2022 оны байдлаар Монгол Улсад 12 мянга гаруй эмэгтэй үр хөндүүлсэн байна. Үүний 40 гаруй хувь нь насанд хүрээгүй охид байгаа нь анхаарах ёстой нийгмийн асуудал мөн. Үр хөндөлт, хүсээгүй жирэмслэлт их буйн нэг шалтгаан нь өсвөр насны хүүхдүүд бэлгийн боловсролгүй байгаатай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл сурагчид эрүүл мэндийн хичээлээс нөхөн үржихүйн талын хангалттай мэдлэг, мэдээлэл авч чаддаггүй гэсэн үг.
Энэ талаар сурагчид ярихдаа:
- Өсвөр үеийнхэн энэ талаар мэдээлэл авах газар ховор юм шиг санагддаг. Сэтгэл зүйч, сургуулийн эмч ч нээлттэй байх хэрэгтэй. Гэрт ч тэр, сургуулийн орчинд ч тэр ярихаас ичдэг, хаалттай байдаг сэдвүүдийн нэг.
- Дунд ангиас эрүүл мэндийн хичээл орж эхэлсэн. Номынхоо дагуу л хичээл ордог. Халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт гэх мэт иймэрхүү агуулга нөхөн үржихүйн хэсэгт байдаг. Миний бодлоор эрүүл мэндийн хичээл өөрийгөө хамгаалахад зориулагдсан мэдлэг, мэдээлэл заадаг байхад л болно гэж боддог. Эрүүл мэндийн хичээлд ер нь нэг их ач холбогдол өгдөггүй.
- ДОХ, БЗДХ гэх мэт халдварт өвчний талаар заадаг. Бэлгийн бойжилт, нөхөн үржихүйтэй холбоотой хэсэг номны агуулгад сүүл рүүгээ байсан. Бид ер нь номоос илүүтэй өөрсдөө судалж мэддэг. Интернэтээс хэрэгтэй мэдээллээ хайчихдаг. Багш нар хэзээ ч нээлттэй байдаггүй. Хүүхдүүд ч гэсэн инээлдээд яг энэ талын хичээл тэгсхийгээд л дуусдаг.
Бид бэлгийн боловсролыг өсвөр насныханд олгуулж заахын тулд эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид юун дээр анхаарах хэрэгтэй талаар сэтгэл зүйч Г.Маралгуагаас тодрууллаа.
Тэрбээр, "ДЭМБ-аас нийт өсвөр, бага насны хүүдүүдэд нөхөн үржихүйн боловсрол олгох гол хоёр чиглэлтэй. Тэднийг ирээдүйд үүсэж болох эрсдлээс хамгаалах болоод сайн сайхан байдалд нь анхаарах байдлаар олгодог.
Энэ нөхцөл байдлыг бүрдүүлэхэд манайх шиг энэ чиглэлээр хаалттай байдаг нийгэмд хүүхдүүд эцэг, эхтэйгээ нээлттэй харилцаж чаддаггүй. Энэ талын тусламж хаанаас авахаа мэддэггүй. Тэгэхээр нөхөн үржихүйн хичээлийг заахдаа эхлээд хүүхдүүдийн сэтгэл зүйг бэлдэх хэрэгтэй. Энэ мэдээллийг өөрт нь хэрэгцээтэй юм байна гэсэн мэдрэмжийг нь эхлээд олгоно гэсэн үг. Тэгэхээр багш нар маань эхлээд хичээлээ заахдаа энэхүү мэдлэг мэдээллийг мэдэж авснаар, нөхөн үржихүйн системийн талаар боловсролтой болсноор ямар давуу талтайг ойлгуулах хэрэгтэй.
Сэтгэл зүй бэлтгэгдсэн үед эцэг, эх, зааж буй багш, сургуулийн эмч мэргэжилтнүүд хувь хүнтэй холбоотой нууцыг хадгалах тал дээр аюулгүй гэдэг мэдрэмжийг төрүүлэх шаардлагатай. Эрүүл мэндийн хичээл дээрээ уламжлалт маягаар дан текстээр орох бус тухайн хүүхдийн насанд тохирсон баримтат кино, видео бичлэг үзүүлэх зэргээр сонирхол, анхаарлыг нь татах байдлаар хичээлийг боловсруулж орох нь хүүхдүүдэд илүү өндөр ач холбогдолтой.
Яагаад энэхүү мэдээлэлд ач холбогдол өгч орох шаардлагатай байна вэ гэвэл нэгдүгээрт хүүхдүүд бие махбод болон сэтгэл зүйд гарч байгаа өөрчлөлт, ялгаатай байдлыг таньж мэдсэнээр энэ зүйлд эмзэглэхгүйгээр хэвийн гэж ойлгоно. Ирээдүйд өөртөө итгэх итгэлтэй, эсрэг хүйстэнтэйгээ харилцахад асуудал тулгарахгүй. Онцлог чанаруудынх нь талаар голчлон мэдээлэл өгөх хэрэгтэй. Эцэг эхэд хандсан сургалтуудыг мөн сайн хийх хэрэгтэй. Нуулгүй бүхнээ ярьж, тусламж авахад бэлэн тэр нөхцөл байдлыг эцэг эхчүүд хүүхдүүддээ бүрдүүлэх хэрэгтэй. Тусламж авах сурвалж, байгууллагуудыг хүүхдүүдэд хангалттай хэмжээгээр холбож, нээлттэй байлгамаар байна. Мэдээллийг зөв зохистой өгснөөр хүүхэд өөрийгөө хамгаалах, хил хязгаар тогтоох, сэтгэл зүйн тулгамдсан асуудалгүй байх зэрэг олон талын ач холбогдолтой.
Энэ талын мэдлэг, мэдээлэл дутуу байснаар хүүхдүүд интернэтээс мэдээлэл хайх, үе тэнгийхнээсээ асуух зэрэг буруу мэдээлэл авах эрсдэл өндөр болно. Баттай эх сурвалжаас мэдээлэл аваагүйгээс болж хүүхэд бие махбодь, сэтгэл зүйгээрээ хохирох эрсдэлтэй. Эрүүл мэндийн хичээлээрээ дамжуулан шинжлэх ухааны баримттай, үнэн зөв мэдээллийг авч чаддаг байх нь хамгийн чухал" гэлээ.