Хятадын хамгийн их үзэгчтэй Jiangsu телевизийн "Super Brain" шоу нэвтрүүлэгт манай улсын тамирчин Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар оролцож, “Тархины хаан” хочтой Cheng Zhi Qiang болон Хятадын ой тогтоолтын аварга Xu Yangran нарыг ой тогтоолт, оюун ухаанаараа ялсан юм. Бид ихэр тамирчдын багш их мастер Ө.Сэнгэсамдантай цөөн хором ярилцлаа.
-Ярилцлагын санал хүлээн авсан танд баярлалаа.
-Баярлалаа. Намайг Өлзийхутагийн Сэнгэсамдан гэдэг. Оюун ухааны академийн, ой тогтоолтын ахлах багш дасгалжуулагчаар ажилладаг. Би 2010 оноос хойш ой тогтоолтын спортоор хичээллэсэн. Одоо хичээллээд 13 жил болж байна. Олон улсын их мастер цолтой ийм хүн байна.
-Их мастер Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар олон нийтийн анхааралд ороод байна. Та ихэр тамирчдад хэр удаан багшилж байна вэ? Тамирчдын гаргасан амжилтуудын талаар үзэгчдэд мэдээлээч?
-Н.Энхшүр, Н.Мөнхшүр ихэр тамирчдын маань хувьд хоёулаа 2016 оноос хойш ой тогтоолтын спортоор хичээллэж байгаа. Бусад тамирчидтай харьцуулаад ярихад, маш богино хугацаанд амжилтуудаа гаргасан. Гуравхан сар хичээллээд анхны тэмцээн буюу улсын аваргад орж байсан. Тухайн тэмцээнд Н.Мөнхшүр эгч нь таван медаль аваад, Н.Энхшүр маань нэг медаль хүртэж амжилтынхаа буухиаг эхлүүлсэн байгаа. Үргэлжлүүлээд бид гурван сар хичээллэн, нийтдээ зургаан сар гэсэн үг. Ингээд дэлхийн аваргад оролцон Мөнхшүр маань өсвөрийн дэлхийн аварга болж чадсан. Хоёр тамирчин маань хоёулаа олон улсын их мастер цол хүртсэн байгаа. 2017 онд Ази тивийн аварга болсон, дэлхийн аваргад түрүүлсэн гэх мэт амжилтын буухиагаа тасралтгүй үргэлжлүүлсээр явж байна.
-Энэ бүх амжилтын ард багшийнх нь дэмжлэг, заах арга зүй чухал ач холбогдолтой байх. Шавь нартаа чухалчилж захиж сургадаг зүйл гэж бий юу?
-Энэ бүх амжилтын ард тухайн хүүхдүүдийн суурь хүмүүжил их нөлөөлсөн гэж боддог. Шавь нар маань багшийнхаа үгийг хүлээн авч, миний гаргасан алдааг огт давтдаггүй. Миний хэлдэг зүйл юу гэхээр, “Бид өөрсдийнхөө хэмжээнд л бэлтгэлээ хийнэ. Аль болох өөрөө тултал бэлтгэлээ хийх ёстой. Өрсөлдөгчөө бодох, тэдэнд анхаарлаа төвлөрүүлэх хэрэггүй. Бэлтгэл дээрээ хийсэн зүйлээ тэмцээн дээрээ үзүүл. Үр дүн ямар гарахыг харъя” гэж хэлдэг. Өчигдрийн өөрөөсөө өнөөдөр илүү байх нь л чухал. Өчигдөр 500 цифр цээжиллээ гэхэд өнөөдөр 501 цифр цээжлэх юм бол энэ нь амжилт. Охид үүнээсээ л урам аваад урагшлахыг хичээдэг.
-Та шавь нараараа их бахархаж байгаа байх. Тийм үү?
-Ихрүүд маань сүүлийн жилүүдэд тэмцээн уралдаанд орохдоо дандаа хичээл, сургуулиа орхигдуулахгүй, хажуугаар нь бэлддэг. Хятад маш их хүн амтай. Тэнд их сургуульд орохын тулд маш их өрсөлдөөн дарамтыг туулдаг. Энэ их өрсөлдөөн дарамтын хажуугаар ингэж бэлтгэл сургуулилтаа хийгээд, өндөр амжилт үзүүлж байгаад нь хоёр охиноороо маш их бахархсан.
-Jiangsu телевизийн "Super Brain" шоу нэвтрүүлгийн үеэр танд ямар мэдрэмж төрж байв аа? Дэлгэцээс үзэж байгаа монголчууд маш их догдолж байсан.
-Сандрах, бахархах гээд олон мэдрэмж нэг доор төрсөн. Ер нь тамирчдадаа итгээл л харж суусан. Нэг хавтгай дээр таван гарын алга байлаа гэж бодоход тавуулааг нь зөв хийж байж нэг оноогоо авна гэсэн дүрэм байсан. Үүнээс бид юу дүгнэсэн гэхээр, ерөөсөө л чанар дээр суурилах нь зөв юм байна. Хамгийн гол нь зөв хийх чухал юм байна гээд ямар ч асуудал гаргаагүй зургаан багцыг зөв хийсэн. Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар БНХАУ-д дэлхийн түүхийн чиглэлээр суралцаж байгаа. төгсөх гээд нойр хоолгүй зүтгэж байгаа ч Хятадын шилдгүүдийг ялж чадсанаар нь багш хүний хувьд маш их бахархаж байна.