“Өрөг” хэлэлцүүлгийн энэ удаагийн дугаарыг “Бизнес дэх төрийн дарамтыг бууруулж чадах уу" сэдвээр бэлтгэлээ.
Хэлэлцүүлгийн зочид:
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх С.Тэнгис
Улаанбаатар үнэт цаасны биржийн гүйцэтгэх захирал Б.Гантулга
Нийслэлийн цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг
“Lhamor” брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан
“74 ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛСНААР ИРГЭДИЙН ЦАГ ЗАВЫГ ТАВ ДАХИН ХЭМНЭСЭН”
Нийслэлийн цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг: “Старт-ап бизнес эрхлэхэд нийслэлээс зөвшөөрөл авдаг. Ингэхэд цөөнгүй хүндрэл бэрхшээл гардаг байсан. Одоо ч бий. Цаг засвараас авхуулаад барилга барих хүртэлх 225 зөвшөөрлийг олгож байна. Иймээс нийслэлээс хүнд суртлыг бууруулахын тулд 74 төрлийн зөвшөөрлийг тусгай платформ хандаад 5 минутын дотор авах боломжийг бүрдүүлээд явж байна. Төр зөвшөөрөл олгохдоо 11 төрлийн бичиг баримтыг шаардаж ирсэн. Жишээлбэл, тухайн байгууллага байгуулагдаагүй, ямар нэг хог гаргаагүй байтал хогны тээврийн гэрээ хийхийг шаарддаг гэх мэт. Үүнийг байхгүй болгосноор иргэд цаг заваа алдаж, хорооны засаг даргаас авхуулаад олон газарт очих хүндрэлийг үгүй болгосон. Иргэн 14 хоногийн дотор материалаа бүрдүүлж өгдөг байсныг өөрчилсөн. Иргэдийн цаг завыг бид 5 дахин хэмнэж чадсан гэсэн үг.
“ГАДНЫН ТҮНШДЭЭ БАРААГАА НИЙЛҮҮЛЭХЭЭР ТОХИРЧИХСОН БАЙХАД МОНГОЛДОО СААТУУЛААД БАЙДАГ НЬ ХЭЦҮҮ”
Үйлдвэрлэгчид Монголоос бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргахад тохирлын гэрчилгээ шаардлагатай болдог. Дистрибьютер компаниуд маань бусад шаардлагатай зөвшөөрлүүдийг авдаг. Гэтэл гаднын улсуудын жишгийг харахад цаана нь худалдан авагч байвал улс нь заавал бичиг цаас болж зөвшөөрөл өгөөд байдаггүй юм билээ. Бид бүтээгдэхүүнээ гаргая гээд гааль дээр яваад очиход “Тохирлын гэрчилгээ чинь хаана байна вэ, Монголоос та нарыг гарахыг хэн зөвшөөрсөн юм бэ” гээд саад учирдаг. Энэ бол суурь асуудал. Тохирлын гэрчилгээг нь авахын тулд маш их ажил болдог. Гадны улсын түнштэйгээ гэрээгээ хийчихсэн байхад яагаад хүнээс хамаарч ажил маань саатах ёстой вэ?
"ГЭРЭЭСЭЭ ГАРАХГҮЙГЭЭР КОМПАНИ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙГ И-БИЗНЕС ПЛАТФОРМ БҮРДҮҮЛЖ БАЙНА"
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх С.Тэнгис: “Засгийн газар И-бизнес системийг хөгжүүлэхээр зорьж байна Энэ бол гарааны бизнесүүдэд ашиг тусаа өгөх систем гэж бид харж байна. Бичиг баримтын бүрдлээс гадна хуулийн мэдлэгийг олгохоор зорьж байна. Гэрээсээ гарахгүйгээр компани байгуулах боломж бий болсон. Ингэснээр бизнесээ эхлэхийн тулд цаг хугацаа хөрөнгө мөнгө зарцуулахгүй байх давуу талыг бий болгож байна. Бизнес эрхлэгчдэд ээлтэй цоо шинэ эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорьж байна.
“ШААРДЛАГАГҮЙ ЗӨВШӨӨРӨЛ БИЗНЕСИЙН ХУРДЫГ СААРУУЛДАГ”
Улаанбаатар үнэт цаасны биржийн гүйцэтгэх захирал Б.Гантулга: “Бизнес эрхлэхээр ажил хөөцөлдөхөд дунд шатны дарга нар дээр ирээд гацах тохиолдол олон. Яам нь өөрөө журам баталчихдаг. Ингээд хуульд заагаагүй нэмэлт материал шаарддаг. Удаж удаж “Та ийм материалаа буруу бүрдүүлсэн байна” гэх зэргээр хариу ирдэг. Ингээд бизнесийн хурдыг сааруулдаг. Үүнийг дагаад авлига, танил талын асуудал хөндөгдөж ирдэг. Ер нь заавал зөвшөөрөл авах шаардлагагагүй, зүгээр л бүртгээд явчих боломжтой зүйлс олон байдаг. Өдөр тутам хэвийн явж байгаа бизнест саад болохгүйн тулд зүгээр л зарим материалыг нь бүртгээд бүртгээд явчих боломжтой. Цахимжихын давуу тал нь цаг хэмнэхээс гадна төрийн аппарат цөөрч, төсөв хэмнэх давуу талтай.
“ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АЧААГ ХӨНГӨЛЖ БАЙНА”
ЦХХХ–ны сайдын зөвлөх С.Тэнгис: “Зөвшөөрлийн тухай хууль хуучин байсан тогтолцоог олон талаас нь ахиулж, шинэчилж өгсөн. Зөвшөөрөл хүсээд материалаа өгөөд, 30 хоногийн дотор ямар нэг хариу өгөхгүй бол зөвшөөрөл өгсөнд тооцно. Мөн өмнө нь найман нэрийн барааны дэлгүүрийн захирал, байршил нь солигдохоор мэдээлэл өөрчлөгдөж зөвшөөрөл шинээр авч байгаа юм шиг материал бүрдүүлдэг байсан. Харин шинэчилсэн найруулгаар анхны материалд нь өөрчлөлт ороогүй бол зөвшөөрлөө сунгаж, шинэчлэхдээ өөрчлөгдсөн зүйлийнхээ л материалыг өгчих боломж бүрдсэн. Урд нь бол хоёр жил тутам бүх материалаа шинээр өгдөг байсан. Зөвшөөрлийн тухай зүйл хууль бизнесийн бүх асуудлыг шийдэхгүй, үндсэн үйл явцыг зааж өгч байгаа юм. Зөвшөөрлийн тухай хууль болон бусад харьяалсан салбарын тухай хуулиар шаардсанаас бусад нэмэлт шаардлагыг ямар нэгэн дүрэм, журам, даргын тушаалаар шийдэж болохгүй гэдэг зүйл тогтсон.
“БИЗНЕСИЙН БҮХ ТӨЛӨВЛӨГӨӨ ТОДОРХОЙ БАЙСАН Ч ЗӨВШӨӨРӨЛ НЬ ХОЁР САРЫН ДАРАА ГАРСАН”
Улаанбаатар үнэт цаасны биржийн гүйцэтгэх захирал Б.Гантулга: “Бизнес эрхлэхэд цаг хугацаа маш чухал. Төрийн албанаас өгч байгаа зөвшөөрөл нь цаг хугацаатай уралдаад байдаггүй. Төрийн байгууллагууд бизнес эрхлэгчдээс шаардаж байгаа материалууд нь маш “үзэмжийн” байдаг. Бидний өмнөх нийгмээс аваад үлдчихсэн ужиг зүйл байгаад л байна. Бүх зүйлийг төр хариуцах ёстой. Төрөөс зөвшөөрөл авч байж л ажил явдаг. Хүмүүс яах гэж нийлж төрийг байгуулдаг юм. Гуравхан хэрэгцээ байгаагийн үндсэн дээр л бид төрийг байгуулдаг. Энэ нь аюулгүй байх, эрүүл байх, боловсролтой байх. Ингээд л боллоо. Бусад асуудал дээр бол зах зээлийнхээ зарчмаар л явах ёстой. Нэг хүн зүгээр хогоо ачуулах гээд зөвшөөрөл авах чинь шаардлагатай зүйл биш шүү дээ. Алдаж байгаа цаг хугацаа хайран. Нэг жишээ ярихад, манай нэг компани ХК болох гээд зөвшөөрөл хүссэн. ХК болох тэр мөнгөөрөө үйлдвэр барих гэх мэт бүх бизнес төлөвлөгөө гарчихсан байсан. Харамсалтай нь зөвшөөрөл нь гарах ёстой хугацаанаас хоёр сарын дараа гарч ирсэн. Үүнийгээ тайлбарлахдаа хуралдаагүй байна гэхчлэн сонин зүйл хэлдэг. Ингээд зун барих ёстой байсан зүйл хоцорчхож байгаа юм. Улмаар хөрөнгө оруулагчдад амалсан амлалтдаа хүрч чадахгүй болно. Ингээд л бүтэн нэг жилийн ашиг орлого хойшилно. Ийм асуудал дээр зөвшөөрлөө өгчихсөн. Хоёр сар л хоцорсон гэдэг зүйл ярьдаг. Энэ хоёр сар гэх хугацаа бизнесийн хувьд асар том цаг хугацааны алдагдал болчхож байгаа юм. Гэх мэтчилэн бизнес хэрэгцээтэй хэрэгцээгүй зөвшөөрөл авах шаардлагууд асуудал болдог.
Мөн хэтэрхий хавтгайрсан нотариатын үйлчилгээг багасгахгүй бол энэ нь бизнес эрхлэгчдэд маш том асуудал болдог. Нэг талаасаа цаг алдана. Нөгөө талаасаа санхүүгийн хувьд асуудал үүсгэдэг.
“5Ш АЖИЛЛАГАА БИЗНЕСТ ЭЭЛТЭЙ ОРЧНЫГ БИЙ БОЛГОНО”
ЦХХХ–ны сайдын зөвлөх С.Тэнгис: “Төрийн үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээ мэдээлэл ил тод байх ёстой. Энэ бол үндсэн зарчим. Энэ дотроос заавал нээлттэй байх ёстой 68 төрлийн мэдээлэл байна. Үүнийг нэг нь тусгай зөвшөөрөл олгох журам. Яаж шийдвэрлэсэн үйл явц ч ил тод байх ёстой. Барилга байгууламж дээр ярихад хүн харахад стандарт шаардлагаа биелүүлсэн үгүй нь мэдэгдэхгүй барилгууд байдаг. Тэгвэл үүнийг хүлээж авсан комиссын акт ил тод байх ёстой. Өөрөөр хэлбэл асуудал үүссэн нөхцөлд хэн гэдэг хүн зөвшөөрөл өгөөд, хэзээ хуралдсан зэрэг мэдээллийг харах боломжтой. Энэ бол төрийн бүх байгууллагуудад хамаатай. Үүний хэрэгжилтийг сайжруулахын тулд ЗГ–аас Таван Ш ажиллагааг зохион байгуулсан. Үүнд шилэн байх, ил тод байх асуудал хамаарч байгаа юм. Энэ мэтээр shilen.gov сайт дээр мэдээ мэдээллийг ил болгосон. Үүнд иргэд ААН–үүд хамтдаа хяналтаа тавиад явах ёстой.
“АСУУДЛЫН ГОЛ ШИЙДЭЛ НЬ ЦАХИМ ШИЛЖИЛТ”
Нийслэлийн цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг: “Мэдээж бизнес эрхэлнэ гэдэг ганцхан зөвшөөрлөөс шалтгаалахгүй. Улаанбаатарт нийт хүн амын 45 хувь нь амьдарч байна. Үйлчилгээний салбарт 40 мянга гаруй бизнес үйл ажиллагаагаа явуулж байгаа. Цахим шилжилт нь бизнесийн үйл ажиллагаа явуулахад үзүүлэх давуу тал нь төр иргэн хоёр бие биедээ төвөг учруулахгүй, хөнгөн хэлбэрээр харьцдаг болно. Нөгөөтэйгүүр шударга байдал бий болно. Мөн татварын биелэлт 40 хувь нэмэгдэнэ гэж байгаа. Энэ нь орлого нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Өнгөрсөн оноос хойш 11 мянган шинэ бизнес бүртгүүлсэн байгаа юм. Нийслэлийн татварын биелэлт 30 хувиар өссөн байна.