Өмнөговь аймагт 20 мянга гаруй жолооч нүүрс тээвэрлэн хилийн боомт дээр ажилладаг. Гэвч хатуухан хэлэхэд, жолооч нарт амьд явах баталгаа алга. Өмнөговь аймгийн Ханбогд сум, Гашуунсухайт боомтоор л гэхэд манай улсын нүүрсний экспортын 51 хувь, харин Оюутолгойн зэсийн баяжмалын 55 хувийг экспортод гаргадаг. Өөрөөр хэлбэл, тээвэрт явж байгаа жолооч нар том зургаарааа улсын төсвийн орлого бүрдүүлэхийн төлөө гол ачаа нугалж, тоос шороотой, ийм л хүнд нөхцөлд ажилладаг юм. Тэд ингэж явахдаа эрүүл мэндийн тусламж авч чадалгүй амь нас эрүүл мэндээрээ хохирол тохиолдол олон байна.
Үзэгч таны харж байгаа энэ газар бол Гашуунсухайт боомт, Цагаан хад суурьшлын бүсийн дунд баригдсан, "Тайван зогсоол" нэртэй цогцолбор юм. Энэ газрыг түгээмэл түмэн хишиг компани эзэмшдэг. Төр хувийн хэвшлийн энэ компанитай тохиролцсоны үр дүнд бүтээн байгуулалт өрнүлж, энд байгаа эмнэлгийн зориулалтаар ашиглахаар одоогоос 3 жилийн өмнө шийдэлд хүрсэн байдаг. Улмаар, эмнэлгийн тоног төхөөрөмжийг "Эрдэнэс тавантолгой" хувьцаат компани хариуцан гаргахаар болж, нийт 1,1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авч өгчээ. Гэвч эмнэлгийн барилгыг одоог хүртэл ашиглаж чадахгүй, цоожтой хэвээрээ өдийг хүрч байна. 7 мянган хүн амд үйлчлэх хүчин чадал, төсөвт өртөгтэй Ханбогд сумын эмнэлэг 20 мянган жолоочийг хүлээж авах боломжгүй. Хуулиараа ч хязгаардлагдмал.
ХҮНД НӨХЦӨЛД АЖИЛЛАДАГ ЖОЛООЧ НАР ЦУС ХАРВАЖ, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧ БАЙНА
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж хэлэхдээ "Хувийн хэвшлийн барилгыг улс авч ашиглахад хуулийн дагуу Аудитын байгууллагаас хязгаарлалт тавиад байгаа юм. Учир нь, тоног төхөөрөмж нь бэлэн болсон барилгаа бид ашиглахын тулд бид Ханбогд сумын эмнэлгийн статусыг дээшлүүлж, зэрэглэлийг нь өргөтгөх хэрэгтэй. Ингэхгүйгээр 7 мянган хүнд үйлчлэхээр төсвөө батлуулсан сум дундын эмнэлэг шууд жолооч нарыг хүлээж аваад, энд ирээд эмнэлгийн тусламжаа үзүүлэх боломжгүй. Нэгдүгээрт, төсөв мөнгө ч байхгүй. Хоёрдугаарт, энд ажиллах эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд хэрэгтэй. Жолооч нарын эрүүл мэндийн асуудал маш олон жил хүнд явж ирлээ. Жолооч нар тээврийн замд явж байхдаа цус харваж байна. Мөн бэлгийн замын халдварт өвчин, бусад өвчлөлөөс авхуулаад гэрээсээ алс хол газар тээвэрт яваа 20 мянган жолоочид эмнэлгийн тусламж үзүүлэх зайлшгүй шаардлага байна. Энэ асуудлыг Эрүүл мэндийн яам болон бусад газруудтай хамтарч яаралтай шийдмээр байна. Хувийн хэвшил барилгаа ашиглуулъя гэж байгаа дээр нь бид шийдэл гаргах ёстой. Мөн дээрээс нь 1,1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг нь худалдаад авчихсан хэрнээ жолооч нартаа эмнэлгийн тусламж үзүүлж чадахгүй гацаанд орчихсон байна шүү дээ" гэв.
НЭГ САЯ ТОНН НҮҮРС ОЛБОРЛОХЫН ТУЛД 1,3 ХҮНИЙ АМЬ НАСЫГ ЗОЛЬЖ БАЙНА
Тиймээс холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, хувийн хэвшлийн барилгад сумын эмнэлэг орж ажиллах нөхцөл бүрдүүлэх, сумын эмнэлгийн статусыг дээшлүүлэх Боомтын сэргэлтийн үндэсний хороо Эрүүл мэндийн яамтай хамтарч ажиллахаар боллоо. Өмнөговь аймагт уул уурхайн тээвэрт явж байгаа жолооч нарын эрүүл мэнд ноцтой хохирч байгааг ХЭҮК-оос 2018 онд хийсэн судалгаагаар анхааруулж байсан. Жолооч нарын амьд явах баталгааг хангах хэрэгтэйг сануулсан. 2015-2018 онд Твантолгойн нүүрс тээврийн замд 50 гаруй хүн нас барсан. 1 сая тонн нүүрс олборлохын тулд 1,3 хүний амийг зольж байна гэж анхааруулсан байдаг юм. Тиймээс амьдралаа үүрч, бас улсынхаа эдийн засгийг үүрч яваа жолоочдынхоо амьд явах, эрүүл мэндийн тусламж авах эрхийг нь төр яаралтай шийдэх шаардлага үүсээд байна.
Видео сурвалжилгыг дээрээс үзнэ үү.