“Хар тамхи худалдан борлуулаад баригджээ”, “Хар тамхи хэрэглэсэн түүнд тэдэн жилийн ял оноолоо”. Сүүлийн үед иймэрхүү зүйлийг хүмүүс төдийлөн тоохоо байх нь, бүр дөжирчхөж. Чимээгүй тахал болсон хар тамхины хэрэглээ Монголд хяналтаас гарахад ойрхон байгааг хууль хяналтынхан, мэргэжилтнүүд учирласаар. Хар тамхинаас урьдчилан сэргийлэх, донтсон нэгнийг эмчлэхийн тулд нийгмийн эрүүл мэндэд анхаарах чухал байгааг Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ж.Нямдаваа онцлон, ингэж ярилаа.
-Хар тамхи Монголд аюулын харанга дэлдэх боллоо. Өнөөдөр нөхцөл байдал ер нь ямар байна вэ?
-Хар тамхи, мансуурах бодис Монголын төдийгүй дэлхий нийтийн тулгамдсан, сэтгэл эмзэглүүлсэн асуудал болчихлоо. Өнөөдөр хэчнээн хүн хэрэглэж, хуулийн хариуцлага хүлээсэн талаарх нарийн тоо, судалгаа одоогоор надад алга. Хар тамхи, мансууруулах бодисыг дагасан асар том сүлжээ дэлхий даяар бий. Энэ төрлийн бодис, бүтээгдэхүүнүүд мөнгө олох том хэрэгсэл болсон. Араасаа хэзээ ч сайн зүйл дагуулдаггүй зүйл. Хэрэглэсэн хүмүүс донтон, өвчтөн болох, гэмт хэрэгт холбогдохоос авхуулаад асар олон муу, муухай зүйлийн эхлэл болдог.
Мансууруулах бодис олон жил хэрэглэсэн хүн өвчтөн болдог. Үүнийг наад зах нь Монголын нийгэм ойлгодоггүй. Нийгмийн эрүүл мэндийн систем Монголд алдагдсан, үгүй болсон нь үүнд их нөлөөлдөг.
Нийгмийн эрүүл мэндийн системд анхаарал хандуулж, тодорхой бодлого баримталж, хэрэгжүүлснээр бүхий л төрлийн донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, арилгах боломжтой. Тиймээс хар тамхины эсрэг ихээхэн өргөн хүрээнд тэмцэх шаардлагатай байгаа юм.
Ер нь энэ чиглэлд манай байгууллага анхаарал хандуулж, тодорхой ажлууд хийсээр ирсэн. Хууль зүй дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж ажиллаж байхдаа Олон улсын холбоонд хандаж байсан. Үүний дагуу албан ёсны төлөөлөгч 2011 онд Монголд ирж, судалгаа хийж байсан юм. Манай улсад мансууруулах төрлийн ургамал цөөнгүй ургадаг. Томилогдож ирсэн төлөөлөгч орон нутгаар явж, тухайн ургамлуудыг судлан, зөвлөмж гаргасан. Дараа нь Монголоос 10 гаруй төлөөлөгч Австрид очиж, туршлага судалж байлаа.
Сүүлийн үед хар тамхитай тэмцэх чиглэлд Азийн орнуудын туршлагыг түлхүү судалж байгаа. Япон улс туршлага өндөртэй юм байна. Японы төр тодорхой бодлого гаргачихсан. Үүнийг нь төрийн бус, эрүүл мэндийн байгууллагууд нь хэрэгжүүлдэг. ХЗДЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл энэ оны нэгдүгээр сард Японоос хоёр мэргэжилтэн урилаа. Шүүх, цагдаа, прокурор, шүүх шинжилгээний хүрээлэн гэх мэт гол, гол байгууллагын ажилчид тухайн мэргэжилтнүүдийн сургалтад хамрагдсан юм.
Япон улс хар тамхитай тэмцэхэд төрийн зүгээс ямар бодлого баримталдаг, төрийн бус байгууллага хэрхэн хэрэгжүүлдэг талаар туршлагаасаа хуваалцлаа. Япон улс мансуурах бодист донтсон хүмүүсийг эмчлэх төвтэй. Тэндээ байлган, хар тамхинаас гаргахын тулд шат дараатай эмчилгээ хийдэг. Манай улсад тийм төв байхгүй.
Ийм төрлийн бодис хэрэглэх, мансуурахаас урьдчилан сэргийлэх нь юу юунаас илүү чухал. Мөн донтсон хүмүүсийг эмчилж, эрүүл болгох, эргээд нийгэмд хөл тавих, дахиад хэрэглэхгүй байх нөхцөл, боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх зөвхөн Цагдаагийн байгууллагын, Хар тамхитай тэмцэх газрын хийх ажил биш. Шат, шатны бүх байгууллагын оролцоо чухал.
-Хар тамхи хэрэглэсэн, тээвэрлэсэн, худалдан борлуулсан хүнд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
-Хар тамхи хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол 1-5 жил,
түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Архи уусан, агсам тавьсан хүнийг баривчилж, эрүүлжүүлэхэд хонуулдаг. Маргааш нь эрүүл болоод харьдаг. Гэтэл хар тамхинд донтсон хүмүүсийн араас цагдаа л хөөцөлддөг. Хэрхэн эмчлэх, эрүүл болгох ажил орхигдоод байна. Ийм байдлаар дахиад хэдэн жил болбол Монгол Улс хар тамхинд дарлуулна. Гадаадын зарим оронд ямар байдаг билээ. Мансуурсан хүмүүс гудамжаар хөглөрч байдаг шүү дээ. Монгол тийм болох ойрхон байна, энэ янзаараа байвал. Тэр цагт ёстой дийлдэхгүй. Тиймээс мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг шат дараатай хийх хэрэгтэй. Мансуурсан, донтсон хүмүүсийг эмчилдэг системд нэн даруй орох шаардлагатай байна.
-Хорих ангид хүмүүжиж буй мансуурсан, донтсон хүнд эмчлэх, эрүүл болгох эмчилгээ хийдэг үү?
-Хар тамхи хэрэглэсэн хүнийг баривчилдаг, хорьдог. Тодорхой хугацааны дараа шоронгоос гарч ирдэг. Хар тамхи хэрэглээд донтсон, биед нь дасал болсон хүн өвчтөн байхгүй юу. Гэтэл шоронд эмчилгээ хийдэггүй. Шоронд байх хугацаанд хар тамхи хэрэглэхгүй гараад ирлээ. Угаасаа хэрэглэх боломжгүй учраас л хэрэглэхгүй нь ойлгомжтой. Яг эмчилгээ хийлгээд ухамсраараа хэрэглэхгүй байгаа юм биш шүү дээ. Шоронгоос гараад гэртээ, өмнөх амьдралдаа очдог. Тэгээд хар тамхи эргээд хэрэглэдэг. Тэгэхээр дахиж хэрэглэхгүй байх тал дээр хэрхэх анхаарах вэ гэдэг их чухал болчхоод байна.
Хар тамхи хэрэглэсэн, донтсон хүн эдгэрдэггүй гэх ташаа ойлголт олны дунд бий. Тийм биш. Тухайн хүн хэр удаан хэрэглэснээс, ухамсар, хичээл зүтгэлээс нь шалтгаална. Хянаж, цагдахаас илүү сэтгэл зүйн эмчилгээ илүү үр дүнтэй.
-Яг тэгж эмчлэхэд мэргэжлийн боловсон хүчин Монголд хэр хангалттай байна вэ?
-Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх чиглэлд боловсон хүчин бий. СЭМҮТ-ийн эмч нар олон жил хар тамхи хэрэглэсэн хүмүүс дээр ажилладаг. Одоо нэг асуудал үүсэж буй нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүстэй ажиллах, эмчлэх эмч, сэтгэл зүйч, мэргэжлийн хүний нөөц. Эрүүл мэндийн чиглэлийн боловсон хүчин улам цөөрсөөр байна. Одоо тэгэхээр энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэхэд мөн анхаарах шаардлагатай боллоо. Японоос ирсэн мэргэжилтэн мөн энэ талаар онцолж байна лээ. “Монголд боловсон хүчин бэлтгэхэд тусалъя” гэсэн. Төрийн бус байгууллага ямар ч байсан ийм санал, санаачилга гаргаад ажиллаж байна. Одоо ХЗДХ-нд төрд танилцуулна. Бид одоо Эрүүл мэндийн сайдтай уулзаж, энэ талаар ярилцахаар төлөвлөж байна.
-Хар тамхи хэрэглэсэн хүнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар танай байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Манайх мэргэжлийн сэтгэл зүйч, эмч, хуульчтай. Хар тамхи хэрэглэсэн, мансуурсан хүнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд олон үйл ажиллагаа явуулдаг. Юуны түрүүнд сэтгэл зүйчтэйгээ уулзуулдаг, зөвлөгөө өгдөг. Урьдчилан сэргийлэх чиглэлд их дээд сургууль, албан байгууллагуудад, хорих ангиудад сургалт явуулдаг. Бид цаашид урьдчилан сэргийлэх ажил, сургалтыг улам нарийн болгож, мэргэжлийн түвшинд хийхээр зорьж байна.
Одоо бидний хийж буй зүйлүүд эхлэл төдий. Цаашид хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйл олон бий. Хамгийн гол хүндрэл нь санхүүгийн бэрхшээл. Санаагаар болдог бол дахиад хэдэн хүн мэргэшүүлээд авчих юм сан. Ялангуяа эрүүл мэнд, хуулийн байгууллагын чиглэлд. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хүнийг шийтгэх, ял оноох тухай асуудал Монголд шинэ тутам. Ийм тохиолдолд гэмт хэрэг, энэ нь өвчин гээд яаж ялгах вэ, хэрхэн эмчлэх вэ гэх мэт олон зүйл бидэнд шинэ. Тэгэхээр төрөөс донтох эмгэгтэй хэрхэн тэмцэх тодорхой бодлого гаргах юу юунаас илүү чухал, зайлшгүй шаардлагатай байгаа юм.
-“Хар тамхинаас гарах гэсэн юм” гээд танайд хэр олон хүн ханддаг вэ?
-Ханддаггүй. Хар тамхи хэрэглэдэг хүмүүсийн олонх нь нуухыг, бусдад мэдэгдэхгүй байхыг хичээдэг. Эрүүл мэндийн байгууллагад л цөөхөн хүн очдог юм байна лээ.
-Хар тамхитай тэмцэх, урьдчилан сэргийлэх, эмчлэх чиглэлд Төр засгаас ямар бодлого, үйл ажиллагаа явуулах хамгийн чухал байна вэ?
-Нийгмийн эрүүл мэндэд онцгой анхаарах, наркологийн эмч нарыг бэлтгэх, мэргэшүүлэх шаардлагатай байгаа. Хар тамхинаас гэлтгүй бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах нэг зүйл бий. Одоо цагт гэмт хэрэг, хар тамхи хэрэглэсэн талаар их мэдээлэх нь нэг талаар сурталчилгаа болчхоод байна. Ийм бодисыг ингэж, ингэж хэрэглэж гээд их нарийвчилж, детальчилж мэдээлэх нь буруу. Хар тамхинаас урьдчилан сэргийлэхийн тулд мэдээлж байгаа атлаа нөгөө талаар хэрэглэж үзье гэдэг сэдэл бусдад өгөх эрсдэлтэй. Үүн дээр анхаармаар санагддаг.