Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, энэ хүрээнд 5Ш ажиллагааг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгосноос Засгийн Газрын Хэрэг эрхлэх газарт “Шүүр ажиллагаа”-г хариуцан ажиллахыг үүрэг болгожээ. Ингэснээр 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албан тушаалд тавих шаардлага зөрчиж томилогдсон албан тушаалтнуудыг олж илрүүлэх, тогтоох, ажлаас чөлөөлөх улмаар хууль, журамд заасан шаардлага хангасан төрийн албан хаагчтай, ёс зүйтэй, авлига, хүнд сурталгүй төрийг бий болгох зорилт хангагдах юм байна.
Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг төрийн бүх шатны байгууллага, түүний удирдах албан тушаалтан мөрдөж ажиллах үүрэгтэй боловч БШУ-ны сайд Л.Энх-амгалангийн хууль бус үйлдэл, гаргасан шийдвэрийг хараад ЗГ-ын бодлогыг түүний кабинетийн сайд нар хэрэгжүүлж чадах, хэрэгжүүлэх итгэл үнэмшилтэй эсэхэд олон түмэн эргэлзэх боллоо.
Тухайлбал:
Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11-д зааснаар “…төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах …” бүрэн эрхийг Төрийн албаны зөвлөл хэрэгжүүлдэг байна. Эндээс үзэхэд төрийн өмчит их сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын журмыг батлах эрхийг хуулиар зөвхөн төрийн албаны төв байгууллага буюу Төрийн албаны зөвлөлд олгосон. Гэтэл Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-амгалан Төрийн албаны зөвлөлд хуулиар олгосон бүрэн эрхийг эдэлж, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/418 дугаар тушаалаар “Төрийн өмчийн зарим их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг баталсан байна. Энэ нь төрийн үйлчилгээний байгууллагын буюу ИДС-ийн төсвийн шууд захирагчийг томилох, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ байгуулах, гэрээний үүргийн биелэлтэнд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг БШУ-ны сайд сонгон шалгаруулах журмыг өөрөө батлах нь төрийн алба ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, хууль дээдлэх зарчимтай зөрчилдөж байна.
Энэ буруу жишиг ужгирвал Засгийн газрын кабинетын сайд бүр өөрийн салбарын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журмыг баталж, хэлбэрийн төдий сонгон шалгаруулалт зохион байгуулж, улмаар ах дүү, хамаатан садан, танил талаа ажилд томилох үүд нээгдэнэ. Шүүр ажиллагааны гол зорилго чухам ийм оролдлого, хандлагыг таслан зогсоож, хэрэв хууль бусаар томилогдсон тохиолдол байгаа бол илрүүлэн тас цохиход орших бизээ.
Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д “Төрийн албан хаагчийн насны дээд хязгаарыг 65 нас байна” гэж заасан байдаг нь төрийн албан хаагч төрд 65 нас хүртэл ажиллаж болохыг зохицуулсан байна.
Тиймээс төрийн албанаас өндөр насны тэтгэвэрт гарч ажлаас чөлөөлөгдсөн ч төрийн албан хаагчийн статустайгаар албан тушаалын үндсэн цалин, нэмэгдлийг тэтгэврийн хамт авч байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох, төсвийн зардлыг бууруулах зорилгоор УИХ-аас 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д “төрийн албанаас өндөр насны тэтгэвэр тогтоох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн” бол төрийн албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага хангаагүй үндэслэл болдог бөгөөд иргэнийг төрийн албан тушаалд томилохгүй гэж заасан. БШУ-ны сайдын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/418 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн өмчийн зарим их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ын 9.5-д “Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн болзлыг хангаагүй” бол сонгон шалгарсан этгээдийн шалгалтыг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт зохион байгуулна гэжээ.
Гэтэл Төрийн албаны тухай хууль тогтоомж, МУ-ын Засгийн газрын бодлого, шийдвэр, Төрийн албаны зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг төдийгүй өөрийн баталсан журмаа зөрчиж, төрийн албанаас өндөр насны тэтгэвэрт гарсан, төрийн албаны насны дээд хязгаараас хэтэрсэн 68 настай иргэн-ийг БШУ-ны сайдын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/116 дугаар тушаалаар МУИС-ийн захирлын албан тушаалд төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалд өөрийн баталсан тушаалыг өөрөө зөрчин төрийн албан хаагчийн статустайгаар томилсон байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д заасан төрийн албан тушаалд тавих шаардлага хангахгүй иргэн гэдгийг мэдсээр байж, бусдад давуу байдал бий болгож албаны эрх мэдлээ ашиглаж томилсон байна.
Иргэн Д.Бадарч бол төрөөс өндөр насны тэтгэврээ тогтоолгосон ахмад настан бөгөөд төрийн албан хаагчийн хувьд өндөр насны тэтгэвэр тогтоох насанд хүрч цалин, тэтгэврийнхээ аль нэгийг сонгох эрхээ эдэлж төрийн албанаас чөлөөлөгдсөн атлаа үргэлжлүүлэн төрөөс давхардуулан цалин авч байгаа явдал нь төрийн албанд орох хүсэлтэй залуучуудын төрд ажиллах боломжийг, төрийн албан хаагчийн шатлан дэвшиж ажиллах боломжийг тус тус хязгаарласан ёс зүйгүй, шударга бус явдал юм.