Бид энэ удаа зохиолч Т.Мягмартогтох буюу "Todko Samson"-ыг урьж ярилцлаа. “Вангийн нулимс”, “Харь хэлээр яригсад”, “Дээд айл”, “Миний хайрт, миний хуримын гэрч”, “Сүрэг” зэрэг романаараа олны магтаал, шүүмжлэлийг тэнцүүлэн хүртэж яваа тэрбээр сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээлд хүч түрэн орж буй юм.
Өөрийн алхах зам мөрийг олох хүртлээ олон саад бартааг туулж, ухаарч, тэвчиж ирсэн түүнтэй бид өнгөрсөн амьдралынх нь унаж, боссон түүхийн талаар хуваалцъя.
-Таны бүтээлийг уншиж, үздэг хүмүүс олон болжээ. Ер нь хэзээнээс эхэлж зохиол бүтээл туурвих болов оо?
-2015 онд Австрид цагаач байхдаа, бас өвчтөн байхдаа шүлэг бичиж эхэлсэн. 10 гаруй ном хэвлүүлж, кино урлагт ч хүч үзэх болсон. Би чинь мэргэжлийн зохиолч хүн биш шүү дээ. Гэхдээ ард түмэн надаас мэргэжлийн зүйлийг шаарддаг, шүүмжилдэг. Тэр нь зарим үед баярлууштай. Зарим үед өөрийгөө өмөөрч бодох эрхгүй болох нь бий.
Найман жилийн хугацаанд юм бичих гэж оролдож байна. Австрид очсон өдрөөсөө эхлээд л өвдсөн. Тэгээд маргааш өглөө нь шууд хагалгаанд орсон. Хавдраар өвчилсөн юм билээ л дээ. Очихдоо үүнийгээ мэдээгүй. Тэгээд л хоёр жил гаруй хугацаанд таньж мэдэх хүнгүй, санхүүгийн боломжгүй хүндхэн цаг хугацааг туулсан.
Энэ цаг хугацаа надад их л зүйлийг ойлгуулсан. Одоогийн залуусыг хараад байхад, “дүрвэж амьдрах юм сан. Эх орноосоо явах юм сан. Хаа ч хамаагүй очоод аяга ч хамаагүй угаах юм сан” гэдэг болж. Яах аргагүй нийгэм нь тэднийг бухимдуулаад, бололцоо, тэгш хүртээмж байхгүй учраас ийм байдалд хүрснийг би ойлгож байгаа. Гэхдээ би өөрөө энэ замаар алхаж үзсэн хүн болохоор ямар ч байсан хүсэх юм биш гэдгийг хэлмээр байна.
ДҮРВЭГЧИЙН АМЬДРАЛ ХҮСЭХ ЗҮЙЛ БИШ
-Эх орныхоо үнэ цэнийг ойлгож мэдэрсэн үе гэж хэлж болох нь ээ?
-Тэгэлгүй яах вэ. Өвчин туссан цагаач иргэн, өөрөөр хэлбэл дүрвэгчийн амьдрал…Олон улсын амьтны хүрээлэн гэж ярьдаг. Тэр нь амьтны хүрээлэн биш шүү дээ. Дэлхийн бусад орнуудаас зугтааж, дүрвэж ирсэн есөн шидийн асуудалтай, өнгө өнгийн арьстай, өнгө өнгийн соёлтой хүмүүс амьдардаг газар би амьдралынхаа нэг үеийг өнгөрүүлсэн. Тийм газар очоод бие өвдөхөөс гадна сэтгэл санаагаар их л унаж байсан. Эх орондоо байдаг шиг чөлөөтэй байж, хүссэн хүнтэйгээ монгол хэлээр яриад, өөрийгөө ойлгуулаад, ойлголцож чадахгүй. Эх орондоо байх шиг аз жаргал байдаггүйг анх тэнд ойлгож байсан юм. Тэгээд л Австрид чилийсэн дөрөв, таван жилийг өнгөрөөсөн дөө. Автобусны, хоолны мөнгөгүй. Тансаг хэрэглээ гэдэг зүйл байдгийг ч мартсан үе. Нэг үгээр хэлэхэд, хасах туйл, оргүй хоосноос хаашаа явахаа мэдэхгүй, орь ганцаараа, дээрээс нь өвчтэй, эрх чөлөөгүй нөхцөл дундаас таван жилийн дотор яаж гарч ирэх вэ гэдэг даваа надад тулгарсан.
ХООЛ Л МӨРӨӨДДӨГ БАЙСАН МИНИЙ АМЬДРАЛ ЭХ ОРОНДОО ИРЭЭД ӨӨРЧЛӨГДСӨН
-Ийм үед сэтгэл зүйн хат л давж гардаг байх даа?
-Тэснэ, тэвчинэ, бас бусдын тус дэмийг авна. Эндээс суралцах зүйл их байсан. Бүхнийг орхимоор санагдах, шантрах зүйл олон байлаа. Амиа хорлох оролдлогууд, үүнийг хүссэн бодлууд эргэлдэх тохиолдол цөөнгүй гарсан шүү. Байрны түрээсийн мөнгөгүй учраас гудамжинд хонож байсан үе ч олон. Энэ бүхнийг тэсээд л гарсан. Хүн ер нь тэвчих гэж амьдардаг байх л даа.
Мэдээж би “алсан, чадсан” гэж ярих дургүй. Үзэх ёстой зүйлээ үзсэн, сурсан, хийх ёстой зүйлээ хийсэн. Хийж байгаа зүйлдээ тууштай байсан. Түүгээрээ богинохон хугацаанд, амьдралаа өөрчилсөн. Эх орондоо ирээд шүү дээ. Өмнө нь би хоолны тухай боддог байсан бол одоо уран бүтээлийн талаар өндийх завгүй шаналж, урагшилсаар л байгаа. Маш том зүйлүүд мөрөөдөж, үүнийхээ төлөө ч явж байна. Магадгүй миний өнөөдрийн байгаа байдалд өнгөрснөөс суралцсан олон зүйл нөлөөлсөн байх. Хүн байгаа цаг хугацаа, нөхцөл байдал, зовлон, жаргал, бэрхшээл гээд бүх зүйлдээ дасаж болохгүй гэж боддог. Би зовлондоо дасаж, тухайн үед цагаачийн байрандаа, “Ашгүй дээ нэг байртай, улсын халамж аваад одоо болж байна. Одоо юу ч хамаагүй хийгээд амьдаръя” гэсэн бол тэндээ байж л байгаа.
-Ингэхэд та эмэгтэй хүн, ээж хүний талаар их зүйл бичдэг. Ээжийнхээ тухай яриач? Ачийг хариулж чадаж байгаа юу?
Би ээжийгээ их удаан зовоосон доо. Маш олон жил. Байраа олдоггүй чулуу шиг л байсан. Хүүхэд байхаасаа л ээжийнхээ чихийг нь халууцуулж, гэрээсээ оргоод явчихна. Арван жилийн хүүхэд байж цэрэгт явчихна. Гадагшаа явчихна. Буцаж хүрч ирээд амьдрал ахуй зохиогоод нөгөөдөх нь бүтэлгүйтээд л. Ер нь эх хүн хүүхэд нь тайван байхад л, жаргадаг юм болов уу гэж би ойлгодог. Хүүхэд нь тайван байна гэдэг нь талхны мөнгөө өөрөө олоод идчихдэг. Худлаа ярихгүй, хулгай хийхгүй, хүн хуурахгүй, хэрэг төвөгт орооцолдохгүй, өвдөхгүй, өрөөлийг хохироочихгүй, өөрөө хохирчихгүй байхад эх хүн тайван байдаг байх. Манай ээж сүүлийн таван жил анх удаа надад санаа зовохгүй тайван байсан гэж би ойлгож байгаа.
НАД РУУ НУЛИМСАН ХҮН БОЛГОН РУУ БОРГООД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ
-Таныг, бас таны бүтээлийг шүүмжлэх, доромжлох хүмүүс бишгүй бий. Үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?
– Анх бичиж эхэлж байхад шоолж байсан, доромжилж байсан бүх зүйлийг даваад гарсан. Одоо ч хэвээрээ. Миний хувьд алсын хараа чухал. Түүнрүүгээ зүтгэх ёстой болохоос биш, бүдэрч байгаа чулуу болгоноо ийш, тийш өшиглөөд байя гэж боддоггүй. Бүдэрч унасан бол босож ирээд цаашаагаа л явна. Энэ чулуунд бүдэрчихлээ. Энэ над руу чулуу шидэж, нулимлаа гээд тэр болгонд эргэж хараад, боргоод байх шаардлагагүй. Зовлон нүүрэлсэн ч адил. Бусдын хандлага ч мөн адил.
Яг үнэнийг хэлэхэд богино хугацаанд номууд нь бест селлер болоод, кино нь бокс оффист тэргүүлээд явна гэдэг бол, зарим хүмүүсийн хувьд хүсэж мөрөөдөөд ч хүршгүй зүйл юм. Тэрний төлөө атаархаж, доромжилж байгаа хүмүүс ч байна. Хийж, хийж тэр нь болоогүй учраас ууралж байгаа хүмүүс ч байна. Үнэхээр миний хийсэн зүйл таалагдаагүй хүмүүс ч байна. Үүнийг анхандаа бол сэтгэл санаагаар унаж хүлээж авдаг байсан. Бичихээ больё гэсэн бодлууд ч төрдөг байлаа. Тэр байтугай бүр оршихуйгаа хаагаад алга болъё. Хэний төлөө, юуны төлөө ингэж амьдрах вэ гээд шаналах үе байсан. Одоо бол өөр. Хийнэ л гэж анх зориглосон. Миний ганц баримталдаг зарчим бол ерөөсөө л урагшлах.
–Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.