудлага авдаг. Ийм үйлчилгээ бий болчихсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс асуудлаа мэддэг. Нэгэндээ туслах хүсэл сэтгэлд нь байдаг учраас хэрэгцээндээ суурилсан үйлчилгээг бий болгож чаддаг хэрэг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нь ч юм уу, төсвийг эх үүсвэрүүдээс нь судалж байгаад бий болгох нь төрийн үүрэг.
Дахин нэг кейс ярихад:
Манайх дээр нэг насанд хүрсэн эмэгтэй ирсэн юм. Хөдөө орон нутагт бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Үүнийгээ цагдаад очоод хандсан байгаа юм л даа. Цагдаагийн ажилтнуудад тэр үед сонсголын бэрхшээлтэй хүнтэй харьцах арга техник, хэлмэрч байгаагүй. Тэгээд Улаанбаатар хотод байгаа 12 настай охин нь бүх мэдээллийг ээжийнхээ өмнөөс өгсөн. Энэ тохиолдолд 12 настай охин бэлгийн хүчирхийллийн асуудлыг ярина гэдэг өөрөө дам цочролд орж байгаа асуудал. Эндээс харахаар дохионы хэлний орчуулагчийн хүртээмж, мэргэжлийн мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчдийн хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй харьцаж чадахгүй байгаа байдал маань өөрөө давхар хохирогч бий болгож байна. иймээс шуурхай дуудлагын утсанд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хандах боломжийг төр яаралтай бий болгох хэрэгтэй. энэ бол төсөв ярьж хойшлуулах асуудал биш гэлээ.