Улсын дээд шүүх Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэснээр УИХ-д олонхийн суудалтай эрх баригч нам хяналттай болох уу гэдэг хүлээлт нийгэмд бий болов. Өнгөрсөн хугацаанд гурван ч даргатай болсон тус намынхан хагарч хуваагдах тусам эрх баригчид дураараа дургих, бүхнийг хуулиас гадуур хийхийг оролдож ирлээ. Тиймээс ч АН-ынхан эвлэрэх эсэх асуудал зөвхөн намдаа ч бус, парламентад хяналт тавих, эрх баригч намынхны алдаатай бодлогыг “хазаарлах” боломж гэж харж болохоор байна.
Л.ГАНТӨМӨР ЮУ АМЛАВ?
Өчигдөр АН-ынхан шинэ даргынхаа хамтаар Төрийн ордонд мэдээлэл өгөв. Гэнэт сэрсэн юм шиг мэдэгдэл хийсэн тэд Монголчуудын 70 хувь нь ядуу амьдарч байна хэмээн дүгнэв. ҮСХ-ны статистикийн хорооны ядуурлын индексээр Монгол улсын нийт хүн амын 29 хувь нь ядуу. Харин сөрөг хүчний үүргээ биелүүлж эхлэхээр зэхэж буй АН-ынхан бодит байдал дээр ядуурлын түвшин хоёр дахин өндөр байна гэсэн дүгнэлтийг хийлээ.
Шинэ дарга Л.Гантөмөр ядуурлыг шийдэх гарц гаргалгааны талаар хэлэхдээ “Бизнес эрхлэгчид төрийн дарамтаас залхаж байна. Нийт бизнес эрхлэгчдийн 60 хувь нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн эсрэг байр суурьтай байна. Аж ахуйн нэгжүүд татварын маш том дарамтад орсон. Ядуурлаас гарахын тулд аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй. Цар тахлын дараах дэмжлэг жижиг, дунд үйлдвэрт очихгүй байгаа юм. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахгүй бол цааш явахгүй нь. Татварын дэмжлэгийг бодитой болгож, төр ААН-үүдийг дарамталдаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй байна. Цагдаа, прокурор, татвар, гааль, мэргэжлийн хяналтын байцаагч нар хувийн хэвшлийнхнийг дарамталдаг байдлыг болиулж, эрх зүйн орчныг нь тавдугаар сарын 1-нээс өмнө бүрдүүлмээр байгаа юм. Судалгаанд оролцсон иргэдийн 50 хувь нь маргаашдаа итгэхгүй байна. Монголын эдийн засаг сүүлийн 10 жил хөдлөөгүй. Маргаашийн эдийн засгийг бий болгоход санаачилга гаргана. 400 мянган айлыг орон сууцанд оруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь чухал. Эдийн засгийг 2-3 дахин өсгөх бодлогыг АН яаралтай гаргаж ажиллана” гэж мэдэгдсэн юм.
БАРЬЦААНД ОРООД ХӨДӨЛЖ ЧАДАХГҮЙ БАЙХ ЮМ БИШ БИЗ?
Л.Гантөмөрийг гэв гэнэт АН-ын дарга болгоё гэж шийдсэн нь цаанаа төлөөстэй. Учир нь эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийхээр зэхэж байгаа энэ үед УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн кноп тэдэнд хамгийн их хэрэг болно. Энэ ч үүднээс “Намын даргыг чинь дээд шүүхэд бүртгүүлж өгье. Манай Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж өг” гэж тохирсон байх магадлал өндөр. Энэ асуудал улстөрийн хүрээнд ч хамгийн их яригдаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдэг нь чухамдаа УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн холимог тогтолцоонд шилжих явдал. МАН-ынхан өөрийн охин нам гэгддэг ХҮН намаараа дамжуулан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн суртал ухуулга хийлгэсээр буй. Үүн дээрээ нэмээд АН-аар хүч нэмснээр тэд санасандаа хүрнэ. АН ч даргын асуудлаа шийдүүлсэн болохоор үг дуугүй дагана. Ингээд харахаар АН-ынхан бас л МАН-ынхны хүслийг гүйцэлдүүлэгч, “утсан хүүхэлдэй” болох вий гэдэг болгоомжлол байгаа юм. Өөрөөр хэлбэл, ядуурлыг бууруулъя, шударга ёсыг тогтооё хэмээн хичнээн олон төлөвлөгөө яриад ч тэд бодит байдал дээрээ хаашаа ч хөдлөхийн аргагүй байдал руу орж байна уу ч гэж харж болохоор байгаа юм.
Х.БАТТУЛГА, С.ЭРДЭНЭ НАР МӨЧӨӨГӨӨ ӨГӨХГҮЙ БОЛ ЯАХ ВЭ?
АН-ынхан гурав хуваагдаад буй. Тиймээс Л.Гантөмөр намын даргаар сонгогдсон даруйд л хагарал алга болчихно гэсэн зүйл байхгүй. Тэдний маргаан үргэлжилж ч болох талтай. Тэгвэл шинээр сонгогдсон дарга Л.Гантөмөр “Хэнийг ч тойргийн гадна үлдээхгүй. Х.Баттулга, С.Эрдэнэ нартай эвлэрэхээр уулзаж байгаа” гэж мэдэгдэв. Харин эсрэг талынхан нь “Л.Гантөмөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Дээд шүүхийн бүртгэлийн асуудлыг эсэргүүцэж, цагаан сарын баярын дараа жагсаал цуглаан зохион байгуулна” хэмээн мэдэгдээд байна. Ямартай ч АН-ынхны баярын алга ташилттай эхлэл,сөрөг хүчний эдийн засгийн төлөвлөгөө хаа хүрэхийг харах үлдэж чадна. Тэд эрх баригч намын аялдан дагалдагч бус, хэлсэн ярьснаа бодитоор хэрэгжүүлсэн ч цагт л сөрөг хүчин гэж дуудуулах эрхтэй болно. Үгүй бол АН-д хэзээ ч итгэж болохгүй юм байна гэдэг дүнг ард түмэн тавина. Ахин нэг боломж олгож, харж, харзнаж үзэх цаг урсаж эхэллээ…