“Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт жүжигчин Г.Нарансолонгыг урьж, ярилцлаа. Түүний хувьд “Зүүд шиг хайр” киногоор уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан. Өдгөө “Эмоци” гэх продакшн үүсгэн байгуулж, олон уран бүтээлд дүр бүтээж, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн чадварлаг жүжигчин юм.
Түүний амьдрал хүүхдийн ордонтой маш их холбоотой аж. Хүүхдийн ордны драмын дугуйланд наймдугаар ангиасаа аравдугаар анги төгстлөө Саранхүү багшийн удирдлагад суралцаж төгсжээ. Энэ дугуйланд суралцаж байхдаа л жүжигчин болно гэж шийдсэн, жүжигчин байхын зах зухаас нь мэдэрч, сургуулиа төгсөхдөө Соёл урлагийн их сургуульд орохоор бүрэн шийдсэн байсан тухайгаа ярьсан юм.
Тэрээр 17 настайдаа Биндэр найруулагчийн “Зүүд шиг хайр” кинонд тоглож, уран бүтээлийн гараагаа эхэлж байжээ. Мөн Х-Түц продакшны “Сэргээш-1,2,3”, “Миний хөрш чөтгөр” зэрэг олонд хүрсэн кинонуудад тоглосон. Мөн “Аянгын бороо”, “Хориотой жүжиг” гэж тухайн цаг үедээ дуулиан тарьж байсан жүжигт тоглож байсан. Өрх тусгаарлаж, “Эмоци” продакшн байгуулаад “Гурван найз”, “Их хотын залуус”, “Фракц” зэрэг хийсэн бүтээл бүр нь үзэгчдэд маш сайхан эергээр хүрдэг байна. Тийм ч учир өөрийгөө "Уран бүтээлийн талд их аз, одтой юм байна" гэж боддог гэсэн юм.
"Амьдралд гаргаж байгаа чухал шийдвэрүүдэд зүрх сэтгэлээ сонссон нь илүү зөв байдаг болов уу гэж боддог. Мэдээж бодох ухаан хэрэгтэй. Гэхдээ мэргэжил болон хүний хань гэдэг чиний амьдрал ямар байхыг шийдэх хамгийн гол шийдвэр. Миний бодлоор эмэгтэй хүн нөхрөө сонгохдоо чамайг инээлгэж чаддаг хүнийг л нөхрөөрөө сонгоорой. Чамайг инээлгэж чаддаг гэдгийн цаана маш олон зүйл агуулагдаж байдаг. Учир нь чамайг жаргалтай байлгадаг, хамт байхад үргэлж инээлгэж байдаг. Чамайг инээлгэж чаддаг гэдэг үгний цаана миний хэлэх гээд байгаа бүх санаа багтсан.
Тэмка бид хоёр Х-Түц продакшнд хамт ажилладаг байсан. Х-Түц продакшны уран бүтээлд орж байгаад л танилцсан. “Олон охинтой аав” гээд телевизийн зохиомжид бид хоёр анх хос болж тоглож байсан. Тэмка хэлэхдээ тэндээс эхэлсэн гэдэг. Тэр үеэс маш эрчимтэй намайг эргүүлж эхэлсэн. Эмэгтэй хүн хэн нэгэн хойноос нь эргүүлээд байхад тоохгүй байгаа юм шиг хэр нь дотроо тоож, хүлээж байдаг. Гэнэт чимээгүй, холбоогүй болчихоор “Нөгөөх чинь яав, яагаад мессеж бичихгүй байна” гээд л. Эмэгтэй хүн амархан дасдаг.
Манай нөхөр сэтгэл хөдлөл өндөртэй хүн. Манай гэрийн гадаа зүрхэн хэлбэртэй гал асааж байсан. Их романтик. Өөртөө итгэлтэйгээр, маш зоригтойгоор надад сэтгэлээ илчилсэн. Би түүнд нь илүү татагдсан байх" гэж өөрийн хайрын түүхийг хуваалцсан юм.
Г.Нарансолонго "Жүжигчин гэдэг их сайхан мэргэжил. Бүтээсэн дүрээсээ шалтгаалан хүмүүсийн хайр, хүндлэлийг хүлээдэг. Явсан газар бүрд хүн бүр таньж, хайрлаж, хүндэлж байдаг. Тэр бүхнийг дааж явна гэдэг нэг талаараа маш том хариуцлага. Олны танил хүмүүс олны дунд маш зөв үлгэр дуурайлалтай байх ёстой. Үзэгчид хийсэн уран бүтээлээр нь харж, тэр хүнийг маш сайхнаар бодож, төсөөлж, харж байхад ёс зүйгүй байж болохгүй. Тиймээс бидэнд маш их хариуцлага ирдэг. Буруу гишгэж, буруу үг дугарч болохгүй. Амандаа орсон бүхнийг гаргаад байж болохгүй. Шүүж, тунгаах ёстой. Дураараа, замбараагүй хаа явсан газраа бүдүүлэг зан гаргаад, наргиж цэнгээд байж болохгүй. Бидний бүх зүйл хүмүүсийн нүдэн дээр ил байдаг. Хүмүүс биднээс үлгэр дуурайлал авдаг учраас бид өндөр ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой" гэж жүжигчин хүний хариуцлага, ёс зүйн талаар хуваалцлаа.
Тэрээр "Мэдээж уран бүтээлийн талаас шүүмжлэл байвал уран бүтээлч хүний хувьд сонсох ёстой. Дандаа магтуулна гэж байхгүй. Би дандаа магтуулаад байвал байгаа газраа зогсоно. Өсөж, дэвшихгүй. Өөрийгөө “Би болчихлоо, болоод байгаа юм байна” гээд ханаад л, хөгжихөө болино. Тиймээс магтаал шүүмжлэл аль аль нь байх ёстой. Шүүмжлүүлж байж хүн өөрийнхөө алдаа, оноог олж харна. Би юунд алдаа гаргаж болохгүй, яах ёстой вэ гэдгээ мэдэж авна. Тэгж байж урагшилна. Хүнд хор, шар төрнө. Дандаа шүүмжлүүлээд байж болохгүй. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Байнга шүүмжлүүлээд байвал даахад хэцүү. Жүжигчин л болохоос бид адилхан л мах, цуснаас бүрдсэн хүн. Адилхан л зүрх сэтгэлтэй. Урмын сайхан үгс хүнийг сайхан сэргээнэ. Урмын үгээр хөглөгдөж, эрч хүч авч, түүнээсээ урамшиж “Илүү цаашаа өөр зүйл хийх юм сан, өшөө гоё зүйл хийх юм сан” гэсэн хүсэл төрнө. Би уран бүтээлч хүнд шүүмжлэл, магтаал аль аль нь байх ёстой гэж боддог. Заавал байх ёстой" гэж магтаал, шүүмжлэлийг тэнцвэртэй хүлээн авдаг тухайгаа ярилаа.
Амьдралын утга учир амар тайван байдал. Хүн яахаар амар тайван байх вэ. Элэг бүтэн ээж, аав, хань, үр хүүхэдтэйгээ, идэх хоолтойгоо, маргаашдаа санаа зовох зүйлгүй байх нь амар амгалан. Түүнээс өөр илүү зүйл хүсээд яах вэ. Маш том байшин худалдаж аваад, олон өрөөтэй хаусд суугаад сэтгэл санаа амгалан тайван биш бол аз жаргал биш. Надад хэчнээн их мөнгө байгаад санаа сэтгэл тайван биш бол энэ бас л аз жаргал биш. Амар тайван байдал гэдэг нь гэр бүл, эрүүл мэнд. Хүн эрүүл байж л ихийг хийж бүтээнэ" гэж өөрийн амьдралын үнэ цэнийг гэр бүл гэсэн юм.
"Миний цаашдын мөрөөдөл гэвэл эх хүн болсон хойно үр хүүхдээ сайн сайхан яваасай гэж хүснэ. Эмэгтэй хүний хувьд гол амьдралын утга учир үр хүүхэд. Эмэгтэй хүн хүүхдээ хэвлийдээ олсон цагаас эхлээд л яг тэр хүний төлөө байдаг. Алхаа гишгээ, идэж ууж байгаа бүх зүйлс нь хэвлий дэх хүүхдийнхээ төлөө байдаг. Гарч ирсэн цагаас нь эхлээд тэр хүний төлөө юу ч хийхэд бэлэн байдаг. Үр хүүхдээ л сайн, сайхан явахыг харах юм сан гэж маш их хүсдэг. Бид ч гэсэн ээж, аавыгаа аз жаргалтай, сайхан байлгая гэж бодвол зүгээр л сэтгэлийг нь амар тайван байлгаж, сайн сайхан яв. Урдах ажлаа сайн хий, амжилттай сайхан бай. Тэгвэл ээж, аав чинь үүнд л баярлана. Энэ бол ээж аавдаа барьж байгаа хамгийн том бэлэг" гэсэн юм.
Видеог дээрээс үзнэ үү