“Сөрөг хүчин” тоймын шинэ дугаарыг хүргэж байна. Өнгөрч буй долоо хоногт нийгэм, улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдвүүдийг тоймлон танилцуулъя.
ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Ч ГАДААД РУУ ЗУГТСАН 92 ХҮНИЙГ АЛБАДАН АВЧИРНА
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигын эсрэг өрнүүлж байгаа тэмцлээ 5Ш хэмээн томъёолсон. Тэдгээрээс шүгэл болон шувуу ажиллагааг эхлүүлж байгаа гэдгээ энэ 7 хоногт зарлалаа. Өнөөдрийн байдлаар гэмт хэрэгт холбогдчихоод, мөрдөн шалгах ажиллагаанаас орон зайлж, Монголоос гадаас улсын зорьсон 92 хүн байна. Тэдний нэрсийг ил зарлаж, авчрахаар болсноо зарлалаа. Үүнд АНУ-д "нуугдаж" буй гэгдэх "Тавантолгойн төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай нар багтсан нь анхаарал татаж байна. Тэднийг авчрахын тулд гадаад паспортных нь хугацааг хүчингүй болгоно. Ингэснээр албадан буцаах нөхцөл боломж бүрдэнэ хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд байгаа юм.
Мөн Шүгэл ажиллагааны хүрээнд авлигын эсрэг шүгэл үлээхээ зарлалаа. Засгийн газар иргэдтэйгээ хамтарч, авлига, хүнд суртлын эсрэг шүгэл үлээх нь хамгийн чухал. Бусармаг гажуудлыг зөвхөн хуулийнханд даатгаад орхиж болохгүй хэмээн тайлбарлаж байна. Хэдийгээр сүржин даржин нэртэй гэж олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа ч “Шүгэл ажиллагаа” цаагуураа том ач холбогдолтой гэж ажлын хэсгийнхэн мэдэгдэж байна. Энэ ажлын хэсгийг Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Солонгоо ахалж ажиллана.
Манай улс авлигын төсөөллийн индексээр 2022оны байдлаар 33 оноо авч, дэлхийн гаруй улсаас 116-р байрт эрэмбэлэгдсэн байна. 2022 онд авлигын гэмт хэргээр ял шийтгэл ноогдуулсан шүүхийн шийдвэр 318 байсан нь 2018 оны үзүүлэлтээс 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Ямартай ч хууль хяналтынхан, Засгийн газрын харьяа яам агентлагийнхан нэгдэж, Шүгэл ажиллагаа эхлүүлснээ зарлалаа. Үүнийг дагаад “МАН-ынхан авлигатай орооцолддог томчуудаа ил гаргаж чадах уу, эсвэл жижиг жараахайтай зууралдаад дуусах уу… МАН-ын залуус өөрсдийнхөө намынхныг зоригтой илчилнэ гэж байх уу зэргээр шүүмжлэлийг дагуулж байна. Монголд авлига байна. Асуудал байна. Харин Засгийн газарт үүний эсрэг шинэ төлөвлөгөө байна гэлээ. Хэрхэн ажиллахыг нь харах үлдлээ.
Л.ГАНТӨМӨР С.ЭРДЭНЭТЭЙ ЭВЛЭРЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ БОЛЛОО
Ардчилсан намынхны хагарал улстөрийн хүрээнд анхаарал татсан сэдэв хэвээр байна. Улсын дээд шүүх Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгэснээр намын хагарал нэг талдаа гарах нь, АН одоо л цэгцрэх нь гэх хүлээлт бий болсон. Гэвч тэдний тэмцэл шийдэгдэх болоогүй байгаа гэдэг нь өрнөж байгаа үйл явцаас харагдаж байна. Улсын дээд шүүхээс улсын бүртгэлийн гэрчилгээг нь шинээр олгох боломжгүй гэж мэдэгдлээ. Тодруулбал, энэ сарын 28-ны өдөр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяраас Улсын Дээд Шүүхэд 2023 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр "…намын улсын бүртгэлийн гэрчилгээ нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, ашиглах боломжгүй байгаа бөгөөд АН-ын хуучин удирдлага нь намын холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхгүй, удаа дараагийн шаардлага биелүүлэхгүй байна. Дээрх байдлаар намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн тул өргөдлийг хүлээн авч, АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгож өгнө үү" гэх агуулгатай өргөдөл хүргүүлжээ. УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн өнөөдөр болсон хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд "… намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй, хаяж үрэгдүүлсэн" гэх үндэслэлээр улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй гэж үзсэн байна. Ингэснээр хуучин гэрчилгээгээ атгаад сууж байгаа С.Эрдэнэ дээр очиж, ойлголцохоос өөр замгүй болж байна. Гэвч одоогоор хэн хэн нь буулт хийхгүй гэдгээ илэрхийлж, тас гүрийсэн хэвээр байна. Өрнөж байгаа үйл явдлаас харахад АН-ынхан сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй эвлэрч амжихгүй явсаар ирэх сонгуультай золгож мэдэхээр дүр зураг харагдаж байна.
ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ТЭМЦЭХ ЗУУР ГУРВАН НАСТАЙ ХҮҮХЭД ХОЙД ЭЦГИЙНХЭЭ ГАРТ ХОХИРОВ
Хүчирхийллийн гэмт хэргийн тухай бид хэд хоног “шуураад л “ мартчихдаг учраас хэрэг дахин дахин гарч, даамжирсаар байна гэх шүүмжлэл өрнөсөн долоо хоног өнгөрч байна. Гуравдугаар сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөс залуус төв талбайд жендэрт суурилсан хүчирхийллийг эсэргүүцэж, тайван жагслаа. 2020 онд Монголд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 10 гаруй хүн нас барсан тухай сэтгэл эмзэглэм тоог дурдаж, хүчирхийллийн суурь шалтгааныг цогцоор нь авч үзэхийг анхааруулж байсан юм. Гэтэл үүнтэй зэрэгцэн 3-р сарын 8-нд гурван настай хүүхэд ээжийнхээ хамтран амьдрагчийн гарт хүчирхийлэгчийн хохирогч болсон нь ил болов. ГССҮТ-өөс өгсөн мэдээллээр “ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн захирал Р.Гантуяа “Хүүхдийн биеийн байдал маш хүнд байна. Хавсарсан гэмтэлтэй. Зөөлөн эдийн няцрал, сээр нурууны гуравдугаар нугаламын их биеийн болон баруун шууны хугаралтай, тархины хүнд гэмтэлтэй байна. Хүүхдийг эрчимт эмчилгээний тасагт, амьсгалын аппаратанд оруулаад өнөөдөр хоёр дахь өдрийн эмчилгээгээ хийж байна.Хамгийн сүүлд бид ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтраад нарийн мэргэжлийн оношилгоо шинжилгээнүүдийг хийлээ. Хүүхдийн шулуун гэдэсний орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл ихтэй гэсэн онош нэмж тодорч байна. Ер нь, хүүхдийн хувь заяа хэрхэхийг хэлэхэд бэрх, биеийн байдал нь маш хүнд, амьсгал зүрх судасны дэмжлэгтэй байна” гэж мэдэгдэв. Ингэснээр гэр бүлийн хүчирхийллийн асуудалд бид нийтээрээ анхаарах цаг болсныг харуулсан том дохио болсон юм. Хүчирхийллийн хажуугаар хэн ч нүдээ аниад зөрдөггүй байх, хөршийн холбоогоо сайжруулах, хорооны хамтарсан баг хяналтаа сайн тавих гээд олон асуудлыг хөндөхөд хүргэлээ. Том зургаараа хүчирхийлэл бол нийгэм дэх ажилгүйдэл, ядуурал зэрэг олон хүчин зүйлийг дагаад гардаг “нийгмийн өвчин” юм. Тиймээс төр бодлогоороо ч анхаар гэдэг мессежийг олон нийт хөндөж байлаа.