Өнгөрсөн жил хуванцар хаягдалын хор уршгийг таниулах олон чухал судалгаануудын үр дүн гаргасан байна. Недерландийн Vrije Universiteit Amsterdam Их сургуулийн судлаачид 22 эрүүл саруул насанд хүрсэн хүний цусыг шинжилж үзэхэд 17 хүн цусандаа бичил хуванцар агуулж байгааг тогтоожээ. Үүгээр зогсохгүй нэг настай хүүхдийн өтгөнийг Нью Йоркийн их сургуулийн судлаачид Хятадын эрдэмтэдтэй хамтарч судалж үзэхэд насанд хүрсэн хүнээс илүү хэмжээтэй бичил хуванцар байгааг тогтоосон байна. Үүний дараанаас эрдэмтэд хүний биеэс ялгардаг төрөл бүрийн өтгөн шингэнд бичил хуванцар байгаа эсэхийг шинжилсээр шээс, эхийн сүү, эхэс, бүр биеийн эрхтэнүүдийг хүртэл судалж үзсэнээр бүх эрхтэнд агуулагдаж байгааг тогтоожээ. Тиймээс эрдэмтэд нярай хүүхдийг ямар хуванцар угж, халбагаар хооллохгүй, хүүхдэд хуванцар тоглоомоор тоглуулахгүй байх нь зүйтэй гэж үзэж байна. Угж халбага, хуванцар аяга халбага, тоглоомууд хүүхдийн биед насанд хүрсэн хүнээс их хуванцар нэвтрэх гол шалтгаан болоод буй аж.
ХУВАНЦАРЫН ГАМШИГ
Дэлхий нийтээр хуванцрын үйлдвэрлэл жилд 330 сая тонн болтлоо өссөн төдийгүй энэ хэмжээ ойрын 20 жилд хоёр дахин өсөх төлөвтэй байна. Нэг минут тутамд далай руу нэг ачааны машин хуванцар цутгах хэмжээний их хуванцар хог хаягдал болж байна гэсэн үг юм. Монгол улсад ч нэг хүн хамгийн багадаа 32 грамм хуванцар хаягдал өдөр бүр гаргадаг байна. 1970-аад оноос хойш хүн төрөлхтөн асар их хуванцар хэрэглэж хаясанаас болоод ус, хөрс, агаарт нэвчиж хамгийн сүүлд Антарктидийн цасанд хүртэл бичил хуванцар хүрч очжээ.
Эрдэмтэд 10 гаруй жилийн өмнө ундны усанд хуванцар буюу бичил хуванцар (хүний үсийг 100 хуваасантай тэнцүү тийм жижиг) орсон байгааг мэдээлж байсан бол өнгөрсөн жил хүний цус, өтгөн, эхэс, болон эхийн сүүнд агуулагдаж байгааг тогтоосон нь олон улс орон хуванцрын хэрэглээгээ эргэн харахад хүргэсэн билээ. Хуванцрын гарцыг бууруулахын тулд нэг удаагийн хэрэглээний болон эдэлгээ муутай бүх төрлийн бүтээгдэхүүн, сав баглаа боодлыг бүр мөсөн хориглох нь гол шийдэл юм байна гэж дэлхийн улсууд үзэх боллоо. Хүнс, ундааны компаниудаас эхлээд үйлдвэрүүд бүгд дахин ашиглагдах савлагаанд системтэйгээр заавал шилжиж, дахин ашиглах савлагаагаа эргүүлэн татах тогтолцоотой болох ëстой.
Жишээ нь, хийжүүлсэн ундаа, пиво гэх мэт уух зүйлсийг нэг удаагийн хуванцар саванд савлаж зарахаа зогсоож 10, 20 жилийн өмнөх шигээ дахин ашиглагдах шилэн лонхонд савлаж худалдах нь ганц шийдэл ажээ. Ингэж байж л хором бүрт хог хаягдал тарьдаг нийгэм биш харин хог хаягдалгүй, бүгдийг дахин боловсруулж, дахин ашигладаг нийгэмд бодитоор бий болгох боломжтой. Дэлхий нийтээрээ хуванцрыг дахин ашиглаж болно, хогоо ангилах гэдэг санаанд итгэж, замбараагүй их хуванцар хэрэглэж ирсэнээс болж хуванцар нэгэнт хаа саагүй тархаад байна. Ямар ч орон хуванцрыг зохистой зохицуулах шийдэл олоогүй ба газарт булах, шатаах гэсэн аргыг хэрэглэж эхэлсэн нь ус, агаарт нэвчих үндэс болсон юм. Хуванцрыг дахин боловсруулах арга нь дангаараа хангалтгүй бөгөөд өөр олон янзын шинэ бэрхшээл, цаашлаад урьдчилан тооцоогүй сөрөг үр дагаварууд үүсгэж ирсэн учраас юун түрүүнд хог хаягдлын гарцыг БУУРУУЛАХ; зайлшгүй гарсан хог хаягдлыг ДАХИН АШИГЛАХ; эцэст нь үлдсэн хог хаягдлыг ДАХИН БОЛОВСРУУЛАХ нь зүйтэй гэж тогтоод байна.
Хуванцар яагаад аюултай вэ?
Хуванцар материал болон хуванцрын нэмэлт бодисууд болох фталат болон бисфенол-А (BPA) нь хүн болон амьтдын өсөлт зогсох, нөхөн үржихүйн өвчлөл, дотоод шүүрлийн булчирхайн эмгэг болон хорт хавдар тэр дундаа эрэгтэй хүнд түрүү булчирхайн эмгэг үүсгэдэг болох нь нотлогдов. Бичил хуванцар хүний биед огт байх ёсгүй бодис юм. Бичил хуванцар – хуванцар материал задрахдаа олон тооны бичил хэсгүүд болдог нь хамгийн том асуудал болж байна. Жин багатай жижиг учир хаа сайгүй тархаж бохирдол үүсгэж, хүн төрөлхтөн энэ бохирдолыг хянах аргагүй болоод одоо хуванцарыг хямрал гамшиг гэж зарлаж эхэллээ.
Эх сурвалжууд
https://www.nationalgeographic.com/environment/article/microplastics-are-in-our-bodies-how-much-do-they-harm-us https://futurism.com/neoscope/scientists-microplastics-inside-human-organs
https://www.ecosoum.org/_files/ugd/55e3ff_8218c3ad9042456d8d6c10ead0466ea8.pdf
Сэтгүүлч Халиун