Д.Бадарч МУИС-ийн захирлаар томилогдоод БШУ-ны сайдтай гэрээ байгуулан, МУИС-ийн захирлын албан тушаалын сарын үндсэн цалинг өмнөх захирлын цалингаас 3 дахин их буюу 6.000.000 төгрөгөөр тогтоолгосон төдийгүй эрдмийн зэрэг, цолны нэмэгдлийг нэмж авч байгаа аж. Зүй нь МУ-ын Засгийн газар төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтны цалинг тогтоодог байтал түүний цалинг төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн хэмжээнээс хэт өндөр хэмжээгээр тогтоож, Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасан удирдлагын зардлыг бууруулах, цалинг хэмнэх, төсвийн зарлагын үр ашгийг дээшлүүлэх, хэмнэлтийн горимыг илтэд зөрчжээ. Зөрчөөд зогсоогүй Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх ёстойг БШУ-ны сайд Л.Энх-амгалан тэтгэврийн настанд хэлээгүй эсвэл хэлсэн үгийг нь ойлгоогүй юу. Асуудал үргэлжилсээр.
Монгол Улсын Их Хурлаас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр баталсан, энэ хуулиар төрийн бүх шатны байгууллага, нийтийн алба, албан тушаалтанд санхүүгийн сахилга батыг мөрдөх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хэмнэлтийн горимыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон.
Төрийн хэмнэлтийн тухай хууль хүчин төгөлдөр болмогц МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “төрийн байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглоно” гэж заалтыг хэрэгжүүлж, МУИС-ийн дэд захирлуудын орон тоог хасч, бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Уг дэд захирлын албан тушаалд ажиллаж албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Гэтэл Д.Бадарч нь МУИС-ийн захирлаар томилогдсоны дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Удирдах зөвлөлөөр захиргааны бүтцийг өөрчлөн батлуулахдаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Учир нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр МУИС-ийн дэд захирал-ын орон тоог захиргааны бүтцээс хасч, уг орон тоонд ажилласан байсан албан хаагчийг чөлөөлсөн байтал 6 сарын дараа дээрх дэд захирлын эрхэлж байсан чиг үүрэгтэй ижил, үүрэг бүхий эрхэлсэн захирал гэсэн өөр нэршилтэй албан тушаалыг бий болгож, шинээр 4 орон тоо баталсан байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д “Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно” гэсэн заалтыг үл ойшоов. Тэр байтугай өөрийн баталсан удирдамж, журмыг зөрчиж, ашиг сонирхлын зөрчилтэй хоёр ч хүнийг оюутан эрхэлсэн, санхүү эрхэлсэн захирлаар томилсон нь МУИС-ийн эрдмийн хамт олныг элэглэн тохуурхсан хэрэг юм.
Хэрэв төрийн байгууллага, албан тушаалтан дээрх хууль тогтоомжийг мөрдөхгүй, хэрэгжүүлж ажиллахгүй, зөрчсөн тохиолдолд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төсвийн захирагч, энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан этгээдийн гүйцэтгэх удирдлага болон холбогдох албан тушаалтан үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болно” гэж заасан байна.
МУИС-ийн захирал Д.Бадарч 2022 оны 12 дугаар сарын 21 өдөр томилогдсоны дараа МУИС-ийн захиргааны бүтцийг өөрчлөн баталсан. Өнөөдрийг хүртэл төрийн өмчийн бусад их сургуулиуд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг мөрдөж, дэд захирлын албан тушаалын орон тоог хасаж, ижил чиг үүрэгтэй /газар/ нэгжүүдтэйгээр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэн ажиллаж байна.
Гэтэл МУИС-ийн шинээр батлагдсан бүтцийн хувьд захиргааны бүтцийн нэгж, удирдлагын орон тоог нэмэгдүүлсэн байна. Бүтцийн нэгжийг “захиргааны бус үйлчилгээний нэгж” гэдэг нэрийн доор тайлбарлаж, нэгжийг нэмэгдүүлсэн, удирдлагын тоог ихэсгэсэн үйлдлээ нуун дарагдуулж байна. Өнөөдрийн байдлаар захиргааны бүтцийн өөрчлөлтөөр орон тоо цөөрсөн, хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн захиргааны ажилтан байхгүй бөгөөд эсрэгээрээ дарга нарын тоо, захиргааны нэгжийн тоо нэмэгдсэнээр Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдахаас өмнө байсан МУИС-ийн захиргааны бүтэц, орон тоо нэмэгдэж, төсвийн зардлыг өссөн байна.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.6-д зааснаар МУИС-ийн захирал нь “байгууллагын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, цалин хөлсийг орлого, гүйцэтгэл, үр дүн, үр ашигтай нь уялдуулан олгох” арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй байна. МУИС-ийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/38 дугаар тушаалаар МУИС-ийн багш, ажилтны цалингийн сүлжээг шинэчлэн батлахдаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримтлаагүй. Энэхүү тушаалаар захиргааны бүтцэд шинээр бий болсон МУИС-ийн эрхэлсэн захирлын албан тушаалын цалингийн хэмжээг Төрийн хэмнэлтийн тухай хууль мөрдөгдөж эхлэхээс өмнөх ажиллаж байсан МУИС-ийн дэд захирлын албан тушаалын цалингаас 14.3 хувиар, захиргааны бусад удирдах албан тушаалтан буюу газрын даргын цалингийн хэмжээг өмнөх ажиллаж байсан газрын даргын цалингаас 16.6 хувиар илүү тогтоож, шатлал зэргийг өсгөсөн байна.
Мөн захиргааны бүтцэд шинээр “Захирлын ажлын алба” гэсэн шинэ нэгжийг бий болгож, уг албан тушаалд ажиллах даргын цалинг 3.419.790 төгрөгөөр тогтоосон байна. Мөн Хууль, хүний нөөцийн бодлогын газрын даргын албан тушаалын шатлалыг Хэмнэлтийн тухай хуулиас өмнөх ажиллаж байсан Захиргаа, хүний нөөцийн газрын даргын албан тушаалын цалингаас 27.7 хувиар илүү тогтоож, шатлал зэргийг 2 шат ахиулсан байна.
МУИС-ийн Удирдах зөвлөлөөс МУИС-ийн багшийн цалинг 10 хувь нэмэх шийдвэр гаргасан байтал МУИС-ийн захирал нь өөрийн албан тушаалаа ашиглаж, захиргааны удирдах албан тушаалтнуудын үндсэн цалинг 14.3%-27.7% нэмж, удирдлагын зардлыг нэмэгдүүлсэн байна. Эдгээр нь зөвхөн ил байгаа, Д.Бадарчийн захирлаар ажиллах богино хугацаандаа гаргасан хууль зөрчсөн үйлдлүүдийнх нь зах зух болно.
Эдийн засгийн хүнд үед улс даяараа хэмнэлтийн горимд шилжиж, хэмнэж болох үр ашиггүй бүх зардлыг багасгах, удирдлагын зардлыг бууруулах, бүтэц орон тоог цөөрүүлэх, цалинг хэмнэх зэрэг санхүүгийн сахилга баттай холбоотой үүрэг даалгаврыг төрийн бүх шатны удирдлагад өгсөөр байтал төрийн хууль тогтоомжийг зөрчиж, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн, хууль бус шийдвэр гаргаж оюутны сургалтын төлбөрийг сурах орчин, сургалтад нь зориулахгүй, дарга нарт зориулан үр ашиггүй зардал гаргасаар байна. Хууль зөрчих, баталсан журмаа зөрчих, хүчин төгөлдөр хуулийн заалтыг дагаж мөрдөхгүй байдал хавтгайрсан явдал нь энэ мэт этгээдүүдийн балмад үйлдэлтэй шууд холбоотой болох нь тодорхой. Харамсалтай нь ийм үйлдлийг монголын эрдэм оюуны түүчээ их сургуулийн захирал хийж байгааг зөвтгөх арга байхгүй.
Шүүр ажиллагаагаар шүүрдэх хог их байна даа.
Нийтлэлийн өмнөх дугаарыг ЭНД дарж үзнэ үү