Консул асан Д.Мөнх-Эрдэнэд ял оноосон нь энэ долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4 зүйлчлэлд гэм буруутайд тооцон 3,7 сая төгрөгийн торгууль ноогдуулж, нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, 3 жил 10 сарын хорих ял оноолоо. Тэрээр улсад 82 сая төгрөгийн онц ноцтой хохирол учруулсан, бусдад хахууль өгөх замаар 10 сая төгрөг олж авсан учир нийт 92 сая төгрөгийг буцаан төлүүлж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
БУРУУТГАСАН ҮНДЭСЛЭЛҮҮД:
- БНХАУ-ын Хөх хот дахь Ерөнхий Консулоор ажиллах хугацаандаа БНХАУ-ын иргэнтэй түрээсийн гэрээ байгуулж, байрны түрээст 93 сая төгрөг төсөвт өртгөөс гаргуулсан,
- Хөх хот дахь Хянган замын тусгай дунд сургуулиас сургалтын төлбөр аваагүй байхад өөрийн хүүхдийн сургалтын төлбөрт 15 сая төгрөг төлсөн мэтээр хуурамч баримт бүрдүүлж, төсвийн хөрөнгөөс гаргуулж өөрийн эхнэрт олгосон,
- Дипломат төлөөлөгчийн газрын албан хэрэгцээнд ашиглаж байсан "Соната-7”, “Старекс” загварын автомашиныг шинэчилсэн бүртгэлд хамруулах нэрийдлээр БНХАУ-ын иргэнийг техникийн туслах ажилтнаар авч, 1,8 сая төгрөгийн цалин олгосон,
- Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад замын зардал олгохдоо Дэд Консул Б.Батзоригт 738 мянган төгрөг, атташе Д.Бямбаад 300 мянган төгрөг, эхнэр Д.Баянжаргал болон өөртөө 551 мянган төгрөг илүү олгож, төсөвт хохирол учруулсан,
- Илт худал мэдээллийг олон нийтэд тараасан
- Хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн
- "Евро сервис" ХХК-ийн захирал Б.Ганбаяртай бүлэглэж, газар ашиглах хугацаа сунгасан гэрчилгээ гаргаж бусдад давуу байдал бий болгосон. Ингэхдээ УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Эрдэнэбаярт албан тушаалтай нь холбогдуулан 20 сая төгрөг хахуульд өгсөн. Б.Эрдэнэбаяр гэгч нь УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байхдаа газрын гэрчилгээ сунгуулж өгнө хэмээн 20 сая төгрөгийн авлига авсныхаа төлөө 16 сая төгрөгөөр торгууллаа.
ХЭРЭГ ХИЙСЭН БОЛ ЯЛАА ҮҮРЭХ Л ЁСТОЙ
Хүн хууль зөрчсөн л бол хариуцлагаа үүрэх ёстой. Тиймээс ч Д.Мөнх-Эрдэнийг хөдөлшгүй нотлох баримтад үндэслэсэн бол яллах нь зүйн хэрэг. Тиймээс ч түүнийг сулла гэж муйхраар зүтгэх нь өрөөсгөл юм. Өөрөөр хэлбэл, Д.Мөнх-Эрдэнэ лайв хийж, олон нийтэд өөрийн дуу хоолойгоо хүргэж, шударга бус бүхэнтэй тэмцдэг байсан байж болно. Гэхдээ энэ нь түүнийг зөвтгөх, цагаатгах үндэслэл болохгүй юм.
Т.БАДАМЖУНАЙ, С.БАТДӨЛ НАРЫН ХЭРЭГ ТОМЧУУДЫН НЭГЭН АДИЛ ЗАМХРАХ УУ
Нөгөө талдаа, иргэдийг бухимдуулсан, нийгэмд хүлээлт үүсгэсэн нэг асуудал нь 10 тэрбумын авлигын хэргээр цагдан хоригдсон Улаанбаатар төмөр Замын тээвэр зохицуулалтын албаны дарга С.Батдөл юм. Хамгийн сүүлд шүүхээс өгсөн мэдээллээр түүний цагдан хорионы хугацааг дахин нэг сараар сунгажээ. Түүнчлэн, энэ долоо хоногт Засгийн газар шувуу ажиллагааны хүрээнд гадаад улсаас албадан авчирсан Т.Бадамжунайн хэрэг замхраад өнгөрөх үү, аль эсвэл шүүх Д.Мөнх-Эрдэнийн хэрэг шиг шуурхай шийдэх үү гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна. Түүний хувьд, ХХААХҮЯ-ны сайдаар ажиллаж байхдаа төслийн мөнгө завшсан хэргээр 2012 оноос л шалгуулж эхэлсэн байдаг. Сүүлд бусдаас авлига авсан хэргээр шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэх болоход 2018 онд Замын-Үүд боомтоор гарч зугтаасан байдаг юм.
Видео хувилбарыг дээрээс үзнэ үү.