“Бурхны бэлэг”. Хэдэн жилийн өмнө Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяраас ярилцлага авахад шавь М.Анхцэцэгээрээ бахархаж, бахдан ийн онцолж байлаа. Эмэгтэй байтугай эрэгтэй хүн ч хичээллэхэд бэрх, асар их тэсвэр тэвчээр шаарддаг хүндийг өргөлтийн спортоор хичээллэн, форм, амжилтаа энэ олон жил хадгална гэдэг ёстой хэн бүхэн хүсээд гаргах амжилт биш.
Ийм амаргүй спортоор, ийм амаргүй замаар М.Анхцэцэг замнан, Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэн дэх анхны тодотголтой бүхий л амжилтыг гаргаж яваагаар нь олон хүн бахархдаг.
Штанг өргөх нь битгий хэл дэргэдээс нь харахад халгам, халшрам спортод тэр үргэлж ялагч байсаар ирсэн.
Түүний амжилтын нууцын талаар Ц.Хосбаяр дасгалжуулагч “Анхааг хоёрхон үгээр “Бурхны бүтээл” гэж хэлнэ. Үнэхээр зөв бодолтой хүүхэд. Бэлтгэлийг чин сэтгэлээсээ хийдэг. 10 хий гэвэл 11 удаа гүйцэтгэдэг” хэмээсэн.
Үүний сацуу хэдэн жилийн өмнө М.Анхцэцэг болон түүний дасгалжуулагч Ц.Хосбаяр нарт Казахстан, АНУ, БНСУ, Узбекстан зэрэг дөрвөн орноос санал ирсэн юм.
Зөвхөн БНСУ л гэхэд хэрэв иргэншлээ сольж, саналыг нь зөвшөөрвөл сар бүр 12 мянган ам.доллар, гэрээний төлбөрт 500 сая вон амлажээ. Хамгийн бахархмаар нь багш, шавь хоёр эл саналыг хүлээж аваагүй, “Зөвхөн Монголдоо” гээд л эх орондоо үлдсэнээр нь монгол түмэн өдгөө ч бахархдаг. Монгол түмний бахархал, “Алтан охин” М.Анхцэцэгийг “Ялагч” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт онцоллоо.
-Хэдхэн хоногийн өмнө болсон УАШТ-д 12 дахь удаагаа түрүүллээ. Энэ жилийн улсын аваргад бэртэлтэй өрсөлдсөн. Өөрийгөө бүрэн дайчилж чадав уу?
-Чадаагүй. Энэ жилийн улсын аваргад би мөрний бэртэлтэй байсан. Тариа хийлгээд, Азийн аваргад оролцоод түрүүлсэн. Бэртлээ сэдрээгээд, дахиад 2-3 тариа хийлгээд ДАШТ-д өрсөлдөөд мөнгөн медаль хүртсэн. Ерөнхийдөө зургаан сарын хугацаанд мөрний бэртэлтэй, 100 хувь бэлтгэлээ хийж чадахгүй байгаа. Эмчилгээтэй байсан учраас улсын аваргад өөрийгөө шахаж, бүрэн дайчилж ороогүй.
УАШТ-д 12 дахиа түрүүлсний тухайд, би бүр 13, 14 настайгаасаа хойш улсын аваргад завсаргүй түрүүлж байгаа. Ээж болсон жилээ өнжсөн. 12 дахиа түрүүллээ, гоё байлгүй яах вэ.
-Яг ийм бэртэлтэй үед тэмцээнд өмнөх шигээ оролцож чадахгүй. “Бэртлээ сэдрээчих вий” гэх айдас, болгоомжлол хэр байдаг вэ?
-Гайгүй л байдаг шүү дээ. Төвлөрчихөөр тиймэрхүү зүйл бодогддоггүй. Сайн төвлөрсөн үед иймэрхүү бодол, өвчин зовиураа ч мартчихдаг. Гарын эвэр хуулрангуут дотроос нь мах, цус нь гарч ирээд хорсдог, аймар өвддөг. Тэрэн дээрээ юм түрхээд л өрсөлддөг. 2022 оны Азийн аваргаар тэгсэн. Оролтоо хийсний дараа аймар өвдөж буйг нь эргээд мэдэрдэг. Яг өргөж байхад бол тэр өвдөх, зовиурлахыг бол ёстой тоохгүй. Зөвхөн оролтондоо л бүх анхаарлаа төвлөрүүлнэ. Тэгж төвлөрч байж л амжилттай өргөнө.
-2022 он таны хувьд амжилт арвин жил байлаа. “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин боллоо, ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртлээ, Азийн хошой аварга боллоо. Өнгөрсөн жил гаргасан амжилтаа хэрхэн дүгнэж байна вэ?
-2022 он маш олон зүйлээс суралцсан, их ачаалалтай, завгүй жил байлаа. Хээрийн бэлтгэл их хийсэн. Гурван сараас байрлаад, гэртээ бараг байгаагүй.
Азийн хошой аварга болсондоо маш их баяртай байгаа. ДАШТ-ий мөнгөн медалийн хувьд их алдаа, оноотой амжилт. Түрүүлэх бүрэн боломж надад байсан. Огцом өргөлтөөрөө нойлдсон.
-Өмнө нь тэгж нойлдож байв уу?
-Ёстой нойлдож байгаагүй. Тамирчны замналдаа анх удаа нойлдлоо. Бүх зүйлээ зориулж бэлдчихээд ДАШТ-д алдана гэдэг надад, миний сэтгэл зүйд хүнд байлаа. Тэр бүхнээс гарах, гэр бүлдээ цаг гаргахын тулд тэмцээний дараа нөхөртэйгөө хамт Вьетнам улсаар аяллаа, их олон зүйлийг эргэцүүлж бодлоо. Хэдийгээр би ДАШТ-д түрүүлсэн ч 2021 оны л дэлхийн аварга юм байна. Би 2022 онд дэлхийн аварга болж чадаагүй. 2023 онд дэлхийн аварга болох эсэх надаас шалтгаална гэж бодлоо. Хамгийн их бодсон, өөртөө авсан мотиваци гэх юм уу.
-М.Анхцэцэг Монголын од тамирчин. Дэлхийн аварга боллоо, анхны тодотголтой бүхий л бахдам амжилтыг гаргаж яваа. “Би чадаж байна. Би л чадаж байна” гэж бодогдох үе заримдаа гарах юм уу?
-Тамирчин хүн тэгж бодож байх ёстой юм байна лээ. Гэхдээ их ухаалгаар бодох хэрэгтэй. “Өөрийгөө дөвийлгөж болохгүй, дарах хэрэгтэй. Би болоогүй” гээд л байвал яаж амжилт гаргах вэ, яаж өргөх юм бэ. Тамирчин хүн үүнийг дотроо бодох хэрэгтэй, ил гаргаж болохгүй. Гаргавал яах вэ зааландаа.
Манай зааланд бэлтгэл хийдэг нэг эрэгтэй хүүхэд байдаг юм. Надтай их төстэй санагдаад байдаг юм, Амарбаяр гэдэг. Хэдэн кг байсан ч “Чи чадах уу” гэнгүүт “Чадна шүү дээ” гэдэг. Өөртөө тийм их итгэлтэй. Тийм өөртөө итгэлтэй байх их чухал. Үүнийхээ дотроо, зааландаа гаргах чухал, амьдрал дээр бус.
Нэг түүх байдаг шүү дээ. Эмээ нь “Ерөнхийлөгчөө босоорой. Ерөнхийлөгчөө цайгаа уугаарай” гэсээр байгаад тэр хүүхэд ерөнхийлөгч болчихсон гэдэг шиг Ц.Хосбаяр багш миний төлөвлөгөөний дэвтэр дээр жаахан байхаас “Олимп, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин” гэж бичдэг байсан. Энэ нь надад их мотиваци өгсөн, миний амжилтад маш их нөлөөлсөн.
Яг тэмцээн дээр очоод “Би дэлхийн аварга тамирчин шүү дээ” гээд өөртөө итгэлтэй, өөрийгөө зоригжуулаад гарах, “Би чадах болов уу” гээд өөртөө итгэлгүй, айдастай гарах өөр шүү дээ. Тэгэхээр тамирчин хүн зохих хэмжээнд өөрийгөө үнэлж, ухаантай ашиглах хэрэгтэй санагдсан, надад.
-Монгол Улсын дээд амжилтыг хэдэн удаа шинэчлээд байгаа билээ?
-80 гаруй удаа шинэчлэн тогтоосон.
-Олон, олон залуу тамирчин “Анхцэцэг эгч шиг тамирчин болно” гээд хүндийг өргөлтийг сонгон, хичээллэж байна. Медалийн өнгөөр хэмжигдэхгүй том гавьяа, чухал зүйл энэ яах аргагүй мөн.
-Тийм шүү. Үүнд би их олзуурхаж, баярлаж явдаг. Медаль авснаас илүү чухал зүйл байхгүй юу. Олон, олон залуу тамирчид надаас үлгэрлэж, над шиг тамирчин болно гээд хүндийг өргөлтөөр хичээллэж байгаад нь баярладаг. Сайн тамирчин гарч ирэхэд, амжилт гарахад өөрөөсөө илүү баярладаг, улам дэмжих сэн, “Тэг, ингэ” гээд зөвлөх сөн, туслах сан” гэж боддог, хичээдэг.
-Тэр хэрээр үг, үйлдэл бүр тань чухал болж байгаа. Жаахан алдаа гаргахад зөвхөн Анхцэцэгийн бус энэ спортын нэр хүндэд нөлөөлнө. Тэр хэрээр өөрийгөө зөв авч явах шаардлага гарч байна уу?
Их л хянадаг юм байна лээ. Би уг нь их хөдөлгөөнтэй, галзуудуу төрлийн хүн. Олон залуу тамирчин намайг харж, үлгэрлэж байгаа. Тиймээс бэртэлтэй байсан ч энэ жил улсын аваргад өрсөлдсөн. Тамирчин хүн ямар тэсвэр тэвчээртэй байж, өөрийгөө ялан дийлдгийг үлгэрлэхийг хүссэн юм л даа.
Хүндийг өргөлтийн спортоор хичээллэн, амжилт гаргаж, олон түмэнд хүндлэгдэж яваа минь их ховор хувь тавилан гэж боддог. Хэрвээ би 2-3 жилийн дараа ч юм уу төрсөн бол, тухайн үед миний оронд өөр хүүхэд байсан одоо энд сууж байх ч байсан юм бил үү. Тэгэхээр их хувь тавилантай, азтай гэж өөрийгөө боддог. Анхцэцэг гэдэг нэрэндээ их хайртай.
Спорт, урлагийн салбарт үзэгч, дэмжигч их чухал. Зарим хүн, инфлюсер, одуудад хэлмээр санагддаг. Яг үнэндээ ард түмэн байхгүй бол хэнд ч танигдахгүй шүү дээ. Хүмүүсийн нөлөөлөл, “Ямар гоё юм бэ” гээд үзэж буй хандалтаар хүмүүст танигддаг. Тиймээс олон түмнийг асар их хүндлэх хэрэгтэй. Тэгж байж эргээд хүндлүүлнэ. Олонд хүндлэгдэж амьдрах мэдээж сайхан. Түмний хайр, хүндлэлийг дааж, хариуцлагаа ухамсарлаж явах маш чухал гэж боддог. Аль болох олны итгэлийг алдахгүй, алдаа гаргахгүй байхыг хичээдэг.
-Хэдэн жилийн өмнө Анхаад хэд хэдэн орноос тамирчнаа болгох санал ирсэн. Тэдний саналаас татгалзан, Монголдоо үнэнч үлдэхэд олон түмэн таныг улам их хүндэлсэн, хайрласан. Эх орныхоо тамирчин хэвээр үлдэхэд олон зүйл нөлөөлсөн нь мэдээж. Хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ?
-Өөртөө итгэх итгэл минь. “Монголдоо би чадах юм чинь” гэж бодсон. Аав, ээжээсээ, багшаасаа хол, заавал өөр улсын тамирчин болох шаардлага надад байгаагүй.
Намайг гаргаж ирэх, сайн тамирчин болгох гэж Монголын хүндийг өргөлтийн холбоо, ямар олон хүн дэмжиж, хөрөнгө оруулж, хэчнээн их цаг хугацаа зарцуулсаар байгаа билээ. Намайг дөнгөж гаргаж ирж байхад нь “Өөр орноос өндөр цалин, хангамж амлалаа. Би явлаа” гэвэл хэчнээн муухай. Тэр олон хүний нурууг авна, урам нь хугарна. Дахиад сайн тамирчин гаргаж ирэх гээд зөндөө их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулна. Олон түмний итгэлийг алдана. Тийм муухай байж болохгүй. Тиймээс би бусад орны саналаас татгалзсан юм.
-Тухайн үеийн нөхцөл байдал тийм ч амар байгаагүй. Санхүүгийн хүндрэлийн улмаас тэмцээнд Ц.Хосбаяр багшгүй, ганцаараа очоод, бэртчихсэн байсан үе. Яг тэр үед “Яах вэ. Хэрвээ зөвшөөрвөл адаглаад “Тэмцээний зардлаа яах вэ” гэж санаа зовохгүй” гэж эргэлзсэн үү?
-Ёстой тэгж эргэлзээгүй. Би ер нь багын ийм өөдрөг. Аливаа асуудал болоод л өнгөрнө. Дахиад өөр асуудал гарч ирнэ. Арай өөрөөр шийдээд л урагшилна. Баяр жаргалтай өдрүүд дахиад гарч ирнэ. Тухайн үед бэртээд, өвдөөд хэцүү байсан уу гэвэл хэцүү байсан. Болгоод, даваад гарсан.
Нэг их аймаар хямраад “Мөнгөгүйгээсээ болоод ингэж явна, бэртчихлээ” гэж бодоогүй. Харин Ц.Хосбаяр багшид маань хэцүү байсан. “Шавиа ганцааранг нь явуулаад бэртээчихлээ. Хамт явсан бол бэртэхгүй байсан” гээд харамссан гэсэн. Надад хүнд тусаагүй, харамсаагүй.
Багш маань “Хүнд төлж чаддаггүй нэг л өр байдаг. Тэр нь сэтгэлийн өр” гэж надад дандаа захьдаг. Хүн бусад ямар ч өрийг төлж чадна.
-Өөрөө хөдөлмөрлөж зүтгээд амжилтад хүрье, амьдралаа ч мөн өөрийнхөө хүчээр босгоё гэж тэмүүлдэг гэж таныг анзаарагддаг. Учир нь М.Анхцэцэгт байр бэлэглэх аян нэг удаа зохиогдоход татгалзаж байсан шүү дээ.
Тэгсэн.
-Өөр хүн байсан бол “Тэгье, тэгье. Авъя, авъя” гэж болох л байсан шүү дээ.
-Ер нь жаахан утгагүй санагдаад байдаг юм. Хүмүүс байр, өөр олон зүйл амлаад л байдаг юм. Өгсөн хүмүүс байгаа. Өгөөгүй нь ч бий. Манай Батлан хамгаалах яам хоёр өрөө байрны мөнгө өгсөн. Ханьтайгаа ярилцаж байгаад бэлэглэсэн мөнгөөр нь найраа хийсэн. Одоо “Гранд маршал”-аас бэлэглэсэн байр баригдаж байгаа.
Байр, өөр олон зүйл амлаад өгөөгүй хүмүүс зөндөө бий. Хүмүүс “Чи нэхээд аваач” гэдэг л юм. Би ямар тэр хүмүүсийн төлөө өргөж байгаа биш. Өөрийнхөө төлөө л өргөж байгаа. Нөгөө талаар “Бэлэгний байраа авъя” гээд явахаас ичээд байдаг юм. Манай аав, ээж хоёр яг тийм хүмүүс байдаг. Амьдралд хааяа “арын хаалга” хэрэгтэй үе гарна шүү дээ. Манай аав “Ёстой тийм юм байхгүй. Шударгаар л хөөцөлдөнө” гэдэг.
-Зөвхөн спортынхон гэлтгүй бусад салбарынхан амжилт гаргаад “Амжилтыг минь урамшуулсангүй” гэх хандлага их гаргадаг. Ер нь спортын ч бай бусад салбарын хүмүүсийн амжилтыг заавал шагнаж, урамшуулах шаардлагатай, албатай юу?
-Албагүй шүү дээ. Яагаад гэвэл, эх орныхоо төлөө өрсөлдөж, Монголын минь нэр дуурсаж, төрийн дуулал эгшиглэж байгаа гэж яриад байгаа боловч эцсийн эцэст би өөрийнхөө л төлөө өргөж байгаа биз дээ.
Би өөрөө л алтан медаль авахыг хүснэ. Улс “Чи медаль авч ирээрэй” гээгүй. Би өөрөө дуртай болохоороо л энэ спортоор хичээллэн, амжилтын төлөө зүтгэж яваа. Бүхий л салбарын хүмүүс тэгж байгаа. Тамирчид ч мөн адил.
Гавьяа байгуулсан хүмүүсийн, тамирчдын амжилтыг шагнаж, урамшуулах хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Тодорхой хэмжээнд шагнал, урамшуулал байх ёстой юу гэвэл байх ёстой. Гэхдээ “Миний амжилтыг шагнасангүй” гээд заавал албатай юм шиг хандах, нэхэх нь учир дутагдалтай санагддаг. Албатай юм шиг нэхдэг хүмүүс байдаг. Тийм хандлага надад онцгүй санагддаг.
-Хүндийг өргөлтийн спортод хамгийн чухал зүйлсийн нэг нь сэтгэл зүй. Яг өргөхийн өмнө сэтгэл зүйгээ яаж бэлдэж, төвлөрдөг вэ?
-Ерөөсөө л маш сайн төвлөрөх хамгийн чухал. “Soul” хүүхэлдэйн кинон дээр төгөлдөр хуур тоглохоороо сүнс болоод гараад явчихдаг шүү дээ. Огторгуйгаас ангид болчихсон юм шиг, гав гавцаархнаа. Ерөөсөө тэгж төвлөрч байж л өргөнө.
Бэлтгэл сайтай, сэтгэл зүй өндөртэй оролцож байгаа тэмцээн дээр багшийн хэлж байгаа үг хүртэл сонсогддоггүй. Юу ч бодогдохгүй. Яаж орсноо ч дараа нь санадаггүй. Тэгж төвлөрдөг.
-Бэлтгэл дээр өдөрт ер нь нийт хэдэн кг-ыг өргөдөг вэ. Нарийн тооцоо гаргадаг уу?
-Гаргалгүй яах вэ. Өдөр бүр нарийн төлөвлөгөө гаргадаг, тоо боддог. Үүнийг багш минь хийдэг. Ер нь өдрийн бэлтгэл тонноор яригддаг.
Жишээлбэл, би 200 кг-аар хоёр удаа суулаа гэж бодъё. Тэгэхээр зөвхөн тэр оролт дээр 400 кг-ын даац авч байна гэсэн үг. Бэлтгэл ихтэй үед дунджаар 14-20 тонныг өргөдөг. Зөвхөн нэг өдрийн ачаалал. Нэг автомашины хэмжээний жин өргөчихөж байгаа юм.
-Нэг ой ч хүрээгүй байсан нялх үрээ гэртээ үлдээн, нялх биетэй хүч сориод 2019 оны ДАШТ-ээс хоёр дахь медалиа хүртсэнээр нь олон хүн бахархдаг. Бахархахгүй байхын аргагүй, хүссэн бүхэн гаргахад бэрх амжилт мөнөөс мөн. Ер нь төрөөд хэдий хугацааны дараа бэлтгэлдээ орсон билээ?
-Би 2018 оны аравдугаар сард төрсөн. Арванхоёрдугаар сараас, хүүгээ хоёр сартайгаас нь зөөлөн хөдөлж, фитнесийн зааланд гүйсэн. Тэгээд арванхоёрдугаар сараас зааланд бэлтгэл хийж эхлэн, үндсэн бэлтгэлдээ орсон юм.
Хүүхдээ зургаан сартайд нь Азийн аваргаас мөнгөн медаль авсан. 10, 11 сартай байхад нь ДАШТ-ээс хоёр дахь медалиа хүртсэн.
-Эмэгтэй хүн төрсний дараа эргээд бэлтгэлдээ орох, формдоо орох үнэхээр хүнд, амаргүй гэдэг. Эргээд спортдоо ирэх, бэлтгэлээ хийж эхлэхэд хэр хүндрэл бэрхшээлтэй байв?
-Хөхүүл байхдаа өдөрт хоёр бэлтгэл хийдэг байсан. Хүүхдээ аваад хөдөө цугларалтад гарна. Есөн сар хүртэл нь хөхүүлсэн. Хүүхэд шөнө сэрнэ, шөнөжингөө мөөмдүүлнэ, өдөржингөө мөөмдүүлнэ. Өдөр хоёр бэлтгэл хийнэ, завсраар нь мөөмдүүлнэ. Асар их ядардаг байсан.
Хүүхэд ханиад хүрнэ, чих нь өвдөнө. Өвдөхөөр нь би муу ээж юм шиг санагдаад хямарна. Нөхөртөө хоол ундыг нь хийж өгч амжихгүй бэлтгэл, тэмцээн уралдаан гээд явна. Тэр талаас нь бодохоор сайн эхнэр байж чадахгүй байх шиг санагдана.
Аймар ядраад, олигтой амжилт гаргаж чадахгүй хэсэг хугацаанд явахад сайн тамирчин биш ч юм шиг санагдаад хямарсан. Тиймэрхүү сэтгэл зүйн хямрал их тохиолддог юм билээ.
Эмэгтэй хүн жирэмсэн болоод, төрөхөөр нийгмээс тусгаарлагдчихдаг шүү дээ. Манай спортын яамны яг спорт хариуцсан хүн нь хүртэл “Өө чи төрчихсөн юм чинь ингээд дуусаж байгаа юм биш үү. Карьергүй боллоо” гэж төрөөд удаагүй байсан надад хэлсэн. Тэр үг надад аймар хүнд туссан. Тамирчин хүн төрчихөөд, буцаад бэлтгэлдээ ороод зөндөө амжилт гаргадаг. Алдартай тамирчдын тийм жишээ олон бий. Тэгэхэд яагаад тэгж хэлсэн, тэгж бодсон юм бол. Үнэхээр би гайхсан.
Жирэмсэн болсны дараа миний талаар сошиалд орчинд “Анхцэцэг жирэмсэн болжээ” гэх утгатай мэдээллүүд цацагдсан. Тэгсэн чинь хүмүүс “Хайран амжилттай хүүхдийг баллаад хаячихлаа” гэсэн. Хүмүүсийн тийм коммент, хандлага надад хүнд туссан.
-Жирэмсэн болсон нь эрүүл мэндийн шалтгаантай байсан гэж сонссон. Үнэн үү?
-Үнээн. Ер нь ийм юм болсон. Төрсөн минь төлөвлөгөөтэй. Тухайн үед миний нуруу олон жил өвдсөн. Би гүрийгээд, гам бариад яваад байлаа. Сүүлдээ үнэхээр бүр аймар өвдөж, тэсвэрлэхэд бэрх болсон. Би ДАШТ-ээс анхны медалиа авсны дараа “Хэсэг хугацаанд завсарлая” гэж бодсон. Насаа эмч, Мөнгөө эмч хоёр “Хэсэг амар” гэж зөвлөсөн.
Мөнгөө эмч маань “Чи төрөөд үз. Төрсний дараа зарим хүний нуруу өвдөхөө больчихдог” гэж зөвлөсөн юм. Тэгээд би төрсөн. Түүнээс хойш миний нуруу өвдөхөө больсон.
Би хувийн амьдралаа өөрөө мэдээд, зохицуулаад, төлөвлөөд, эмнэлэгт үзүүлээд, шийдвэр гаргаж байхад бусад хүн хүндэтгэлтэй хандах ёстой шүү дээ. Би амжилт гаргаад, бүгдэнд харуулахыг хүссэн. ДАШТ-ээс хоёр дахь медалиа авсны дараа үнэхээр их баярласан, төрснийхөө дараа ч спортдоо эргэж ирээд амжилт гаргах боломжтой гэдгийг харуулсан.
-Штанг өргөх нь битгий хэл дэргэдээс нь харахад ч халгам спорт бол хүндийг өргөлт. Ийм спортоор 15 жил хичээллээд, формоо, амжилтаа энэ олон жил хадгалах амаргүй. Таны амжилтын нууц юу вэ?
-Тамирчин хүний хамгийн чухал зүйл нь сахилга бат. Багш маань “Сахилга баттай тамирчин л амжилтад хүрдэг” гэж дандаа захьдаг. Тамирчин хүний амжилт гаргах нууц нь сахилга бат. Минийх ч мөн тийм.
Амжилт залуу насных. Энэ богинохон хугацаанд бүх зүйлээ зориулах хэрэгтэй. Бүх юмаа, биеэ, сэтгэлээ, оюун ухаанаа зориулж, бүхнээ дайчилж байж л амжилтад хүрнэ.
Тамирчин хүн болих хүртлээ “Би болоогүй шүү” гэж бодох хэрэгтэй. Би дэлхийн аварга болчихсон, дэлхийн аварга юм чинь гээд хойшоо сууж болохгүй. Нэг өдрийн бэлтгэлдээ жаахан алгуурлахад л өрсөлдөгчийнхөө ард алхана.
Ер нь хүн өөрийгөө байнга хянаж, анзаарч байх хэрэгтэй гэж боддог. Амжилт гаргахдаа, уруудахдаа ч “Би хаана байгаа билээ. Юу хийж байгаа билээ” гээд ажиглаж байвал зүгээр санагдсан.
Миний амжилтад олон зүйл нөлөөлж байгаа. “Анхаа амжилт гаргаасай” гээд дэмжиж байгаа бүх хүмүүс, ивээн тэтгэгч байгууллагууд, Монголын хүндийг өргөлтийн холбоо, гэр бүл, хань минь үнэхээр их дэмжиж тусладаг. Ханийг минь Б.Золжаргал гэдэг. УДЭТ-ийн жүжигчин. Хань минь намайг үнэхээр ойлгож, бүхий л талаар дэмждэг. Их халамжтай. Тэмцээн, бэлтгэл гээд гэр бүлдээ гаргах зав, боломж төдийлөн гардаггүй. Тэр бүхэнд хань минь миний арыг баттай дааж, амжилт гаргах бүхий л боломж, нөхцлөөр хангадаг. Ханьдаа их баярлаж явдаг. Хайртай шүү чамдаа.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. “Ялагч” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт оролцсон танд баярлалаа. Манай нэвтрүүлгийн ивээн тэтгэгч “Монос хүнс” компанийн гарын бэлгийг гардуулъя.
-Нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан танд, “Өрөг.мн” сайтын хамт олонд, ийм гоё гарын бэлэг бэлэглэсэн “Монос хүнс” компанид баярлалаа.
Юуны түрүүнд хүндийг өргөлтийн спортыг үзэж сонирхож, хайрладаг Монголынхоо ард түмэнд баярлалаа. Түрүүлж өсгөсөн аав, ээждээ, ханьдаа, Ц.Хосбаяр багшдаа, анхны багш Цэрэнням, Чулуунпүрэв багшдаа, намайг үргэлж дэмждэг Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Монголын хүндийг өргөлтийн холбоо, МҮОХ, “Эрхэт Монгол” групп, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, Мөнгөн гүүр эмнэлэгтээ их баярлалаа.
М.АНХЦЭЦЭГИЙН ГАРГАСАН АНХНЫ АМЖИЛТУУД
-Дэлхийн аварга болсон Монголын анхны туйванч
-насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль авсан Монголын анхны төдийгүй цорын ганц туйванч. М.Анхцэцэг ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальтай.
-Оюутны ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны туйванч
-Монгол Улсын дээд амжилтыг 80 гаруй удаа шинэчилсэн
–Дэлхийн цомоос медаль авсан Монголын анхны туйванч
–Залуучуудын ДАШТ-ий медальт Монголын анхны туйванч
– Азийн аварга болсон Монголын анхны эмэгтэй туйванч
-Азийн хошой аварга болсон Монголын анхны эмэгтэй туйванч.
-М.Анхцэцэг 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13-хан настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан.