Гэмт хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцож бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, улмаар тэдний тойрогт сонгууль явуулах асуудал улстөрийн хүрээнд халуун сэдэв болж байна. Хамгийн сүүлд, улсын Ерөнхий прокурор УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах саналыг УИХ-д хүргүүлсэн. Тэгвэл тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хуулийн хугацаанд буюу энэ долоо хоногт багтааж шийдвэрлэнэ гэдгийг өчигдөр /2023.03.28/ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдлээ. Ингэснээр энэ долоо хоногийн сүүлчээр парламентад "гал авалцах нь".
ЭРХ МЭДЭЛ, МӨНГӨТЭЙ ГИШҮҮДЭЭ ХАМГААЛААД ӨНГӨРӨХ БУРУУ ЖИШИГ ТОГТСОН
Хууль тогтоогчид гэмт хэрэгт холбогдсон, түүнийг нь шалгахад бүрэн эрх нь саад болж байна гэж хууль хяналтын байгууллага үзсэн л бол тэд хуулийнхаа дагуу шалгуулах ёстой. Гэтэл эрх баригчид намдаа нөлөөтэй, мөнгөтэй гишүүдээ хамгаалсаар ирсэн нь гашуун үнэн. Өнгөрсөн парламентын үед буюу 2016-2020 онд ч ЖДҮ-ийн зээл авсан нь илчлэгдсэн, ёс зүйн алдаа гаргасан гишүүдээ хүртэл хамгаалаад үлдэж байлаа. Тэдний нэрсийг бичвэл урт жагсаалт гарна. Тэгвэл энэ удаад ч гэсэн гэмт хэрэгт холбогдсон гишүүд арьсаа хамгаалаад үлдэх магадлал өндөр байна. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нар өөрсдийгөө ямар ч буруугүй. Нүүрсний хулгайтай бид холбоогүй” хэмээн мэдэгдээд буй. Үүний цаана “нүхээ малтаж”, АН, МАН-ын гишүүдээ хайрцаглаж яваа гэх мэдээлэл улстөрийн хүрээнд анхаарал татаж байна.
Д.БАТ-ЭРДЭНИЙН ТАРААСАН ТЭРБУМ ТӨГРӨГ БА АН-ЫН ХААЦАЙЛСАН МЭДЭГДЭЛ
АН Л.Гантөмөр гэдэг даргатай болсноор шударга ёсны төлөө дуугарна гэх хүлээлт нуран унав. Учир нь Л.Гантөмөр гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ өмөөрөхөөс ажлаа эхлүүллээ. Өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг Төрийн ордонд мэдээлэл өгөхдөө “Тавантолгой”-гоор оролдож болохгүй. Энэ бол улсынхаа эдийн засгийг татаж унагаж байна” гэсэн үг” хэмээн олонтаа мэдэгдсэн нь цаагуураа “Манай намын гишүүн Д.Бат-Эрдэнэ нүүрсний хулгай хийгээгүй. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй. Шалгаад яах нь вэ” гэж хэлснээс ялгаагүй байлаа. Эндээс харахад, Ардчилсан намынхан Ажнай Д.Бат-Эрдэнийнхэээ хайрцганд орж, улмаар МАН-ынхныг ч өөрийнхөө талд зогсоож магадгүй байна. Нүүрсний хэргийн гол эзэн Д.Бат-Эрдэнийн тухайд УИХ-ын гишүүдийг 1 тэрбум төгрөгөөр худалдан авч байна гэх мэдээлэл ч яригдах болсон. Үүнийхээ хариуд бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй, парламентын хамгаалалтад үлдэх, хэргээс мултрах, шалгуулахгүй үлдээд, дараагийн сонгуулиар намын жагсаалтаад УИХ-д сонгогдох сонирхолтой байна гэж хардаж болохоор байгаа юм. Юутай ч олон нийт УИХ гурван гишүүний асуудлыг хэрхэн шийдэхийг анхааралтай ажиглаж байна. Хэрэв хамгаалж үлдвэл эрх баригчид авлигач, хулгайчдыг илрүүлнэ, тэдэнд хариуцлага тооцно гэж ярьж байгаа бүхэн нь зүгээр л худал шоу болж таарах нь гарцаагүй. Тэд зарчимдаа байж чадах эсэхийг харахад хоёр хоног үлдлээ.
АРХАНГАЙ АЙМГИЙН НӨХӨН СОНГУУЛИЙН ТОВЫГ 50 ХОНОГИЙН ДОТОР ТОДОРХОЙ БОЛГОНО
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтээр гишүүнээс чөлөөлснөөр Архангай аймагт нөхөн сонгууль явуулах нөхцөл үүссэн. Хуульд зааснаар Архангай аймагт явуулах УИХ-ын нөхөн сонгуулийн товыг 50 хоногийн дотор тодорхой болгох аж. Гэхдээ ганцхан жилийн насгүй ч байж мэдэх сонгуульд хэн хөрөнгө мөнгөө зарж, өрсөлдөх вэ гэдэг нь анхаарал татсан асуудал болж байгаа юм. УИХ-аар дээрх гурван гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлчихвэл мөн л нөхөн сонгуулийн асуудал яригдана. Чингэлтэй дүүрэг болон Өмнөговь аймагт нөхөн сонгууль явуулах нөхцөл үүсэх юм.