Төр 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ мартаж, эдгээр иргэд наад захын хүн байх эрхээ эдэлж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Саяхан нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн автобусны, тэргэнцэртэй иргэн зогсох ёстой зай талбайд, хогийн сав байрлуулсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байсан юм. Энэ үйлдэл бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мартсан, ухамсаргүй, амин хувиа хичээсэн нийгмийн дүр зураг.
Бид энэ асуудалтай холбогдуулан тэргэнцэртэй иргэд зөвхөн нийтийн тээврээр зорчиж үйлчлүүлэхэд, ямар бэрхшээл тулгардаг, юу мэдэрдэг талаар сурвалжлахаар Таван богд автобусны буудлаас, 120 мянгат хүртэл, автобусанд тэргэнцэртэй үйлчлүүлж үзсэн юм. Явган хүний зам нь асуудалтайгаас үүдэж, тэргэнцэртэйгээ онхолдох шахам явсаар чүй, ай автобусны буудал дээр ирснээ хэлэх нь зүй. Ингээд тэнд ирсэн хамгийн эхний автобусанд суухыг жолоочоос нь хүсэхэд, жолооч цааргалалгүй хүлээн авч, автобусанд өөр нэг залуугийн тусламжтайгаар өргөж намайг оруулсан юм.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД БАЙДГИЙГ МАРТЧИХСАН ЮМ БАЙЛГҮЙ… ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭД АВТОБУСААР ҮЙЛЧЛҮҮЛЭХЭД ТУН БЭРХ
Бид нийтийн тээврийн үйлчилгээнд 10 гаруй жил ажиллаж буй жолооч А.Сэр-Одтой хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг асуудлын талаар цөөн хором ярилцлаа.
-Та сая намайг өргөөд орууллаа. Жолоочид тэргэнцэртэй иргэдийг өргөж оруулна гэсэн журам байдаг уу?
-Байхгүй л дээ. Манай жолооч нар ихэнх нь л ийм байдалд тусалдаг байх. Ганцхан ах нь ч биш.
-Өмнө нь ийм тохиолдол хэр их тулгарч байсан бэ?
-Өдөр болгон биш юм аа гэхэд, таардаг аа таардаг. Зөндөө л таардаг. Хувь хүний ухамсрын асуудал шүү дээ. Би бол өөрөө өргөөд л суулгачихдаг юм. “Энэ хүн явах гэж байгаа юм байна. Ажил төрлөө бүтээг” гэсэн хүнлэг л зан чанар нөлөөлдөг. Шинээр орж ирсэн улаан автобус ч бай, хуучин солонгос автобус ч бай ямар ч л байсан тэргэнцэртэй хүмүүст зориулагдаагүй юм билээ. Тийм иргэд байдаг гэдгийг мартчихсан байдаг юм байлгүй дээ. Түүнээс биш оруулж ирээд явуулъя гэвэл болохгүй юм байхгүй шүү дээ.
-Танд бусад жолооч, зорчигчдод уриалж хэлмээр байгаа зүйл байна уу?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хүлээн зөвшөөрөх боломжтой нийгэм нь байхгүйгээс хойш бид хүнлэг хандаж, нэгнийгээ дэмжих хэрэгтэй. Хэдэн хором зарцуулаад, сэтгэл дэвсэж чадвал хүндрээд байх асуудал аль аль талдаа байхгүй шүү л гэж хэлмээр байна.
Ингээд бид 3-4 хүний тусламжтайгаар автобусаар үйлчлүүлсэн юм. Харин буугаад, тэргэнцэртэй иргэн болсон би замын боржуурыг давах шаардлага үүсэж, дахиад л хүн царайчилж гуйх хэрэгтэй болох нь тэр. “Нэг алхаад л” бусдын тусламж горилно гэдэг хүчгүй, сул дорой, юу ч хийж чадахгүй мэт санагдах мэдрэмж төрүүлдэг юм билээ. Бүтэн өдөр ч биш, 30 минут энэ зүйлийг мэдэрсэн надад төрдөө гомдох, нийгэмд гомдох сэтгэгдэл төрсөн юм. Аз болоход залуус, хүүхдүүд туслах, дэмжих сэтгэлээр хандаж байсан нь энэ 30 минутын хугацаанд анзаарсан эерэг дүр зураг байлаа.
Үүний дараагаар бид Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 70044040 дугаарлуу залган, “тэргэнцэртэй иргэн автобусаар үйлчилж чадахгүй байна” гэж гомдол санал хүргүүлэхийн хажуугаар, хариу тайлбар авахыг хүслээ. Ингэхэд үйлчилгээний ажилтан “Би энэ талаар сайн мэдэхгүй байгаад байна” гээд утсаа тасалсан юм.
Бид Тэргэнцэртэй иргэдийн холбооны мэргэжилтэн Б.Болормаагаас дээрх асуудалд ямар байр суурьтай байгаа талаар тодруулав. Түүний хувьд олон нийтийн хандлага ухамсар нэг үеэ бодвол сайжирч байгааг дурдаж, дараах асуудлыг хэллээ.
БИД ХЭНИЙ Ч ТУСЛАМЖГҮЙ АМЬДРАХ НИЙГМИЙГ Л ХҮСЭЖ БАЙНА
Тэрбээр, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй автобус нь Офицер-Таван шар гэсэн нэг чиглэлтэй байдаг учраас Яармаг, Баянхошуу, Чингэлтэй гэх мэт газруудад байдаг иргэд маань тэр бүр үйлчлүүлэх боломжгүй байдаг. Өндөр шаттай хэн нэгний тусламжтай л явах гээд байдаг. Бид бусдын адил ганцаараа нийгмийн харилцаанд ороод, дэлгүүр хоршоо, сургууль, ажил, гэр гээд бүх л зүйлд хэн нэгний тусламжгүй л явмаар байна шүү дээ. Гэтэл нийтийн тээвэр хүртээмжгүй л байгаад байгаа. Парк шинэчлэл хийхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ оролцоог хангаж, хэрэглэгч болсон хүмүүсээс нь асууж зөвлөмөөр байна. Сүүлд орж ирсэн улаан автобуснууд хэдийгээр хүртээмжтэй боловч тэр бүр бидэнд шатаа буулгадаггүй. Бид хэний ч тусламжгүйгээр хаана ч үйлчлүүлж чадахгүй л байна. Нийгмийн энэ байдлаас болж гэрээсээ гарч чаддаггүй, сэтгэл санаагаараа үхэж, хүн гэдгээ мэдрэхээ больсон хүмүүс олон бий” гэсэн юм.
Биеэ даан гудамжаар явж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн хуульд заасан наад захын эрхээ эдэлж чадахгүй. Бусдын тусламжийг горьдож, хүн ёсоор амьдрах боломжоо боогдуулсан 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг монгол, монголын нийгэм “шоронд” хорьсоор байна.