Монголын сэтгүүл зүй үүсч хөгжсөний 110 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэ өдрөөр сэтгүүлчид салбарын алдаа оноогоо ярилцсан юм. Сэтгүүлчид гагцхүү баримтад тулгуурлаж, ёс зүйн зарчмаа мөрдөж ажиллах нь өнөө цагийн гол сорилт болоод байгааг хөндлөө. Тухайлбал, хэвлэлүүд хэн нэгний цахим сүлжээнд бичсэн, сүр дуулиантай, анхаарал татсан мэдээллийг нягталж шалгахгүйгээр шууд нийтлэх алдаа ихээр гарч байна. Үүнээс үүдэж, буруу ташаа мэдээлэл түгж, үүнийг дагаад хэвлэлүүд цуу ярианд үндэслэж ажилладаг, бусдыг хохироодог гэх муу үнэлгээг олон нийтэд авахад хүрч байгаа юм. Нөгөө талдаа, нийгмийн сүлжээгээр худал мэдээ хормын төдийд тархдаг болсон энэ үед иргэд дурын, тааралдсан нэг цахим хаягнаас биш зөвхөн хариуцлагатай редакцаас мэдээллээ авдаг байх чухал болжээ. Ингээд сэтгүүлчдийн яриаг хүргэе.
“25 ДУГААР СУВАГ” ТЕЛЕВИЗИЙН ТОЙМЧ Г.МӨНХТУУЛ: СЭТГҮҮЛЧИД МЭРГЭЖЛИЙН, ЁС ЗҮЙТЭЙ БАЙХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ
Монгол улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр бүс нутгийн түвшинтэй харьцуулахад боломжийн, дээгүүр үзүүлэлттэй байгаа гэж харж байна. Бидэнд орон зай, ажиллах боломж байна. Сүүлийн үед цахим сэтгүүл зүй хүч түрж орж ирэх болсон. Энэ хэрээр мэдээллийг шуурхай хүргэх зэрэг олон давуу талыг бий болгож байна. Гэхдээ мэдээллээ нягталж, хоёр гурван эх сурвалжаар баталгаажуулах тал дээр алдаа дутагдал бий. Сэтгүүл зүйд мэргэжлийн сэтгүүлчид ажиллаж, гагцхүү барим дээр тулгуурлаад, ёс зүйтэй, өөрийн өнцгөөс анализ хийж ажилладаг гэдгийг бид өдөр тутмын ажлаараа илүү сайн харуулж байх ёстой. Ингэхгүй бол сэтгүүл зүйн ажлыг хэн ч хийж болно. Амар хялбар зүйл гэх буруу ойлголт нийгэмд түгж байна. Мэргэжлийн, ёс зүйтэй байх тал дээрээ анхаарчихвал сэтгүүл зүйн салбарт боломж их бий гэдгийг дахин хэлье.
“ISEE.MN” САЙТЫН РЕДАКТОР Т.ХУЛАНТАХЬ: ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ХУУЛИАР ХАМГААЛАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БАЙНА
Монголын сэтгүүл зүй түүхэн хөгжлийн 110 жилийн хугацаанд алдаа онооны аль алиныг нь туулж хөгжиж ирлээ. Үе үеийн сэтгүүл зүй, сэтгүүлчид үүргээ хангалттай гүйцэтгэж ирсэн гэж үзэж байна. Өнөөдөр бид ч энэ л зарчмаа бариад явж байна. Гэхдээ илүү мэргэжлийн болох, төлөвших шаардлага бий. Нөгөө талдаа эрх зүйн орчноо сайжруулах, хэвлэлийн эрх чөлөөгөө хуулиар хамгаалах асуудал тулгамдаж байна. Сэтгүүлчид цагдаа, хууль хүчний байгууллагад хамгийн ихээр дуудагддаг. “Таныг ийм ийм… асуудлаар дуудлаа” гэхээр нь яваад л очдог. Гэтэл хамгийн түрүүнд “Эх сурвалжаа хэл” гэдэг. “Бид эх сурвалжаа хэлэхгүй ээ” гэдэг ч үнэндээ бидэнд хуулийн хамгаалалт байхгүй. Сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйн кодоороо эх сурвалжаа хэлэхгүй гэж заасан байдаг ч хуульд энэ талаар тусаагүй.
Сүүлийн үед улстөрчид хэвлэлийн эрх чөлөөг хумих оролдлогуудыг байнга хийх боллоо. Хамгийн сүүлд л гэхэд олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг баталсан. Сэтгүүлчид соргогоор мэдэрч, эсэргүүцсэний эцэст Ерөнхийлөгч хуульд хориг тавиад байна. Ер нь улстөрчид хэвлэлийнхнийг, сэтгүүлчдийг нэгдэх вий гэж л айдаг. “Амыг нь барихыг” оролддог. Ийм үед бид илүү нэгдэж, хууль эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй.
“EAGLE NEWS” ТЕЛЕВИЗИЙН СЭТГҮҮЛЧ Б.ЗАМБАГА: ИРГЭД БАТАЛГААТ ЭХ СУРВАЛЖАА ЯЛГАДАГ БОЛЖ БАЙГАА НЬ САЙН ЖИШИГ
Өнөөдөр Монголын сэтгүүлчид үндсэн чиг шугамаа бариад, мэргэжлийн үүргээ биелүүлж чадаж байна гэж харж байна. Мэдээж, сайжруулах зүйлс бий. Тухайлбал, нийгмийн сүлжээнээс ялгарах, зөвхөн шуурхай бус, баталгаатай мэдээлэл хүргэхэд анхаарах хэрэгтэй. Нөгөө талдаа, иргэдийн өөрсдийнх нь мэдээллийн боловсрол чухал гэж би хардаг. Энэ тал дээр сүүлийн жилүүдэд харьцангуй дэвшил гарч байна. Иргэд “Энэ бол баталгаатай мэдээлэл хүргэдэг хэвлэл. Тиймээс би эндээс мэдээллээ авна” гэдэг хандлагатай болж эхэлсэн байна” гэлээ.
Видеог дээрээс үзнэ үү.