Жин тээсэн олон тэмээ хөтөлж яваа морьтой хүний дүрс бүхий “Торгоны зам” хөшөөг уншигчид сайн мэднэ. “Тэмээ нь яагаад бурантаггүй байгаа юм бол. Ар, араасаа ингээд явчихдаг юм уу” гээд гайхах хүн олон байсан. Тэгвэл Увс аймгийн Хяргас сумын малчин эмэгтэй Ч.Долгормаа үүнийг анзаарч, тэмээнүүдийг өнөөдөр бурантгаар холболоо. 20 кг зогдроор 70-аад метр урт бурантаг томсон тэрбээр Улаанбаатарт нутгаасаа зорьж иржээ.
Ч.Долгормаа “Би өмнө нь Улаанбаатарт хэд хэдэн удаа ирсэн. Нөхөртэйгөө хамт энэ замаар автомашинтай, автобустай олон удаа явсан. Тэгэх бүрдээ “Энэ хөшөөг барьж, бүтээсэн хүмүүс яагаад бурантаггүй хийсэн юм бол” гайхдаг, санаа зовдог байлаа. Тэгээд нөхөр, хүүхдүүдтэйгээ ярилцан, бурантаг хийн, хооронд нь холбохоор шийдсэн.
Төв суурин газар өссөн хүмүүс, хүүхдүүд бурантаггүй тэмээг хараад ойлгохгүй. “Яаж явдаг юм бол. Морьтой хүнийхээ араас өөрсдөө дагаад явчихдаг юм болов уу” гэж бодно. Гэтэл тийм биш шүү дээ. Монгол түмэн тэмээгээ буйллаж, бурантаглан уналга, эдэлгээнд хэрэглэсээр ирсэн уламжлалтай ард түмэн. Тиймээс би 20 кг тэмээний зогдроор, 70 метр урт бурантаг томоод Увсаас ирлээ.
Тэмээнүүдийг ингээд бурантгаар холбочихоор гадаад, дотоодын жуулчдад, хойч ирээдүй болсон үр хүүхдүүдэд ойлгомжтой болно. “Бурантаглаад ингэж хөтөлж явдаг юм байна. Хооронд нь ингэж холбож уядаг юм байна” гэж бодно.
Өнөө цагт тэмээ унадаг, тэмээгээр нүүдэг айл улам цөөрсөөр байна. Үүнд нэлээд эмзэглэж явдаг. Айл болгон “Портер”, “Бонго”-той, түүгээрээ нүүдэг болж. Манай аймгийн бартаатай замтай, машин техник явахгүй газарт өвөлждөг, зусдаг айлууд тэмээгээ уналга, ачлагад хэрэглэдэг.
Бурантаг цаашид яг энэ хэвээрээ байхгүй. Бороо, усанд норно. Наранд өгөрнө, тасарна, сэмэрнэ. Тухай бүрд нь бид шинэчлээд, солиод явна. Эх оронч үзлээр эерэг зүйл хийе гэж бодоод л ийм зүйл санаачиллаа” гэв.
Түүний дүү Ц.Булган “Жилийн өмнө авга ах минь “Тэмээний хөшөөнүүдийг бурантагтай болгоё” гэсэн юм. Би “Тэгье, тэгье ах аа. “Захаас томсон олс аваад хийчихье” гэхэд “Үгүй ээ. Тэмээний, жингийн цувааны бурантгийг ноосоор томсон олсоор хийдэггүй. Тасарчихна. Заавал тэмээний зогдор, хялгасаар нь томсон олс байх хэрэгтэй. Тэгвэл бат бөх. Увсаас томж авчирна” гэж байлаа. Яг жилийн дараа ингээд томоод ирсэн ах, эгч хоёроороо бахархаж байна.
Дээр үеэс болдоггүй, дийлддэггүй, сахилгагүй хүнийг бурантаггүй тэмээтэй зүйрлэдэг байсан юм билээ. Үгэнд ордоггүй, дур зоргоороо аашилдаг хүмүүсийг бас тэгж хэлдэг байж.
Магадгүй Улаанбаатар руу орж яваагаар дүрсэлсэн “Торгоны зам” бүтээлийн тэмээнүүд бурантаггүй нь өөр, өөрийнхөөрөө, дур зоргоороо аашилсан хүмүүсийн бэлгэдэж байгаа ч юм бил үү. Бурантагтай болгочихвол хүн бүхэн өөрийн гэсэн хариуцлагатай, хийсэн, бүтээсэн зүйлтэй, эх орондоо эзэн нь болох юм болов уу гэж бодлоо, бэлгэдлээ” гэлээ.