Бид удаагийн ярилцлагадаа “Sekene permanent make up” салоны захирал, артист Чулуунбаатарын Сэлэнгийг урилаа. Өдгөө таван хүүхдийн ээж тэрээр 2008 оноос гоо сайхны салбарт ажиллаж эхэлжээ. Ч.Сэлэнгэ том хүүгээ төрүүлснийхээ дараа гэрээрээ ажиллах боломж эрэлхийлсэн байна. Энэ хугацаанд хэвлэлийн эх бэлтгэгчээр хүртэл ажиллаад амжжээ. Гэсэн ч бага насны хүүхдүүдтэй ээжид цагт баригдсан ажил хийх боломж тэр бүр гардаггүй учир өөрийгөө өдөр бүр хөгжүүлж, маникюр, сормуу, гоо сайхны шивээс хийж эхэлжээ. Ингээд түүний яриаг хүргэе.
Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? Гоо сайхны салбарт ажиллаж, өөрийгөө хөгжүүлэхийн тулд хэр сорилттой тулгарсан бэ?
Сайн байцгаана уу, намайг Чулуунбаатарын Сэлэнгэ гэдэг. Би өөрийнхөө сонирхлоор ажиллаж амьдарч байгаа ээжүүдийн төлөөлөл. 10-р хороололд төрж өссөн. Багадаа зураг зурах авьяастай байлаа. Тухайн үед авьяасаа хөгжүүлж, зурах чадвараа сайжруулах сонирхолгүй байсан ч яваандаа шивээсчин болчихсон. /инээв/
Олон хүүхэдтэй болохоор ямар ч ажлыг гололгүй хийж, нөхөртөө дэм болохыг хичээсэн л дээ. Өөрийн гэсэн салонтой болоод гурван жил болж байна. Өмнө нь гоо сайхны бизнес хийж яваа олон сайхан хүн хамтарч ажилласан. Ер нь эмэгтэйчүүд гэртээ хүүхдүүдээ хараад зүгээр сууж чадалгүй, олон зүйл хийхийг хүсдэг шүү дээ. Тэдний л нэгэн адилаар хүүхдүүддээ анхаарал халамж хандуулахын зэрэгцээ гэрээрээ ажиллах бүхий л боломжийг судалж эхэлсэн. Эхэндээ номын эх бэлтгэл дээр сууж байсан ч гоо сайхны салбарт илүү дурласан. Одоо дуртай ажлаа хийгээд явж байна.
Танай салоныг хөмсөг, контур, уруулын шивээсээр нь охид, эмэгтэйчүүд андахгүй. Зорин ирэх үйлчлүүлэгч ч олон байх?
Би мастерын зэргээ таван жилийн өмнө авсан. Өмнө нь манайд хөмсөг шивэх технологи муу байсан юм шиг санагддаг. Яагаад гэвэл body артын буюу биеийн шивээсэнд ашигладаг зүү, будаг, техникээр гоо сайхны шивээс хийдэг байсан. Сайн ажиглавал хуучин, тод, битүү, хар, хөх шивээстэй хүмүүс олон байдаг. Тухайн үеийн трендээ дагаад ч юм уу, хэтэрхий нүсэр будалт зонхилж байсан.
Харин одоо бүх зүйл хувьсан өөрчлөгдсөн. Хэрэглэх техник, будаг, зүүнээс эхлээд маш чамбай болсон байна. Миний хувьд хөмсөг, контур, уруулын шивээсийг хүний арьсны онцлогт тохируулан өнгөн хэсэгт будаг нь анзаарагдахгүйгээр төрөлхийн мэт шивэхийг зорьдог.
Нэлээн хэдэн жилийн өмнө гоо сайханчид үйлчлүүлэгчийн арьсны наана уу, гүнд нь үү гэдгийг ерөөсөө бодохгүйгээр тэр арьсанд будаг шивдэг байсан. Бараг л “Арилахгүй л юм хийж л байвал болоо доо” гэж боддог байсан гэхэд хилсдэхгүй. Одоо бол арьсны давхарга, арьсаа мэдрэх гээд ур чадвар, асар их мэдрэмж шаардагдана. Жишээлбэл, хуурай болон тослог арьс будгийг яаж хүлээж авахыг ч мэдэхгүй. Шивээс л бол шивээс гэж ханддаг байж. Одоо бүх юм өөрчлөгдөж, илүү сайжирсан байна.
Хүмүүсийн амьдралын хэв маяг ч өөрчлөгдөж, минимал болж байгаа нь гоо сайхны салбарт хүртэл өөрчлөлт авчирлаа. “Тод тод” шивээд өг гээд л, эсвэл хав хар харандаагаар будчихдаг байсан бол одоо илүү энгийн, натураль, будаагүй юм шиг цэвэрхэн будалтыг чухалчилдаг болсон. Ингээд ирэхээр уруулаа шивсэн ч гэсэн элдэв тод будаггүй, илүү өнгөлөг гоё болно гэсэн үг. Өмнө нь уруулан дээр нь хүрээ гаргаад хэт тод улаан уруул шивүүлдэг байсан. Ер нь 35 наснаас эхлээд хүний уруул өнгөө алдаж эхэлдэг.
Залуухан охид, эмэгтэйчүүд улаан, ягаан уруултай байдаг бол жаахан нас ахиад ирэхээр уруулын өнгө нь хацартайгаа адилхан өнгөтэй болох, нэг бол харлах, хөхрөх гэхчлэн өнгөө алддаг. Түүнийг нь уруулын шивээсээр сэргээж өгдөг. Хөмсөгний уусгалттай шивээсийг хүрээ гаргаж хийдэг байсан бол одоо хөнгөн тень тавьсан юм шиг шивдэг болсон. Үстэй шивээсийн нэгэн жигд зурдаг байсан бол одоо яг л хүний үс шиг унагах, босгох гэх мэт зуралтын техник бий.
Өмнө нь эмэгтэйчүүд тод хар будгаар хөмсгөө будаж, шивүүлдэг байсан гэлээ. Хэрвээ тийм хөмсөгний шивээстэй, түүнийгээ өөрчлөхийг хүсвэл засуулж болдог уу?
Лазерийн тусламжтайгаар шивээсийг арилган, дахин шивэх боломжтой. Гэхдээ лазерын цохилт хүрэхгүй газар бий. Зарим хүмүүс лазерыг буруу хийж хөмсөгнийх нь хэлбэрээр хонхойтол нь хүчтэй лазердаад сорвижуулчихсан байдаг.
Миний хувьд өнгөн хэсэг дээр байгаа буюу арилгах боломжтойг нь арилгаад, бүдгэрсэн дээр нь үстэй мэт, багахан үлдэгдэлтэй бол уусгалттай шивээс хийж өгдөг.
Лазераар зөвхөн хүрч болох хэсгийг л лазердана. Түүнээс биш хүний хөмсгийг хонхойтол нь лазердаж, сорвижуулж болохгүй. Лазер хүрэхгүй хэсэг дээр “Энэ хэсэг арилахгүй юм байна. Өөр ямар шивээсээр гоё болгож болох вэ” гэдгийг л харна.
Хувиараа бизнес эрхлэнэ гэдэг амаргүй ч тухайн үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамжийг өгч чадвал ажил өөрөө өөдлөөд дэвжээд л байдаг. Гоо сайхны шивээс хүний арьсны онцлогоос шалтгаалаад 1-3 жил орчим болдог. Миний үйлчлүүлэгчид над дээр 2-3 жилийн дараа ч дахин ирж үйлчлүүлдэг. Миний хийсэн шивээс лазердахгүйгээр хугацаандаа бүрэн арилчихдаг учраас амар байдаг.
Танд дахин салбараа нээх, эсвэл илүү өргөжүүлье гэсэн бодол байна уу?
Холбогдох шаардлагуудыг хангасан гоо сайхны эмнэлэгтэй болъё гэсэн амбиц байна. Шивээсээр салбарлах боломжгүй. Яагаад гэвэл миний эзэмшсэн арга барилыг өөр нэг хүн давтахгүй. Учир нь бүгд өөр, өөрийн арга барилтай, ур чадвартай учраас Сэкэнэ техникээ бусдад өвлүүллээ гээд яг адил үр дүн гарахгүй байх. Одоохондоо салондоо би өөрөө гоо сайхныхаа шивээсийг гардан хийдэг. Хүний нүүрэн дээр шууд л шивээс хийж хэрхэвч болохгүй. Багшлах талаар хүмүүс санал тавьдаг ч одоохондоо биеийн байдлаас шалтгаалаад нам гүмхэн амьдарч байна.
Би маш олон жил хиймэл арьсан дээр дадлага хийсэн. Монголын Гоо сайханчдын холбооноос 5-аас дээш жил ажилласан, шаардлага хангасан, ур чадвартай хүмүүстээ мастер цол өгдөг ч тавхан жилээр үнэлэшгүй их хөдөлмөр ард нь байдаг. Зурах техникээс гадна, уншиж судлах зүйл олон бий. Будаг тааруулах, арьсных нь онцлогийг мэдрэх гэхчлэн ур чадвар их шаардагддаг. Би ОХУ-д мастерын сургалт авсан.
Гэр бүлийнхэн нь хэр дэмждэг вэ?
Нөхөр маань намайг маш их дэмждэг. Манай хүүхдүүдийн том нь оюутан, бага нь нэгдүгээр ангийн сурагч. 1,3,5,11-р ангийн дөрвөн сурагч, нэг оюутан манайд байна даа. /Инээв/ Хүүхдүүд маань том болоод биеэ дааж эхэлсэн учраас хувиараа сэтгэл амар ажлаа хийж чаддаг. Нэг үйлчлүүлэгчээ л сэтгэл ханамжтай гаргахад араас нь найз нь, ээж нь, эгч нь гээд сүлжээ үүсчихдэг. Хамгийн бага охиноо төрүүлэх үеэр нөхөр маань Хөвсгөлийн Хатгал суманд томилогдоод тэнд гурван жил амьдарсан. Тэр үедээ Хатгалын хүүхнүүддээ гоо сайхны бүх л үйлчилгээг үзүүлсэн дээ. Маникюр хийх, сормуус суулгах, хөмсөг, уруул, контур шивнэ гээд л…
Шивээсийг хэрхэн хийхээс нүүрсний царай төрх гээд олон зүйлд нөлөөлнө. Маш том хариуцлага юм даа?
Манай хүүхнүүд гангалах их дуртай. Сүүлийн үед мөн л натураль гоёх дуртай болсон. Манай нэг үйлчлүүлэгч “Хүмүүс намайг хөмсгөө шивсэн гэж мэдэхгүй байна” гээд ирсэн. Хүмүүст мэдэгдэхээр тод шивж болно. Гэхдээ өөрийн юм шиг шивэх нь зүгээр биш үү гэхээр “Надад энэ нь гоё байна л даа. Гэхдээ намайг хэлэхээс нааш хүмүүс анзаарахгүй байна” гэж байсан. Миний зорилго бол шивсэн гэж мэдэгдэхгүйгээр шивэх. Шивээсээ тааруулж хийвэл хүний нүүрний хэлбэр хүртэл зөв харагддаг.
Зарим хүмүүс хөмсгөө будаж хэвшсэн хэв маягтаа уусаад яг түүгээрээ шивүүлэх гээд байдаг. Тэр үед нь тайлбарлаж өгөөд хөмсгөн дээр нь зурж үзүүлээд, ярилцаад, хөмсгийг нь шивээд явуулахаар давтангаа хийлгэхдээ “Нээрээ, гоё болсон байна” гээд баярладаг.
Сүүлийн үед эрэгтэй хүмүүс хөмсгөө их шивүүлдэг болсон байна лээ?
Эхнэр нь хөмсгөө шивүүлчхээд нөхрөө дагуулаад ирэх ч тохиолдол байна. Нөхрүүдэд нь таалагдахаар найзууддаа заагаад өгчихдөг. Хөмсөгний үс сайтай хэрнээ хэлбэр нь тогтворжихгүй, сүүл хэсгээрээ тасалдсан ч юмуу янз бүрийн л хөмсөгтэй эрчүүд байдаг. Шивүүлснийхээ дараа хэдэн өдөр тод байхаар санаа нь зовоод эдгэрээд ирэхээр нь сэтгэл хангалуун болчихдог юм шиг байна лээ.
Таны хувьд амьдралаас мэдрэх хамгийн сайхан зүйл юу вэ?
Эмэгтэй хүний хувьд сайхан эр нөхөртэй байх шиг жаргал юу билээ. Хань нь дэмжиж, тусалдаг, өнгөлж хурцалдаг эмэгтэй хүн андашгүй байдаг. Би чинь өдөр бүр янз бүрийн эмэгтэй хүнтэй ажилладаг. Зарим нь сэтгэл санаа гундуухан яваа, зарим нь үнэхээр баяр жаргалтай гэх мэт олон л сэтгэлийн өнгө аястай. Би нэг л өглөө өөрийгөө хорт хавдартай болохыг мэдсэн. Түүнээс хойш тасралтгүй эмчилгээ хийлгэж, хими, туяан эмчилгээнд хүртэл ороод өвчнөө ялан дийлсэн. Одоо эмчийн хяналтад байдаг. Эхэндээ хямраад л, юм бүр утгагүй санагдаж байсан ч ханиа, хүүхдүүдээ хараад би чинь сэтгэлээрээ л үхэж болдоггүй юм шүү гэж бодсон. Түүнээс хойш амьдралын хором бүр үнэ цэнэтэй санагдаж, улам бүр тэднийгээ хайрласан. Тэд маань ч намайг эрхлүүлдэг. Амьдрал сайхан шүү дээ.
Үнэтэй цагаа бидэнд зориулан ярилцсан танд баярлалаа.