Цэл залуухан насандаа хүнд өвчний улмаас зуурдаар таалал төгссөн Зэвсэгт хүчний залуу офицеруудын төлөөлөл, дэслэгч Ц.Баянбаатар агсны гэргий А.Азжаргалтай бид ярилцлаа. Уй гашуу, ганцаардлаа туулж яваа тэр хүүгийнхээ төлөө, өөд болсон ханийнхаа төлөө зөв амьдрахыг л эрхэмлэж байгаа талаараа ярьсан юм.
-Ярилцлагын санал хүлээн авсан танд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу? Намайг Азжаргал гэдэг. Сэтгүүлч мэргэжилтэй. Одоо бол сэтгүүлч гэхээс илүү ээжийн ажил хийгээд явж байна. Би өөрийгөө уншигчдад Ц.Баянбаатарын эхнэр гэж танилцуулмаар байна.
-Сүүлийн үед таны амьдрал хэрхэн өрнөж байна даа?
-Амьдрал үнэхээр ахархан юм байна аа. Надад нөхрөө хайрлах маш богинохон л хугацаа байлаа. Гэсэн ч би ханийнхаа төлөө ямар нэг зүйл хийх боломж хязгаарлагдаагүй гэдгийг ойлгоод байгаа шүү.
– Зэвсэгт хүчний салбарт хүчээ зориулж явсан талийгаач ханийнхаа талаар та дурсан яриач?
-Ханхайсан сайхан эр хүн хажууд байж байгаад, байхгүй болох үнэхээр аймар…
Хамт байхдаа бид үнэхээр хүчтэй байдаг байлаа. Зовлон ч зовлон биш, зугаатай ч юм шиг санагдаад л. Би яг боддог байсан юм. Цэрэг армийн, зэвсэгт хүчний хүнтэй суувал гоё доо гээд л. Миний хүсэл биелсээн. Манай хүн их эршүүд. Эрэгтэй хүн ийм байвал л сайхан гэдгийн үлгэр жишээ хүн байлаа. Тэр минь хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаад өөрөө сонирхлоороо зэвсэгт хүчинд татагдаад орчихсон. Хувь тавилан нь цаанаасаа тийм байсан гэж ойлгодог. Тэгээд л ёстой хоёр талаас чемодан, чемодантайгаа нийлнэ гэж боддог байсан.
ХАНЬ МААНЬ МИНИЙ ХҮҮ БОЛООД НАДАД БУЦААД ИРЧИХСЭН ГЭЖ БИ БОДДОГ
-Та хоёрын амьдрал яаж эхэлж байв даа?
-Бидний амьдрал түрээсийн байрнаас л эхэлсэн. Тэнд бид гурвын хамгийн аз жаргалтай гурав, дөрвөн сар өнгөрсөн юм. Манай хүү одоо найман сар хүрнэ. Миний амьдралын зорилго, амьдралаас авах аз жаргал тэр болгон хүүтэй минь холбоотой. Хүү минь миний бүх юм. Одоо хүү бид хоёр түрээсийн байранд амьдардаггүй л дээ. Нөхрийнхөө ачаар. Гэсэн ч элэг бүтэн амьдарч байсан тэр газар л хамгийн гоё дурсамжууд маань бүтсэн дээ. Бидний түрээсэлж байсан байр манай одоогийн гэртэй ойрхон байдаг юм. Би хажуугаар нь явах бүрдээ хараад л, дурсамжаа бодоод өнгөрнө…
Хүүгээ том болохоор тэр байрандаа аваачна гэж боддог. Би боддог юм. Хань маань надад буцаад ирчихсэн гэж. Миний хүү болоод ирчихсэн л гэж боддог. Би өөрийнхөө ханийг шинээр бүтээж байгаа гэсэн үг.
Хүү минь том болно. Хөөрхөн шулганаад ирнэ. Ээжийгээ аргаддаг болно. Би өөрийнхөө ханийг шинээр бүтээж байгаа. Хүүгээ яг аав шигээ л хүн болж өсөөсэй л гэж хүсэж байна. Сайхан сэтгэлтэй, тусч, өгөөмөр эр хүн шиг…
-Та одоо ганцаардаж байна уу?
-Аймар, үнэхээр аймар… Би өөрөөсөө “яагаад” гэх асуултыг хичнээн мянган удаа тавьсан. Яагаад?
Бид хоёр дахиж хэзээ ч уулзахгүй гэдэгтэй эвлэрч амжаагүй л явна. Хэрвээ хэзээ нэгэн цагт би жам ёсоороо үхэх юм бол, тэр үед би үхлээс айхгүй. Нөгөө ертөнцөд намайг хүлээж байгаа хүн байгаа шүү дээ. Зүгээр л аз жаргалтайгаар үхлийг хүлээж авна. Заримдаа тэгж боддог. Маш хэцүү үеүд олон шүү дээ. Тэр болгондоо “За тайвширчих, давчих” гээд өөртөө хэлнэ. Хэзээ нэгэн цагт үхнэ гэж бодохоор яагаад ч юм магадгүй сайхан ч юм шиг санагддаг. Гэхдээ тийм аминчхан байж болохгүй шүү дээ. Хүү маань байна. Хүү маань амьдрах ёстой. Нэгэнт л хүн болоод ирсэн. Цэцэрлэгт орох ёстой. Сургуульд явах ёстой. Бусдын үздэгийг үзэж, найзалж нөхөрлөнө, алдана ононо тэр болгоныг үзэх ёстой. Тэгэхэд нь би хажууд нь байх ёстой. Энэ бол миний үүрэг.
“ХАЙР НЬ ЧАМТАЙ УЧИРСАНДАА ҮНЭХЭЭР ИХ БАЯРЛАДАГ ШҮҮ” ГЭЭД ХЭЛЧИХСЭН БОЛ…
-Та сая бусад хосуудын хэрэлдэж байгаад нь хүртэл атаархаж байна гээд хэллээ шүү дээ. Бид дэргэдээ байгаа жаргалыг анзаарахгүй, дараа нь харамсах үйлдлүүдийг санаатай санаандгүй хийгээд байдаг. Танд төрсөн харамслын талаар та яриач?
-Өнгөрсөн бүх хугацаагаа бодно. Богинохныг ч хэлэх үү. Нэхээд л санана. “Бид хоёр тэгж учирсан, ингэсэн…” гээд л. “Ус хийгээд өгөөч ээ хайраа” гэхэд нь хийж өгөөгүй. Тэр жижигхэн зүйл хүртэл их хүнд санагдана л даа. Гэхдээ би яг энэ үйл явдлын дараа, хэтэрхий өөрийгөө яллаад байсан юм билээ. “Тэгэхэд тэгчихгүй яав аа, ингэхэд ингэчихгүй яав аа, мэдсэн бол ингэх байж” гээд яллаад л. Би ч гэсэн мэдээгүй шүү дээ. Ийм богинохон байна гэж мэдээгүй болохоор…
Одоо би яг юун дээр харамсдаг вэ гэхээр, жаахан нялуунаар хайрлахгүй яав даа л гэж харамсдаг. “Би азтай болохоор, зөв явсан болохоор л бид хоёрыг учруулаад, намайг ийм сайхан нөхөртэй болгочихлоо доо” гээд дотроо л боддог байсан. Тэрийгээ яагаад ил гаргаад хэлж чадаагүй юм бол… гэж. “Хайр нь чамтай учирсандаа үнэхээр их баярладаг шүү” гээд хэлчихсэн бол…
-Та ирээдүйн амьдралаа яаж төсөөлж байна вэ?
-Миний ирээдүй бол миний хүү. Хүүгээ одоо эрүүл саруул өсгөхийн тулд, би өөрөө мэдлэгтэй, боловсролтой байх ёстой юм байна. Хүүдээ эрүүл саруул хоол өгөхийн тулд би өөрөө амт чанартай хоол хийж сурах ёстой юм байна. Хүүдээ энэ бүх түүхийг, аавынх нь талаар ярьж өгөхийн тулд тэр болтол нь хамт байх ёстой. Хүү маань зориод очих ээж нь аль болох урт удаан байх ёстой юм байна. Тэр болгон маань л миний ирээдүйн зорилго.