Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Лондон хотод амьдарч, 16 дахь жилдээ хумс, гоо сайхны салоны бизнес эрхэлж буй “Beauty Broadway” салоны захирал С.Оюумаатай бид Лондон хотод ярилцлаа.
Бидэнд цаг гаргасанд баярлалаа. Англи улсад хэдэн жил ажиллаж, амьдарч байна? Яагаад энд ирэх болсон бэ?
Би Англид 2001 онд гэр бүлээрээ ирсэн. Эхний нэг жил эгчтэйгээ хамтарч салоноо нээж байлаа. 2012 оны Лондонгийн Олимпод зориулж байгуулагдсан газарт анх бизнесээ анх эхлүүлсэн. Харин 2006 оноос өөрсдийн салоноо нээн, 16 жил нэг газраа тогтвортой ажиллаж байна.
Ер нь, боломж хайгаад л нутгаасаа гарч байлаа. Энд ирэхээсээ өмнө ханьтайгаа хамт БНСУ-д 2,5 жил ажиллаж, амьдарч үзсэн. Солонгост байх хугацаанд эгч маань Англид ирчихсэн байсан. Тэр үед нэгэндээ захиа бичээд л “Англид хүрээд ирээч” гээд л… Тэгээд л ирсэн дээ. Тухайн үед би БНСУ-д оёдлын чиглэлээр, малгайны үйлдвэрт өөрийн үндсэн мэргэжлийн дагуу ажиллаж байлаа. Ингээд нэгдэж бизнес хийхээр эгчтэйгээ ярилцаад, Монгол руугаа буцсан. Удалгүй, зургаан сарын дараа Англид ирж байсан. Дөнгөж ирээд юуг, яаж, хаанаас эхлүүлэхээ сайн мэдэхгүй үе байсан. Тухайн үед Вьетнамчууд Англид хумсны салон их нээдэг байсан. Эгч маань бид хоёрыг коллежид дагуулж очоод, энэ чиглэлийн ангид оруулж өгсөн юм. Хумсныхаа чиглэлээр бүтэн сурчихаад, Вьетнамын салонууд дээр очиж дадлага хийсэн. Танихгүй хүн очиход шууд хүлээн авах нь ховор учраас таньдаг хүнээрээ яриулаад л очиж байсан. Ингэж л салоны бизнест орсон доо.
“АНГЛИД БҮХ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТАД СУУЖ, ЗӨВШӨӨРӨЛ АВСАН БАЙХЫГ ШААРДДАГ. МАНИКЮРЧИН БОЛОХЫН ТУЛД БИ АНХ НЭГ ЖИЛИЙН СУРГАЛТАД СУУЖ БАЙСАН”
Бүтэн жил сурч байж, хумсны маникюр хийх зөвшөөрөлтэй болдог гэсэн үг үү? Заавал мэргэжлийг нь эзэмшээд ажиллах ёстой байдаг уу?
Хумсны маникюрын чиглэлээр бүтэн жил оройгоор сурсан. Долоо хоногт нэг удаа очно. Ажлаа хийнгээ сурсан гэсэн үг. Тухайн үед коллежоо заавал бүрэн сурч байж л энэ чиглэлээр ажиллах эрхтэй болдог байсан. Одоо сургалтын хугацаа нь арай богино болоод, зургаан долоо хоногийн курс төгсөөд л сертификат авч болдог болчихсон. Маникюрист нь ур чадварын хувьд 1-3 түвшинтэй. Гуравдугаар түвшинд хүрвэл яг мэргэжлийн буюу машин төхөөрөмж хэрэглэдэг, ур чадвар сайн түвшинд очдог гэсэн үг. Бас салон нээх эрхтэй болно. Яг л энэ лицензийнхээ дагуу л явна. Анх үсний салоны хажууд суугаад л дадлагажиж байсан.
Сургалтаар нь юу юу заадаг вэ?
Хүний бие, хуруу, хумсны анатомийн бүтэц, аюулгүй ажиллагаа, будаг хэрэглэгдэхүүний найрлага гээд олон юм сурна. Хэрэглэгчдэд аюулгүй үйлчилгээ өгөх л зорилготой гэсэн үг.
Танайд ажилладаг ажилтнууд ч яг ингэж сурч, зөвшөөрлөө аваад ажиллаж байгаа юу?
Бид эхлээд хүмүүсээ сургаж дадлагажуулдаг. Хажуугаар нь тэд сургалтандаа сууж, сертификатаа авна.
Салонд нь одоо хэдэн хүн ажиллаж байна вэ?
Манай салон маникюр, педикюр, массаж, вакс хийдэг. Нөхөр бид хоёроос гадна зургаан хүн ажиллаж байна. Улирлаас шалтгаалаад заримдаа бүр олуулаа ажиллах хэрэгтэй ч болдог. Ихэвчлэн Монгол хүмүүс ажилладаг. Ковидоос хойш солоныхоо хоёр дахь давхрыг түр зогсоож, нэг давхартаа л ажиллаж байна.
Танай гэр бүлийн хувьд Англид бизнес эрхэлсэн анхны Монголчуудын нэг юм байна. Одоо ч энд бизнес эрхэлдэг Монголчууд тийм ч олон биш юм байна. Англид бизнес хийх хэцүү юу? Боломж, давуу тал нь юу вэ?
Англи улсад бизнес эрхлэх шалгуур, шаардлага ихтэй байдаг. Ямар ч ажлыг хийхэд мэргэшсэн байхыг шаардана. Хоёрдугаарт, мэдээж бизнес эхлүүлэхэд санхүүгийн асуудал том сорилт болдог. Анх эндхийн системийг сайн мэдэхгүй нь жаахан хүндрэл болж байсан. Хаашаа утасдаж, юу хийх ёстойгоо сайн мэдэхгүй. Бүх юмаа өөрсдөө хөөцөлдөнө, алдаж онож байж ойлгож авна. Эхэндээ үйлчилгээ явуулах газраа түрээслэхэд урьдчилгаа болон барьцаа заавал төлөх ёстой. Түрээсэлсэн обьектод маань олон шалгалт хийнэ. Аюулгүй байдал, цахилгаан, салонд байх ёстой тоног төхөөрөмж хэрэгсэл, хүлээлгийн орон зай талбай гээд энэ бүгд дээр нарийн шаардлага тавьж, тус бүр дээр сертифкат авч, түүнийгээ шалгуулан бизнесээ явуулах зөвшөөрөлтэй болдог. Нэг л сертификат байхгүй бол зөвшөөрлөө авч чадахгүй гэсэн үг. Жишээ нь, энд зохиогчийн эрхийг сайн хамгаалдаг болохоор үйлчилгээний зааландаа хөгжим явуулж л байгаа бол зохиогчид нь, дуучинд нь мөнгө төлнө. Уг нь дуутай CD-г би худалдаад авчихсан байгаа шүү дээ. Гэвч тоглуулсныхаа төлөө л мөнгөө төлж байдаг. Манай төлбөр жилийн 500 мянга орчим паунд болж байсан. Сандал болгоныхоо тоогоор мөнгө болно.
“БИЗНЕСИЙН ТАТВАРУУД ӨНДӨР Ч ЭХЛҮҮЛЧИХВЭЛ БҮХ ЗҮЙЛ НЬ ТОДОРХОЙ, АМАР БАЙДАГ”
Бизнесийн татварын нөхцөл нь ямар вэ? Шаталсан байдаг гэж сонссон? Хэдэн хувиас эхэлдэг вэ?
Энд татварын шаталсан тогтолцоотой. Жилийн татвар нь 19 хувиас эхэлнэ. Үүнээс гадна, НӨАТ, НДШ-ээ төлнө. Тэтгэврийн даатгалаа төлнө. Хувь хүн нь ч, байгууллага нь ч төлнө.
Анх бидний мэдэхгүй байсан нэг зүйл гэвэл объект түрээсийн зар тавихдаа зөвхөн түрээсийн үнээ л биччихсэн байдаг. Гэтэл яг түрээслээд ажиллуулаад ирэхээр түүний 46 хувьтай тэнцэх татвар давхар төлнө, мөн дүүргийн татвар, үйлчилгээний хураамж төлнө. Энэ бүгдийг анх мэдэхгүй, санхүүгийн том сорилт болж байсан.
Анхны хөрөнгө оруулалтад хэдий хэмжээний санхүүжилт шаардагдаж байсан бэ? Санхүүгийн хүнд үеэ хэдий хугацаанд давж гарч байв?
Тухайн үедээ багадаа 60-70 мянган паунд зарцуулж байсан. Өмнө нь яг ийм үйлчилгээ явуулж байсан бэлэн бизнесийг худалдаж авсан гэсэн үг. Шууд ороод л ажиллана гэдэг байдлаар сонголтоо хийсэн. Анх ах дүү нараасаа зээл тусламж авсан. Эхний гурван жил сорилттой байсан. Найман жилийн турш долоо хоногийн 7 өдөр ажилласан. Найман жилийн дараа л нэг өдөр амрах боломж олдсон байна шүү дээ. Бизнес хийгээд эхлэхээрээ таван жил ямар ч байсан ямар нэг юмыг хойш тавьдаг юм байна лээ. Бүх юманд дүрэм журамтай. Үүнийгээ анхнаасаа сайн дагаад давчихвал дараа дараагийн удаад хүнийг стрестүүлэх нь бага байдаг. Дарамт нь арай бага гэсэн үг. Бизнесээ эхлүүлнэ гэдэг ажлын 60 хувь нь болдог. Эхэлчихсэн байхад хөдөлгөөн тасрах нь гайгүй дээ. Манайх одоо бол байнгын үйлчлүүлэгч ихтэй болсон.
Үйлчилгээ нь ямар үнэтэй байдаг вэ?
Маникюр бол 15 паунд. Shellac будагтайгаа бол 20 паунд. Манайх харьцангуй хямд үнээр үйлчилдэг. Шилэн хумс 25 паунд. Монгол мөнгөөр 100 мянган төгрөг гэсэн үг. Энд хүмүүсийн авч байгаа цалинтай нь харьцуулбал гайгүй шүү дээ. Хиймэл хумсыг 45 минутаас 1 цагт хийнэ. Зарим хүн ч 15 минутад дуусгаж байна. Хүн хүний ур чадвар л даа. Вьетнамчууд бол маш хурдан хийдэг. Гайхмаар чадварлаг.
Нэг хүний цалин хэд байх вэ?
1 цагийн хөлс 10-15 паунд. Манай ажилчид өглөө 10 цагаас оройн 17 цаг хүртэл ажилладаг.
Цаашид бизнесээ яаж тэлье гэж боддог вэ? Энд бий болгосон туршлагаараа Монголдоо очоод салон ажиллуулъя гэж бодож байв уу?
Бид хүүхдүүдээ дунд сургуулиа төгсөхөөр Монгол руугаа буцна гэж боддог. Тэгэхээр тэнд ямар бизнесийн суваг гаргаж, хөрөнгө оруулалт татаж, юм хийж болох вэ гэдгээ бодож байгаа. Бид хоёр хэдэн жилийн өмнө Монголд найман нэрийн дэлгүүр ажиллуулж үзсэн. Шалгалт, дарамт ихтэй байсан болохоор больсон. Худалдааны чиглэлээр л ажиллах болов уу гэсэн бодолтой байна. Үйлдвэрлэгч болъё гэхээр Монголд бүх юмаа гаднаас авдаг болохоор бэрхшээлтэй. Арай шинэлэг зүйл юу байж болох вэ гээд судлаад л байна.
“ХҮҮХДҮҮДДЭЭ ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХ ГЭЖ Л ЭНД БАЙНА ДАА”
Та бүхнийг Англид татдаг гол зүйл юу вэ?
Монголд ажиллаад цалин авах, энд ажиллаад орлого олох ялгаатай шүү дээ. Хөдөлмөрийн үнэлэмж нь огт өөр. Зарцуулалт нь ер нь адилхан. Өөр том шалтгаан бол хүүхдүүдээ чанартай боловсрол эзэмшүүлэх боломж энд байна. Ер нь, үхтэл үр харам гэдэг. Үр хүүхдүүдийнхээ төлөө явж байна даа.
Хүүхдүүд нь хэдэн настай билээ?
25,16,10,7 насны дөрвөн охинтой.
“ИХ СУРГУУЛЬД ЭЛСЭЖ БАЙГАА ОЮУТНУУД ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ ХИЙЖ, ДАРАА НЬ ӨӨРӨӨ ТӨЛДӨГ УЧРААС ИХ ЭРТ ХАРИУЦЛАГАТАЙ БОЛДОГ”
Сургуулийнх нь төлбөрийн нөхцөл ямар байдаг вэ?
ЕБС нь үнэгүй. Харин их сургууль нь төлбөртэй. Гэхдээ тухайн хүүхдэд нь өөрт нь зээл олгож, сургалтын төлбөрөө төлдөг. Манай том охин Queen marry гээд сургуульд Англи хэлний чиглэлээр суралцаж төгссөн. Зээлийг нь улсаас өгчихнө. Сургуулиа төгсөөд ажилд орохоороо зээлээ буцааж төлдөг. Хувь хүнийг санхүүгийн чадвартай болох үед нь л зээлийг нь авна. Ийм уян хатан болохоор олон хүүхэдтэй айлуудад санаа зовох зүйлгүй болж байгаа юм.
Нөгөө талаар, энэ нь хувь хүнд өөрт нь хариуцлагатай болгож байгаа хэлбэр. Сургалтын төлбөрийн зээлийг нь ээж аавынх нь нэр дээр өгөхгүй, өөрийнх нь нэр дээр л өгч байна шүү дээ. “16 наснаас хойш өөрөө л амьдралаа хариуц, ажилла” гэдэг. Систем нь ийм учраас хүүхдүүд нь ч ийм сэтгэхүйтэй болчихдог.
“Манай салон Үндэсний их баяр наадмаараа Монгол үндэстнийхээ дээл хувцастай ирсэн хүүхэд бүрт гарын бэлэг өгдөг уламлал тогтоод долоон жил болж байна”
Нутгаа хэр санадаг вэ?
Өө, саналгүй яах вэ. Анх ирэхдээ бичиг баримтны асуудалтай байлаа. 10 жилийн дараа л бичиг баримтаа авсан. Тэр үед л ёстой өөрийн эрхгүй нүднээс нулимс гарчих гээд байдаг байлаа. Хүний нутагт удаад ирэхээр дуу сонсов уу, үгүй юу л нулимс цийлэгнэдэг болчихдог юм билээ. Гэхдээ техник технологи хөгжөөд сайхан байна. Нүүр нүүрээ хараад ярьж болж байна, эх орныхоо тухай дуу, нэвтрүүлэг үзэж байна. Ингээд ирэхээр арай л нэг элэг дэвтэж байгаа юм. Урьд нь тийм юм байгаагүй шүү дээ. Таксофон дээр очоод л Монгол руугаа ярьдаг байлаа.
Бидэнд цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.