Бидний анзаардаггүй “буруу” хандлагуудын нэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг харсан даруйдаа өрөвдөж, хөөрхийлөн, шаардлагагүй байхад нь тэдэнд туслах гэсэн мэдрэмжгүй сайхан сэтгэл юм. Санамсаргүй гаргасан энэ мэт мэдрэмжгүй үйлдлүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмээсээ зугтах, тусгаарлагдахыг хүсэх гол шалтгаан болдог талаар Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны ажилтан Б.Болормаа ярилаа.
Тэрбээр, Анх гэмтэл аваад тэргэнцэртэй гадуур явахдаа хүмүүсийн, “хөөрхий минь, эвий минь” гэж өрөвдсөн “аймшигт” харцтай их тулгардаг байсан. Өрөвдсөн тэр харцнууд яагаад ч юм надад бусдаас доор, дутуу гэдэг мэдрэмж төрүүлж байсан. Тэр үед үнэхээр хэцүү байлаа. Гэрээсээ гармааргүй санагдана. Над шиг маш олон хүн тийм зүйлийг мэдэрсэн байх.
Би ээж хүн, бас айл гэрийн эзэгтэй. Бусдын адил үйлчилгээний төвөөр явах, хүнс ногоогоо цуглуулах, хүүхдүүдийнхээ цэцэрлэг дээр очих гээд яг л бусдын адил зүйлсийг хийдэг. Тэргэнцрийн тусламжтайгаар нийгмийн харилцаанд орж байгаагаараа л өөр. Бид зүгээр л нийгэмдээ энгийн хүн шиг хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг.
Эцэг эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ, “эвий минь, хөөрхий минь, энэ хүнд би л туслах ёстой” гээд хамаг байдгаа л зориулдаг. Гэтэл энэ нь эсрэгээрээ нөгөө хүнээ хоролж байгаа үйлдэг гэдгийг огт мэддэггүй. Яагаад гэхээр, тухайн хүн тэр их халамж дунд, хүний өмнөөс гэмтсэн юм шиг л бодож эхэлдэг. Би бас гэмтэхдээ гэрийнхнийхээ хэн нэгний өмнөөс гэмтсэн юм шиг, тэдэнд уур уцаараа гаргадаг байлаа. Яг бодит байдал дээр, “би хэний өмнөөс төрчихсөн билээ. Энэ хүн намайг гэмтээсэн биш, би яагаад ийм хандлагатай байна вэ” гэж бодон эрс өөрчлөгдсөн юм.
Нийгмийн хандлага өдрөөс өдөрт маш өөр болж байгаа. Дээр үед хүмүүс намайг өрөвдөж хардаг байсан бол одоо тийм зүйл байдаггүй. Ийм хүмүүс байдаг шүү дээ гэж ойлгож байгаа нь анзаарагддаг. Яг хүн гэдэг утгаар нь хүлээж аваад байх шиг санагддаг юм.
Бидний хувьд ажил дээрээ хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мартаж чаддаг. Хүртээмж сайтай учраас тэр. Харин эндээс гарахаар бид хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдэрч эхэлдэг юм. Зам, талбай, гудамжаар зорчиход нэлээн хүндрэлтэй. Зам талбайн хүртээмжээс гадна хороо, дүүрэг, өрхийн эмнэлгүүд хүртээмжгүй байдаг. Энэ мэтээр бидний эрх зөрчигдөөд л байдаг. Гэсэн ч бид энгийн хүн шиг баймаар байна” гэсэн юм.