Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан, зохион байгуулсан “Эмэгтэй малчид-манлайлал” зөвлөгөөн, өдөрлөг Төрийн ордонд боллоо. Зөвлөгөөнд 21 аймгаа төлөөлөн 1000-аад эмэгтэй малчин оролцож, төр засагт дуу хоолойгоо хүргэн, тулгамдаж буй асуудлаа ярилцаж, санал солилцсон юм.
Энэ үеэр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын малчин Л.Бямбасүрэн Газрын тухай хуульд шүүмжлэлтэй хандаж буйгаа хэллээ.
Тэрбээр “Газрын тухай хуульд малчид өвөлжөө, хаваржаагаа 15 жил эзэмшээд дуудлага худалдаанд оруулна. Тухайн үед хэн өндөр үнийн санал хэлсэн нь ээзмшинэ” гэж зааж. Тэгэхээр малчид өвөлжөө, хаваржаагаа, өвөг дээдсээс өвлөж ирсэн газар нутгаа бусдад алдах эрсдэл үүслээ.
Газрын тухай хуулийн энэ заалт 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байгаа. Малчдад өвөлжөө, хаваржаа гэж эзэмшүүлдэг. Өмчилдөггүй, эзэмшдэг. Өвөг дээдэс, аав, ээжээсээ өвлөж ирсэн нутагтаа малчид бид малаа маллан, амьдардаг.
Манайх гэхэд нэг өвөлжөөтэй, нэг хаваржаатай. Гэтэл 15 жил эзэмшээд дуудлага худалдаанд оруулна, тэгээд авна гэж байгаа юм. Дуудлага худалдаанд оруултал өөр хүн биднээс илүү мөнгө хэлээд, тэрбум, тэрбумаар нь үнэ цохиод авчихвал яах вэ. Малчид бид олон зуун жил өвлөж, нутаглаж ирсэн газар нутгаа алдана.
Монгол Улс нүүдлийн өв соёлж, уламжлалаараа дэлхийд гайхагддаг. Нүүдлийн мал аж ахуйг өвлөж, тээж яваа хүмүүс бол малчид. Гэтэл газар нутаггүй бол малчид хаанаа малаа маллаж, хаанаа амьдрах вэ. Жилээс жилд залуу малчид цөөрсөөр байгаа. Залуу малчдаа, үр хүүхэддээ бид ямар газраа өвлүүлэх вэ. Нутаг усгүй бол бидний үр хүүхэд хаана амьдрах юм бэ. Энэ хууль хэрэгжсээр байвал алсдаа Монгол Улс малчингүй болох эрсдэлтэй.
Би энэ хуулийг сайн судлаагүй. Буруу ярьж байж магадгүй. Гадаад хүн эзэмших эрхтэй гэж заасан гэж дууллаа. Гадаадын баян, хөрөнгө бэлтэй хүмүүс малчдын газрыг дуудлага худалдаагаар үнэ цохиод авбал малчид нутаглах нутаггүй болно.
15 жил эзэмшинэ гэхээр зарим хүнд хол юм шиг санагдаж магадгүй. Яг амьдраад, нутаглахаар хол хугацаа биш. За, яах вэ дуудлага худалдаа байж болно оо. Давуу эрхээр эзэнд нь өгнө, 15 жил нутагласан малчинд үргэлжлүүлэн эзэмшүүлнэ гэсэн бол өөр хэрэг.
Малчид нэгнийхээ өвөлжөө, хаваржааг сайн мэднэ. Гэрчилгээгүй байсан ч “За, эднийх олон жил өвөлжсөөр ирсэн. Эдний өвөлжөө” гээд хүндэлдэг. “Гэрчилгээ нь хаана байна. Би эзэмшинэ” гээд булаалддаггүй. Манайх хаваржааныхаа гэрчилгээг 2013 онд авсан. Тэгэхээр 10 жил болчихсон байгаа биз. Одоо таван жилийн дараа дуудлага худалдаанд орно. Заавал бичиг баримттай болох хэрэгтэй гэхээр нь өвөлжөөнийхөө гэрчилгээг 2020 онд авсан.
Ер нь тэдний л өвөлжөө, хаваржаа гэж ярьдаг. “Эхнэрийнх нь хаваржаа, нөхрийнх нь өвөлжөө” гэж ярьдаггүй. Энэ хууль амьдралд хэрэгжих боломжгүй. Тиймээс эргүүлэн татахыг шаардаж байна. Малчдаас санал аваад, батлах нь зүйтэй” гэлээ.