Сэтгүүлч, найруулагч, гэрэл зурагчин, аялагч Даваадоржийн Төмөрхуяг хиймэл оюуны тусламжтайгаар, тусгай программ ашиглан Монгол хүний дүр төрхийг газар зүйн байршлаар нь ялгаж бүтээсэн байна. “21” аймгийн иргэдийн царай төрхийг хиймэл оюун ухаанаар бүтээжээ гэх мэдээлэл сүүлийн үед нийгмийн сүлжээнд олон хүний анхаарлыг татсан юм.
Энгийнээр тайлбарлавал тухайн бүтээх гэсэн дүр төрхийнхөө шинж чанарыг бичээд оруулаад программ автоматаар ажиллаж, хүний царайг бүтээдэг гэсэн үг. Гэхдээ нарийн ажиллагаа, цаг хугацаа шаарддаг байна. Түүний хувьд технологи хөгжихийн хэрээр зарим мэргэжлийг орлох боломжтой болж, хөдөлмөр хөнгөвчилнө гэдгийг харуулж байна. Хамгийн гол нь, хиймэл оюун ухааныг бид ашиглаж, оролдож, хөгжүүлж байх хэрэгтэйг хэлсэн юм. Гэхдээ хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр хүний өөрийн гараарбүтээсэн зүйлс улам бүр үнэ цэнтэй болно гэдгийг найруулагч хэллээ.
Тэрбээр “Бид Google translate-ийн орчуулгыг хараад “Буруу орчуулчихсан байна” гээд шоолдог. Үүнийхээ оронд бид ашиглаж, сайжруулж байх ёстой юм. Монголоос бусад бүх орны хэлийг Google translate-ийг ашиглаж, алдаагүй, төгс орчуулга хийдэг болсон байна. Энэ бол хиймэл оюун ухааныг ашиглаад байх тусам хөгждөгийн нэг жишээ. Яг үүн шиг “Монгол” гэсэн өгөгдлийг оруулаад, хайлт хийгээд, ашиглаад байх тусам л улам хөгжиж, улам боловсронгуй болно.
Би анх хиймэл оюун ухаан ашиглаад Ховд аймгийн хүний дүр төрхийг гаргахад Хятад хүнтэй төстэй царай үүсчихсэн юм. Тэгтэл хүмүүс “Чи яах гээд нутаг доромжлоод байна? Наад зураг чинь худлаа байна. Манайхан ийм төрхтэй байдаггүй” гээд маш их дайрч, шүүмжилсэн. Ховд аймаг бол олон ястны нутаг. Иймээс хиймэл оюун ухааны программ дээр Ховд нутгийн хүний царай төрхийг бүтээхдээ “Олон үндэстэн амьдардаг нутаг” гээд л оруулчхаж байгаа гэсэн үг. Ингэхээр цаанаасаа автоматаар, санамсаргүй байдлаар өгөгдлүүд сонгогдож, тийм царай, дүр төрхийг бий болгож байна гэсэн үг. Одоохондоо хиймэл оюун ухаанд “Монгол” гэдэг нэртэй өгөгдөл өгөхөөр Хятад ч юм шиг, үүнтэй ойролцоо царайтай хүмүүс гарч ирж байгаа. Цаашид “Монгол хүн” гээд хайхад ямар ч асуудалгүй, жинхэнэ Монгол дүр төрх гарч ирдэг болгохын төлөө л би өнөөдөр санаачилгаараа оролдоод, зураг оруулаад байгаа юм. Хиймэл оюун ухаан хөгжих тусам бидний хөдөлмөр хөнгөвчлөгдөнө. Гэхдээ жинхнээсээ хүн зурсан бүтээлүүд илүү их үнэ цэнтэй болно. Хүн, бичжээ, эсвэл хиймэл оюун ухаан бичжээ гэдгийн хооронд асар их зөрүү бий” гэлээ.
Сэтгүүлч, найруулагч, аялагч Д.Төмөрхуяг өөрийн сонирхлоороо, гар утсаараа зураг авч, сонирхолтой видео бэлтгэж ирсэн байна. Хорвоо дэлхийн сонин хачныг хуваалцаж, бидний анзаараагүй тэр л эгэл ертөнц, өнцгийг өөрийнхөөрөө харуулж байна. Хэвлэлийн салбарт 2004 оноос хойш ажиллаж байгаа тэрээр 10 орчим орноор аялж, "Аян" нэртэй фото тэмдэглэлийн номоо гаргажээ. Энэ номонд орсон нийт зургийн 97 хувийг гар утсаараа авч, сонирхолтой тайлбар, эшлэлийг багтаажээ. Түүний хувьд технологийн дэвшлийг ашиглаж, өнөө цагийн түүхийг бичиглэн хойч үедээ үлдээхэд ихээхэн санаачилга гаргаж буй уран бүтээлчдийн нэг юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.