"Хөөрхөн зүрх" ТББ-аас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Нэг тэрбумаараа тэмцье 2023" хөдөлгөөнийг зохион байгуулж байна. Тэд энэхүү хөдөлгөөнөө улс орон даяар өрнүүлж байгаа юм.
Уг байгууллага охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бүхий л төрлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилготойгоор 2012 онд үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Манай улсад охид, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийлэл ямар түвшинд байна вэ. Үүний эсрэг дуугарч, охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж, дуу хоолойгоо хүргэж буй "Хөөрхөн зүрх" ТББ-ын сэтгэл зүйч Х.Эгшиглэнгээс тодрууллаа.
-"Нэг тэрбумаараа тэмцье" хөдөлгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Яагаад ингэж нэрлэсэн бэ?
-Энэхүү хөдөлгөөн нь V-day хэмээх охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор нэгдсэн идэвхтнүүдийн 2013 оноос жил бүр өрнүүлж буй дэлхийн хэмжээний томоохон хөдөлгөөн юм. Энэ хөдөлгөөнийг бид Монголд зохион байгуулдаг гэж ойлгож болно.
Эл үйл ажиллагаагаар дамжуулан нэг тэрбум охид, эмэгтэйчүүд болон тэднийг хайрладаг, дэмждэг хүмүүс хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эсэргүүцлээ урлагаар дамжуулан илэрхийлэх, тэмцэх, шаардахыг уриалдгаараа онцлогтой.
Одоогоор дэлхийн өнцөг булан бүрд сая, сая хүн, төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эсэргүүцлээ илэрхийлээд байна.
Дэлхий даяар гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед жендэрт суурилсан хүчирхийлэлд өртсөн гэх судалгаа бий. Хэрвээ эдгээр эмэгтэйчүүд нэгэн зэрэг тэмцвэл нэг тэрбум хүн хүчирхийллийн эсрэг тэмцэнэ гэсэн үг. Тиймээс л “Нэг тэрбумаар тэмцье” гэж нэрлэсэн.
-Танай хөдөлгөөнд өчигдөр /уржигдар-/өөс орон, нутаг, аймгууд нэгдээд эхэлсэн байна. Хүн бүхэн нэгдэх боломжтой юу?
-"Нэг тэрбумаараа тэмцье" хөдөлгөөнийг энэ жил "Эрх чөлөөнийхөө төлөө тэмцье" уриан дор зохион байгуулж байна. Манай хөдөлгөөнд хүссэн хүн бүхэн нэгдэх боломжтой. Энэхүү хөдөлгөөнд 21 аймаг, Улаанбаатар хотын дүүргүүд нэгдээд, маш өргөн цар хүрээтэй болж байна.
Жишээлбэл, өчигдөр /уржигдар/-өөс Орхон болон Говь-Алтай аймгууд иргэдээ уриалан эмэгтэйчүүдийн алхалтыг зохион байгуулсан. Гуравдугаар сарын 8-нд бэлэг сэлт, цэцэг шоколад авахаас илүү охид эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дуугарч,бидний эрх хаана, яаж зөрчигдөж байна вэ гэдгээ мэдэх учиртай өдөр юм шүү. Тиймээс “Нэг тэрбумаараа тэмцье” хөдөлгөөнд нэгдэж, дуу хоолойгоо хүргэхийг уриалж байна.
-“Хөөрхөн зүрх”-ийн үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэл юу вэ?
-Манай байгууллага хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох зорилготойгоор 2012 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс гадна "Жендерт суурилсан хүчирхийлэл" буюу жендэрээс болж үүсдэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, нөлөөлөх ажлуудыг давхар хийдэг.
-Манай улсад охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл ямар түвшинд байна вэ?
-Монгол Улсын хүрээнд 2017 онд "Хүчирхийллийн нүцгэн үнэн" нэртэй хийгдсэн ганцхан том судалгаа байдаг. Тэр судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 45 хувь нь хамгийн ойрын буюу дотно хамтрагчийнхаа зүгээс 5-аас цөөнгүй удаа бие мах бодийн хүчирхийлэлд өртдөг, 10 эмэгтэй тутмын нэг нь 15 нас хүрээгүй байхдаа бэлгийн хүчирхийлэл, дарамтад өртдөг гэсэн судалгааны үр дүн гарсан.
-Хүчирхийлэлд өртөж, танайд хандаж буй хүүхдүүд яг ямар тохиолдлоор хүчирхийлэлд өртсөн байдаг вэ?
– Манай байгууллагад 0-18 насны бэлгийн хүчирхийллийг даван туулагч хүүхдүүд их ханддаг. Ихэнх тохиолдолд ураг төрлийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Өөрийн хамгийн ойрын хүн буюу ах, өвөө, хойд эцэг, авга ах гэх мэт хүмүүс нь хүчирхийлсэн тохиолдол маш их гардаг. Танил бус хүн үйлдсэн тохиолдол цөөхөн байдаг.
Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд өөрөө болон гэр бүлээрээ дамжуулан манайд ханддаг. Мөн төрийн болон бусад байгууллагаар дамжуулан “Хөөрхөн зүрх”-д ханддаг, ирдэг.
-Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүйд ихэвчлэн ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Хүчирхийлэл өөрөө сэтгэцийн гэмтлийг бий болгодог. Ингэснээр хүүхдийн бие махбодь болон сэтгэл зүй, оюун санаа гээд бүхий л хэсэгт сөрөг нөлөө үзүүлдэг. Илрэх шинж тэмдэг нь, хүүхэд хэтэрхий эмзэг, цочмог, уур бухимдалтай болох, бусдад үл итгэх, сэтгэлээр унах, бие мах бодийн хувьд нойргүйдэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
-Хүүхдийн төдийгүй охид, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийг бууруулах чиглэлд олон байгууллага ажилладаг. Харамсалтай нь, буурахгүй байгаа гол шалтгаан нь юу бол?
-Үүнийг тогтолцоотой холбож үздэг. Эцгийн эрхт ёс давамгайлсан энэ соёлд эмэгтэйчүүд эрх мэдэлгүй, илүү сул дорой гэх буруу ойлголт бий. Нийгмээр харахад эмэгтэйчүүд л эрх нь дэндээд байгаа мэтээр яригддаг. Гэтэл яг бодит судалгаа, тоо баримтаас харахад, хүчирхийллийн хохирогч нь охид, эмэгтэйчүүд байдаг. Тэгэхээр хүчирхийлэл нь манай нийгмийн тогтолцоо, соёл, хандлагатай холбоотой өргөн хүрээний асуудал. Яг энэ тогтолцоог өөрчилж, түүнд нөлөөлж байж хүчирхийлэл буурна.
Р.ЦЭЦЭГБАЯР