Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "KFC" брэнд тохижилт хийхээр болсонтой холбоотойгоор "Цэцэрлэгт хүрээлэнгийн газрын хувийн компанид өглөө. Бизнесийн байгууллагад давуу эрх олголоо" гэх шүүмжлэлийг дагуулаад байна. Энэ талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзулаас тодрууллаа.
КОМПАНИУД НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД НОГООН ОРЧИН БИЙ БОЛГОХОД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ ИРСЭН
Тэрбээр "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол улсын тусгай хамгаалалттай, онцгой объект. Учир нь энд Нийслэлийн ундны эх үүсвэр байдаг. Тиймээс хэзээ ч эндхийн газар хэн нэг иргэний, эсвэл ААН-ийн эзэмшилд очихгүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 973 га талбайн гуравны нэгийнх нь ерөнхий төлөвлөлт нь 2014 гарсан байдаг. Энэ төлөвлөлтийн дагуу бид хүрээлэнгийнхээ 85 хувьд нь ногоон байгууламж бий болгохоор зорьж байна. Харин 15 хувьд нь иргэд амарч зугаалахад зориулсан тохижилтын ажлыг хийж байгаа юм. Ингэхдээ улс, нийслэлийн төсөв болон олон улсын байгууллагын хандив тусламжаар тохижуулж байна.
Мөн үүний зэрэгцээ ААН, байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд манай ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулаад зөвхөн тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийж өгдөг. Ингэж хийсэн ажлаа Нийслэлийн өмчид бүртгүүлж, хүлээлгэж өгдөг юм. Бидний мэдэх ийм жишгүүд байдаг шүү дээ. Жишээлбэл, JCI олон улсын байгууллага Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 1,7 га газарт тохижилт хийж өгсөн байдаг. Түүнчлэн, Rotary олон улсын байгууллага тусгай хэрэгцээт хүүхдүүдийн тоглоомын талбай хийж өгсөн байдаг. Цагдаа талбай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын талбай, Хил хамгаалах байгууллагын талбай, Сөүлийн талбай гээд маш олон талбай бий. Ботаникийн мини цэцэрлэгт хүрээлэнг БНХАУ-ын Байгаль орчны яамнаас санхүүжүүлж байгуулсан талбай, "Жем интернэшнл" компанийн хийж өгсөн тохижилтын ажил гээд олон зүйлийг нэрлэж болно.
ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД KFC АЖИЛЛАХ ГЭЖ БАЙНА ГЭХ ТАШАА МЭДЭЭЛЭЛ ТАРХААД БАЙНА
KFC бусад компаниудын нэгэн адилаар тохижилтын ажил л хийж өгч байгаа юм. Түүнээс биш, тэнд үйл ажиллагаа явуулаад, хоол унд зараад эхэлнэ гэсэн үг биш. Хуулиараа ч тэгэх боломжгүй юм. Байгаль орчны тухай хууль, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн холбогдох дүрэм журмын дагуу л ажиллана. Тиймээс энд ямар хоол үйлдвэрлэл, байшин барилга байхгүй. Таванбогд компани энэ төслөө хэрэгжүүлэхийн тулд 5-аас олон жил ярилцаж ирсэн. Энэ хүрээндээ 2,5 тэрбум төгрөгийг тохижилтод зориулж бэлдсэн. Улсдаа, Нийслэлдээ ийм хөрөнгө оруулалт хийж байгаа юм.
УЛСЫН ТӨСӨВ ХҮНД ҮЕД ХУВИЙН ХЭВШИЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ БАЙГАА НЬ САЙН ЖИШИГ
Хүмүүс "яагаад энэ бүтээн байгуулалтаа хол хийж болоогүй юм бэ, яагаад заавал цэцэрлэгт хүрээлэнд вэ" гэж асууж байна. Гэтэл үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон давуу тал бий шүү дээ. Хотын төвд, хүмүүс ихээр цугладаг газар гэх мэт. Хоёрдугаарт, энэ компанийн хийж өгсөн тохижилт, тарьсан мод, зүлэг цэцгийг нь манай байгууллага хариуцаад, арчлаад аваад явна. Улсын төсөв хүнд байгаа үед хувийн хэвшлийн компани хүсэлтээ ирүүлэхэд бид үүнийг нь дэмжсэн л процесс өрнөж байна. Цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах тухай маш олон хүсэлт хувийн хэвшлийнхнээс ирдэг. Бид төсөлтэй нь танилцаад, хамгийн найдвартай, баталгаатай, ерөнхий төлөвлөгөө, хууль, журамд нийцсэнийг нь сонгосон юм. Эцэст нь хэлэхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг нь зөвхөн тохижуулж, иргэдэд ээлтэй орчин бий болгож байна. Түүнээс биш өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг хэлье" гэлээ.