Манай улс 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, энэ жил нэг сая жуулчин хүлээж авахаар төлөвлөөд байгаа билээ. Энэ зорилго, зорилтдоо хүрэхийн тулд Байгаль орчин, аялал жуулчлалын яам хэрхэн анхаарч, ямар, ямар ажил хийж, хэрэгжүүлж байна вэ. Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Монгол Улс 2023 онд нэг сая жуулчин хүлээж авахаар төлөвлөөд буй. Одоогоор хэчнээн жуулчин манай улсад ирээд байна вэ?
-Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Салбар хоорондын гол уялдаа холбоог зангидаж ажиллах учиртай чиг үүрэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд бий. Тиймээс манай яам хамгийн түрүүнд манлайлал үзүүлж ажиллах ёстой.
Монгол Улс цар тахлаас хойш хилээ анх удаа нээж буйгаа 2022 оны хоёрдугаар сарын 14-нд зарласан. Өнгөрсөн жил 290.400 орчим жуулчин манай улсад ирсэн. “Монголын хамгийн сайхан зүйл байв. Юу нь таагүй сэтгэгдэл төрүүлэв” гэдэг судалгаа авлаа.
“Сайхан зүйлс зөндөө байна. Хэнтэй ч тааралгүйгээр олон өдөр явах боломжтой онгон дагшин байгальтай, цэлмэг хөх тэнгэртэй. Хаана ч очоод зэрлэг амьтан харах боломжтой. Гэхдээ сэтгэл дундуур үлдээсэн зүйлс байна. Адаглаад бие засах газар нь ариун цэврийн шаардлага хангахгүй, бохир, заваан байна. Монгол том газар нутагтай учраас нэг газраас нөгөө рүү явахад хол. Зарим газар руу 2000 км тууллаа. Ингэж явахад цаг хугацаа их шаардлаа, өртөг өндөртэй байлаа. 4-5-хан хоногт багтаагаад зорьсон газруудаа үзэх боломжоор хангавал зүгээр санагдлаа” гэлээ. Жуулчдын санал, хүсэлт дээр тулгуурлан, шаталсан арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөж байна.
Бидний хамгийн том амбиц бол 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах. Монгол Улс өмнө нь ийм тооны жуулчин авч байгаагүй. Мэдээж энэ амбицдаа, зорилгодоо хүрэхийн тулд бэлтгэл ажлаа сайтар хангах шаардлагатай. 2023 он гарснаас хойш 68.000 орчим жуулчин манай улсад ирээд байна.
I, II, III сард Монголд хүйтэн, утаатай, эрс тэс уур амьсгалтай байдаг. Ийм үед 70.000 шахам жуулчин ирээд байгаа нь “Welcome to Mongolia”-гийн хүрээнд хийж буй ажлууд тодорхой үр дүнд хүрч буйн илрэл гэж дүгнэж байна. Ерөнхий сайдын ахалж буй Үндэсний хороо маш идэвхтэй ажиллаж байгаа. Агаарын тээврийн либералчлал, гадаад орнууд дахь сурталчилгаа маань үр дүнтэй байна, 34 орныг визнээс чөлөөллөө. БОАЖЯ “Welcome to Mongolia” дээр гадаад, дотоодод томоохон хөдөлгөөн өрнүүлээд явж байна, Соёлын яам үүн дээр брэндингийг нь хийгээд өглөө. Засгийн газар, БОАЖЯ, холбогдох байгууллагууд бүх талаар нэг баг болон ажиллаж чадаж байна. Энэ жил сая жуулчин хүлээж явна, цаашид үүнийгээ ахиулаад гурван сая жуулчныг Монголд ирүүлнэ гэсэн тодорхой төлөвлөгөө, тооцоо гаргалаа.
-Тулгамдсан асуудлынх нь талаар жуулчдаас судалгаа авснаа та сая ярилаа. Тэгвэл нэг сая жуулчин хүлээж авах ажлын хүрээнд Монгол Улсад хамгийн тулгамдаж буй асуудал юу байна вэ?
-Нисэх онгоцны буудал. Өнөөдөр агаарын тээврийн либералчлал маш сайн явагдаж байна. Турк руу зорчигч тээврийн хязгаарлалтуудыг цуцалсан. АНУ, Кувейт, Катар руу шууд нислэг үйлдэх гэж байна. Онгоцнуудыг нэмж болж байна. Гэхдээ үүнийг дагаад нэг асуудал үүсэх нь. Сая жуулчныг хаана буулгах вэ, энэ их ачааллыг “Чингис хаан” нисэх буудал даах эсэх нь гол тулгамдсан асуудал болчихлоо.
Шинэ нисэх буудал нэг цагт 600-610 зорчигч хүлээж авах хүчин чадалтай. “Боинг-737” буюу 160 орчим хүний суудалтай дөрвөн онгоц бууна гэж тооцоолж 2006 онд ТЭЗҮ-ийг нь баталсан. Үүний дагуу 610 зорчигч гэж тооцсон юм билээ. Тэгэхээр одоо Монголын аялал жуулчлалд тулгамдаж буй №1 асуудал бол онгоцны буудлын ачаалал болж мэдэх нь. Яалт ч үгүй хөндөгдөх асуудал мөн л дөө. Саяхан би шинэ онгоцны буудал дээр ажилласан. Монголд ирж буй жуулчин ачаагаа авах гэж яагаад нэг цаг, 30 минут хүлээх ёстой юм бэ. Зөвхөн ачаагаа авахад гээд бод доо. Асуудал мөн үү мөн. Онгоцны бэлэн буудал бидэнд бий. Тэр нь “Буянт-Ухаа”. Засгийн газар эдийн засгийн маш том либералчлал хийгээд байдаг. Гэтэл бодит байдал ийм байна.
-“Чингис хаан” нисэх буудал цагт хэчнээн жуулчин хүлээж авах хүчин чадалтай бол. Нэг сая жуулчныг Монголд ирүүлэхэд дахиад онгоцны буудал шаардлагатай юу?
-Нэг сая хүн дээр тооцоо хийхэд, дээд хэмжээ нь 500.000. Гурван сая жуулчин хүлээж авбал яах вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Ямар ч байсан өнөөдрийн даацаар, 500.000 жуулчныг хүлээж авч чадна. Бусад жуулчдыг хил орчмын аялал жуулчлалын бүсээр авна гэж төлөвлөж байна. Тэгж байж нэг сая жуулчин хүлээж авах зорилгодоо хүрнэ.
“Чингис хаан” шиг 7-8 онгоцны буудалтай байсан бол өнөөдөр 3-4 сая жуулчин хүлээж авна гээд төлөвлөөд, ажил хэрэг болгоход асуудал алга. Тэгэхээр онгоцны буудлын даац жорлонгоос илүү тулгамдсан асуудал байгаа биз. Бид үүнийг шийдвэрлэхийн төлөө ажиллах, олон улсын түвшинд ойлголцох шаардлагатай байгаа.
Би саяхан “Чингис хаан” онгоцны буудал дээр очсон. Зарим хүн “Бат-Эрдэнэ тэнд юугаа хийж яваа юм бэ. Попорлоо” гээд шүүмжилсэн байна лээ. Бид онгоцны буудлын даацыг нэмэх талаар өнөөдөр ярихгүй бол оройтно. VI, VII, IX сард онгоцны буудал ачааллаа даахгүй, жуулчид ачаагаа авах гээд олон цаг хүлээвэл яах вэ. Жуулчдад тийм хүндрэл учрахгүй, тав тухтай аялах боломжоор хангахын тулд одооноос тодорхой төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.
Нэгэнт онгоцны буудлын талаар ярьсных энд нэг зүйл хэлэхийг хүсэж байна. “Чингис хаан” дээр буухад аль улсын нисэх онгоцны буудалд буусан нь мэдэгддэггүй, өнөөдрийн байдлаар ойлгомжгүй. Гадна талдаа “Chinggis khaan international airport” гэсэн ганцхан бичигтэй. Дотроо Монгол Улсын гэсэн өнгө төрхгүй. Онгоцны буудал дээр буугаад, Улаанбаатар рүү ирэхэд, зочид буудал, худалдаа үйлчилгээнээс авхуулаад бүх зүйл жуулчинд тодорхой байх ёстой. Өөр улсын орон нутгийн онгоцны буудал дээр бууж байгаа юм шиг байж болохгүй. Үүнийг л бид хөндөж байгаа. Тоос, шороо бол хоёрдугаар асуудал.
-Та бүхэн энэ онд нэг сая жуулчин хүлээж авах зорилгодоо хүрвэл Монгол Улсад хэдэн төгрөгийн орлого төвлөрүүлэх вэ?
-Энэ тооцоог бид гаргасан. 1-1,2 тэрбум ам.долларыг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөөтэй байна.
Турк улсад нэг жуулчин аялахдаа 630-750 орчим ам.доллар зарцуулдаг гэсэн судалгаа бий. Тэнд олон авиа компани, зочид буудал, үйлчилгээний газар байна. Тэр хэрээр өрсөлдөөн маш их тул үнэ нь тогтмол, бага. Монголд аялсан нэг жуулчин 1000-1200 ам.доллар зарцуулдаг гэсэн судалгаа бий. Авиа компанийн үнэ өндөр, цөөхөн хэдхэн зочид буудлын өрсөлдөөн бага байдагтай холбоотой. Цаашид олон жуулчин хүлээж авъя гэвэл өрсөлдөөнийг нэмэх хэрэгтэй. Энэ бол зах зээлийн зарчим.
Сая жуулчныг дагаад заавал дурдах шаардлагатай асуудлын нэг нь зарим монгол хүний хандлага. БНХАУ-аас олон жуулчин ороод ирэхэд “Монгол хятад хүнээр дүүрлээ. Эзэнгүйдлээ” гэж шүүмжилдэг. Тэгэхээр бид зөв хандлагатай болох хэрэгтэй. Тэгэхгүйгээр “Хятадууд ирсэн ирээгүй бид амьдарна, аялал жуулчлал хөгжинө” гэж болохгүй. “Агаарын тээврийн либералчлал бидэнд хэрэггүй. Өндөр үнэтэй жуулчин авахад л анхаар” гэх нь учир дутагдалтай.
Би энд Бутаныг онцлохыг хүсэж байна. Бутан жуулчныхаа тоонд анхаардаггүй. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийнхөн Монголд ирсэн. Дарга нь бутан хүн байдаг. Түүнтэй уулзахад “Манай улс 2023 онд 300.000 жуулчин л авахаар төлөвлөсөн. Гэхдээ чинээлэг жуулчдыг аялуулна” гэнэ лээ. Бутанд жуулчин бүр өдөрт 200 ам.долларыг такс гэж төлдөг. Зүгээр л Бутан руу нэвтэрснийхээ төлөө өдөрт тийм хэмжээний мөнгө төлнө гэсэн үг. Тэгэхээр тав хоноход 1000 ам.доллар төлж таарах нь. Тэгж байж Бутанд аялах, бусад газраар үйлчлүүлэх эрх нээгдэнэ. Энэ нь өөрөө бусад орны, жуулчдын анхаарлыг маш их татдаг. “Юугаараа онцгой болоод 200 ам.доллар авдаг юм бол” гээд сонирхдог юм билээ.
Манай улсын аялал жуулчлалын бодлого тэднийхээс өөр. Жуулчдын тоон дээр анхаарна. Энэ жил нэг сая, дараа жил 1.5 сая гээд жил бүр жуулчдынхаа тоог өсгөнө гэсэн амбиц бидэнд бий. 3,4 сая хүн амтай Монголд 2025 онд хоёр сая жуулчин ирвэл монголчууд хэрхэн хүлээж авах вэ. Гадаадын иргэдийг ялгаварлан “Харийн иргэдээр Монгол Улс дүүрлээ” гээд нүд үзүүрлэвэл яах вэ. Цар тахлын дараа БНХАУ хилээ нээхэд олон хятад жуулчин манай улсад орж ирсэн. Тэгэхэд юу болсон билээ. Тиймээс Монгол Улс аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхэд, сая, саяар нь жуулчин хүлээж авахад хандлагын асуудал их чухал.
-Өнөө цагт аялал жуулчлалын сурталчилгааны хамгийн том хэрэгсэл нь яах аргагүй фэйсбүүк, цахим ертөнц. Жуулчдыг татахын тулд цацаж буй контентууд нь хэчнээн хүнд хүрээд байгаа вэ?
-Монголын аялал жуулчлалын салбар өмнө нь “Хэн ч, хэзээ ч, хаана ч яах вэ” гэдэг, тодорхой бодлогогүй байсан. Одоо тийм биш. “Хэнийг, хэзээ, хаана байлгах вэ” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа. Бид жуулчдыг татахын тулд хийсэн гадаад сурталчилгаагаараа I, II сард 20 сая хандалт авсан. Энэ сард үүнийг 50 саяд хүргэхээр зорьж байна.
БНХАУ 149, ОХУ 43, БНСУ 28, Япон 20 орчим сая жуулчинтай. Ингээд тооцохоор 238 орчим сая жуулчин болж байгаа юм. 1983-2000 онд төрсөн иргэд одоо хамгийн их аялж байна. Энэ насны нэг удаагийн аялалдаа 5-7 орчим сая төгрөг зарцуулдаг. Ер нь сарын цалин, орлого нь хамгийн багадаа 1500-2000 ам.доллар хүн аялахыг хүсдэг гэсэн судалгаа бий. Дээр хэлсэн 238 жуулчны 121 сая нь 1983-2000 оныхон. 121 саяын зөвхөн нэг хувь дээр нь л ажиллахад манай улс 1.2 сая жуулчин авах боломжтой.
1983-2000 оныхонд нэг онцлог бий. Мэдээллээ бүгд цахим орчноос авдан. Тэгэхээр бид сурталчилгаагаа заавал телевизээр бус цахим орчинг ашиглаад явуулбал илүү үр дүнтэй. Нэг телевизийг үзэгчийн тоо, нэг инфльюсерын дагагчийн тоо өнөөдөр тэнгэр, газар шиг зөрүүтэй болчихлоо. Олон нийтэд хүрэх хандалтын тоо нь ч асар зөрүүтэй.
-Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хаврын чуулганаар хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт бий. Энэ хуульд жуулчидтай холбоотой ямар чухал заалтуудыг тусгасан бэ?
-Ойрын хугацаанд багтааж энэ хуулийг батлах, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Хуульд хэд, хэдэн чухал заалт бий. Тухайн жуулчныг хүлээн авч буй компани заавал даатгал хийлгэх ёстой. Заавал даатгалтай автомашинаар заавал үйлчилнэ. Бид аялал жуулчлалыг хөгжүүлэх сан байгуулна. Казиногийн тухай хууль, бооцоот морин уралдааны тухай хуулийг өргөн барьчихсан байгаа. Эдгээр хуулиуд хэрэгжээд эхлэхээр эх үүсвэр нь энэ сангаас орох зохицуулалтуудыг Аялал жуулчлалын тухай хуульд тусгасан.
Үндэсний бөх, сагсан бөмбөг тус бүрдээ хоёр холбоотой байсан. Хоорондоо хэчнээн олон жил маргалдаж, нэгдэж чадахгүй байсныг монголчууд мэднэ. Тэгвэл Монголын аялал жуулчлалын салбар 52 холбоотой. Тиймээс Монголын аялал жуулчлалын байгууллагыг байгуулна. Хэрвээ энэ байгууллагыг байгуулбал 52 холбоо, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллага, аж ахуйн нэгжүүд нэгэн дээвэр дор орно, нэгдэнэ. Төрийн гүйцэтгэх чиг үүргийг хэсэгчлэн болон бүхэлд нь Монголын аялал жуулчлалын байгууллага руу шилжүүлнэ.
-Жуулчид Монголын ахуй соёл, малчдын амьдралыг ихэд сонирхдог. Аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ малчдыг, монгол ахуйг түшиглэх тал дээр хэрхэн анхаарах вэ?
-Малчдыг зөвхөн хөдөө аж ахуйн салбарынх гэж харах нь зөв үү. Малчид яагаад аялал жуулчлалын салбарт идэвхтэй орж ирэхгүй байна вэ. Жуулчдыг татах хамгийн нандин зүйлс, өв уламжлал, ёс заншил малчдад, Монголын ахуйд бий. Гэрийн эзэгтэйтэй хамт ааруул хийвэл, ямаа саавал, адуунд явбал жуулчинд илүү сонирхолтой. Үүнийг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж дүүрэн байна. Тиймээс нутгийн иргэдийг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой заалтуудыг Аялал жуулчлалын тухай хуульд тусгасан байгаа.
Улсын аялал жуулчлалыг бүсийг гаргана. Хөвсгөлийн Их тайгад очиж үзсэн үү?
-Үзээгүй. Хөвсгөл далай дээр л очиж байсан.
-Хөвсгөлийн их тайгад очсон монгол хүн маш цөөхөн. Хүн байтугай мал хөл тавиагүй нутаг. Тэнд зөвхөн байгаль хамгаалагч нар л очдог. Байгаль хамгаалагчид мориор 4-5 хоног туулдаг газар. Өдөр бүхэн морь унадаг хүмүүс тэгж очдог. Тэгэхээр жуулчид хэд хонож очих, бүр олон хоног зарцуулах нь тодорхой. Тиймээс Хөвсгөлийн тайгад нисдэг тэрэгний отоглох цэгийг байгуулна. Үүнийг улсын аялал жуулчлалын бүстээ багтаачихна гэсэн үг.
Жуулчид хөтөч, хүнс, автомашиндаа л мөнгө төлчихвөл Монголд төсөр аялах боломжтой. Яагаад Монголын дархан цаазат, түүхэн газруудыг үнэгүй үзэх ёстой гэж. Үнэтэй байх ёстой шүү дээ. Хоргын тогоо, Тайхар чулуу, Хөвсгөлийн тайгаас авхуулаад Монголын үзэсгэлэнт газрууд, түүхэн дурсгалуудыг үнэгүй үздэг шүү дээ. Зөвхөн хөтөч, унаа, хоолноос мөнгө олдог одоогийн хэлбэрийг халах, өөрчлөх цаг болсон. Тэгэхээр бид хуулийн дагуу, хувийн компаниудаар менежментийн шинэчлэл хийнэ.
БНСУ, Япон, БНХАУ, Турк улс Соёл, аялал жуулчлалын яамтай. Соёлд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлдэг. Ховор эд өлгийн зүйлс, түүхэн газрыг хамгаалаад, заавал төлбөр төлж, дотогшоо орж байж үзэх боломжтойгоор зохион байгуулдаг. Монголд эсрэгээрээ автомашинтай давхиж очиж үзчихээд л явчихдаг. Үүнийг цэгцэлнэ.