Энэ жил Энэтхэг улсад болсон боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн тамирчин Мөнхцэцэгийн Энхжаргал анх удаа оролцоод хүрэл медаль хүртсэн. Дэлхийн дэвжээнд анх удаа өрсөлдөөд медаль авсан нь яах аргагүй хүссэн бүхэн гаргахад бэрх бахдам амжилт. Ингэснээр М.Энхжаргал дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Монголын хоёрхон эмэгтэй боксчны нэг болсон юм. Боксын өсвөр үеийн ДАШТ-ээс медаль авсан Монголын анхны гурван эмэгтэй тамирчны нэг түүнтэй ярилцлаа.
М.Энхжаргал “ДАШТ-д анх удаа оролцоод хүрэл медаль авсандаа баяртай байна. Олон жил хөдөлмөрлөсөн хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртээд гоё байна.
УАШТ-ий бэлтгэлд гарахдаа л “Би дэлхийн аваргад оролцоно” гэж зорьсон. Улсын аваргад түрүүлснийхээ дараа “Дэлхийн аваргад амжилт гаргана. Надад нөөц боломж байгаа” гэж бодоод, том зорилготой очсон.
Хүрэл медалийн төлөө Италийн тамирчинтай тоглосон. Их тайван гарлаа. “Надад дутуу юм байхгүй” гэж бодсон. Яг рингэнд гарсны дараа “Одоо яах бол” гэсэн бодол төрдөг юм байна лээ. “Хичээнэ шүү. Яах гэж энд ирлээ. Боксыг яах гэж эхлүүлсэн билээ. Одоо л биш бол хэзээ ч биш. Энэ өдөр ганц тохионо” гэж бодон, өөрийгөө хурцалсан.
Раунд ахих тусам сайн ажилладаг, сэргэдэг нь миний тоглолтын онцлог. Би өөрийгөө ялсан байх гэж бодон багш нар дээр гүйж очиход “Миний охин ялчихлаа” гэсэн.
Яллаа гээд шүүгч миний гарыг өргөхөд хамгийн түрүүнд аав, ээжийгээ, багшийгаа, надад тусалдаг, дэмждэг хүмүүсийг хамгийн түрүүнд бодлоо. “Би чадчихлаа. Энэ олон хүний хөдөлмөрийг үгүй хийсэнгүй. Үр шимийг нь гаргачихлаа. Бид чадлаа” гэж бодсон.
Хүрэл медалийн төлөө ялчхаад би амжилтдаа ханаагүй. “Надад дахиад хоёр даваа байгаа. Медалийн өнгөө хувиргах, дэлхийн аварга болох боломж байгаа” гэж бодсон, өөрийгөө тайвшруулсан.
Мөнгөн медалийн төлөө тоглохдоо эхний үед хожигдсон. Хоёрдугаар раундад 3:2-оор ялсан. Гуравдугаар үед харамсалтай нь 4:1-ээр хожигдлоо. “Медалийнхаа өнгийг хувиргая, байгаа бүхнээ гаргая” гэж бодоод тоглосон.
Өмнөх тоглолтуудад би урагш давшиж тоглосон. Хагас шигшээд арай сэргэлэн, зальтай тоглоё гэж бодлоо. Тэгээд арагшаа тоглосон минь буруудчих шиг боллоо, алдаагаа дүгнэхэд.
Дэлхийн медальтан болж, шагналын тавцанд зогсоход гоё байсан, “Би чадчихлаа” гэж бодлоо. Нөгөө талаар их гунигтай байсан.
Өрсөлдөгч тамирчнаа финалд тоглохыг нь хараад “Би оронд нь байж болох байсан. Чадсангүй. Надад хангалттай хүч байсан. Аваргын төлөө өрсөлдөж буй тамирчдаа би илүү байсан” гэх бодол төрсөн. Харамсах, баярлах зэрэгцэж байлаа.
Медалиа зүүгээд, эх орондоо ирэхэд хөгжим эгшиглээд, гэр бүлийнхэн минь баярлан, мөнгөн аягатай сүүтэй угтсан. Боксынхон, ажлын хамт олон, багш нар, гэр бүлийнхэн маань баярын нулимстай угтахад нь сэтгэл их хөдөллөө.
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд Гавьяат дасгалжуулагч Аабатын Гантулга багшийн удирдлагад 2011 оноос хойш боксоор хичээллэж байна. Одоо бэлтгэлээ А.Гантулга, Ж.Отгонбаяр багшийнхаа удирдлагад, үндэсний шигшээ баг дээр хийдэг.
Одоогоор насанд хүрэгчдийн УАШТ-ий нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай. Залуучуудын болон өсвөрийн УАШТ-ий хоёр алтан медальтай. 2015 онд өсвөрийн ДАШТ-ээс Монголоос анхны хүрэл медалийг хүртсэн. 22 хүртэлх насны ангиллын Азийн аварга. Дэлхийн цомын аварга.
Энэ амжилт ганцхан минийх биш. Олон хүний амжилт. Намайг үргэлж дэмждэг Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар даргадаа, Батлан хамгаалах яам, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн хамт олондоо, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нартаа, боксынхондоо, Гавьяат дасгалжуулагч А.Гантулга, Ж.Отгонбаяр багшдаа, найз нөхөд, гэр бүл, намайг гэдэг бүх хүнд баярлалаа.
Цаашдын зорилго гэвэл, олимпын эрх авч, олимпод оролцон, медаль авах. Ойрын зорилго гэвэл, одоо болох Азийн наадамд түрүүлэх. Мөн өдөр өдрийнхөө бэлтгэлийг өөртөө зориулж, чин сэтгэлээсээ хийнэ” гэлээ.