Нийгмийн стресс бухимдал ихсэж, техник технологийн хэрэглээ өсөхийн хирээр хүмүүс бидний анхаарал төвлөрөх чадвар суларч байдаг талаар ой тогтоолтын багш, их мастер Ө.Сэнгэсамдан хэллээ. Бид түүнээс төвлөрөх чадвараа хэрхэн сайжруулах тухай зөвлөгөө, мэдээлэл авлаа.
Тэрбээр, Мэдээж стрессгүй хүн гэж байхгүй. Гэхдээ зөв зүйлийн төлөө стресстээд байна уу, буруу зүйлийн төлөө стресстээд байна уу гэдэг нь чухал. Аливаа шинэ ур чадвар эзэмших гээд түүнийхээ төлөө өөрийгөө дайчилж стресстэж байвал, энэ нь сайн зүйл. Буруу стресстээд байх юм бол үүнийгээ зөвөөр тайлах аргуудад суралцах хэрэгтэй. Түүнээс биш хорт зуршил хэрэглэх, ихээр идэх нь шийдэл биш. Ийм хүмүүс олон байдаг. Стрессийг дасгал хөдөлгөөнөөр тайлах хэрэгтэй. Тамирчдын хувьд дасгал хөдөлгөөн, идэж буй хоол, нойр гурваа зөвөөр зохицуулдаг. Ой тогтоолтын спорт бол тархины дасгал хөдөлгөөн. Хүн дуртай зүйлээ хийж байж стрессээ тайлдаг. Бидний хувьд ой тогтоолтын спорт бол хобби л гэсэн үг. Үүндээ дурлачихсан учраас өдөр тутамдаа цагаа зарцуулж байдаг. Ой тогтоолтоо сайжруулахад анхаарал төвлөрөлт шууд хамааралтай. Анхаарлаа төвлөрүүлэх чадвартай хүн аливаа жижигхэн зүйлд стресстэхгүй.
Техник технологи хөгжихийн хирээр хүмүүсийн анхаарал төвлөрөх чадвар багасдаг гэж үзэж болно. Миний уншсан мэдээллээр ирээдүйд ямар чадвартай хүн илүү эрэлттэй болох гэхээр, анхаарлаа төвлөрүүлж чаддаг хүн гэж байгаа юм.
Яагаад гэвэл тухайн хүмүүс маань аливаа шинэ мэдээллийг богино хугацаанд өөрийн болгож чаддаг. Ой тогтоолтын спортоор дамжуулаад, хүн анхаарал төвлөрөх чадвараа дээд зэргээр нэмдэг. Нэгхэн жишээ хэлэхэд ой тогтоолтын спорт арван төрөлтэй. Тамирчид бүгдийг нь хийж чаддаг байх хэрэгтэй. Ингэхийн тулд нэг төрөл дээр нь л гэхэд өдөрт гурван цаг суудаг. Нэг цаг хөзөр цээжлээд сууна. Буцаад нөгөөхөө хоёр цаг санаж бичнэ.
ЦАГНЫ ЧИМЭЭ СОНССОНООР ТӨВЛӨРӨХ ЧАДВАР САЙЖИРДАГ
Мэдээж анхаарал төвлөрөх чадварыг нэмэгдүүлэх дасгал гэж бий. Заримыг нь тайлбарлаж ярихад жаахан ойлгомжгүй. Хүн бүр хэрэгжүүлэх боломжтой дасгал нь, цагны чимээ сонсох дасгал гэж байдаг. Өөрөөр хэлбэл секунд гүйж байгаа ганц ч чимээг алгасахгүйгээр сонсохыг хэлж байгаа юм. Энэ дасгалыг хийж байхад, эхэндээ өнөөх чимээгээ яг сонсож байдаг ч сүүлдээ шал өөр зүйл бодоод, нүд ч гэсэн өөр зүг рүү харчихсан байж байдаг юм. Цагны чимээ сонсох дасгалыг өдөр тутамдаа хийснээр төвлөрөх чадвартай болдог. Улмаар сонсголын анхаарал, ой тогтоолт дагаад хөгжиж байдаг. Бидний хувьд наад зах нь ийм дасгад хийдэг. Мөн анхаарал төвлөрүүлэх ая гэж байдаг юм. Тэр аяыг тавьж эгшиглүүлснээр тархи маань альфа долгионд шилжээд, төвлөрөх нөхцлийг бүрдүүлдэг. Энэ аянууд нь цахим сүлжээнд байдаггүй. Худалдаж авах боломжтой. Хүн ер нь ямар зүйлд цаг зав, анхаарлаа зарцуулна. Тэр зүйл л хөгждөг. Тэгэхээр анхаарал төвлөрүүлэх чадвараа сайжруулах зорилгоор цаг зав гаргах юм бол мартамхай байх, төвлөрч чадахгүй байх зэрэг нь асуудал биш шйидэх боломжтой зүйл” гэлээ.