“Монгол Жангум” нэрээр олонд танигдсан өрхийн үйлдвэрлэл эрхлэгч А.Одончимэгтэй бид ярилцлаа. Өөрт оногдсон хатуу тавилангаа туулж, дааж яваа тэрбээр үсэн буурал болтлоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө зүтгэсээр дуусах талаараа ярьсан юм.
Анхныхаа хүүхдийг төрүүлээд, ангир уургаа амлуулж амжаагүй байхад нь төрөхийн эмч хүүхдийг шалан дээр унагаснаар түүний амьдрал орвонгоороо өөрчлөгджээ. Энгэртээ тэвэрч бөөцийлсөн хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ зургаан удаагийн хагалгааны дараа алдсан түүний гашуун түүхийг худал гэж үгүйсгэх хүмүүс багагүй байдаг. Үүнд тэр эмзэглэж явдаг талаараа мөн бидэнтэй хуваалцлаа.
-Ярилцлагын санал хүлээн авсан танд баярлалаа. Ажил алба өндөр үү?
-Сүүлийн үед ажил ихтэй, цаг наргүй сайхан хөдөлмөрлөөд л байна. Их хотын иргэн болоод хоёр дахь жилдээ амьдарч явна даа.
-Хотын амьдрал хэр байна даа? Сүүлийн үед танд жаахан таагүй байгаа дүр зураг харагдсан болохоор асууж байгаа юм.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ алдсан талаар 25 дугаар телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэгт ярьсан юм. Энэ нэвтрүүлэг маш олон хүнд хүрсэн. Нэг сая гаруй үзэлттэй байсан л даа. Түүнээс хойш маш олон сайтууд манайд ирж, зөвхөн энэ сэдвээр ярилцлага авч байсан учраас би одоо энэ сэдвээр ярих дургүй. “Танайд хоноё” нэвтрүүлгийн сэтгэгдлүүдийг нь харж байхад ихэнх коммент нь эерэг байсан ч сэтгэл тавгүйтүүлсэн зүйлсийг хүмүүс их ярьсан байсан. Зарим нь миний үхсэн хүүхдийг энэ хорвоод байхгүй мэтээр бичсэн. “Энэ хүн ийм хүүхэд гаргаагүй, худлаа ярьж байгаа юм” гээд л. Одоо би хоёр хүү, хоёр охинтой. Одоо байгаа том хоёр хүүг маань тэр хүүхэд болгочихсон. “Хэзээ ч энэ хүнд ийм түүх байгаагүй, жүжиг зохиож өөрийнхөө амьдралыг авч явж байна” гэх зэргээр бичсэн байсан. Зарим нь бүр “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэрийг барьж асар их хэмжээний мөнгө олж амьдарч байна” гэж байгаа. Үнэндээ монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хүнд мөнгө өгөх хүн байдаггүй юм аа.
ЦАГААН ТОЛГОЙТОЙ ЭМЭЭ БОЛТЛОО ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛНА
-Хэцүү гэж хэлэхэд багадах зовлонг та анхны төрөлтөөрөө мэдэрсэн юм билээ. Дааж туулахад амаргүй байсан байх?
-Яг тэр үеийг би одоо бодохоос ч айдаг. Надад яг хорвоо хөмөрсөн юм шиг байсан. Тэр үед намайг өсгөж өндийлгөсөн эмээ маань өнгөрсөн байсан юм. Миний энэ хорвоогоос сонгож авсан залуу, хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй болсны дараа, ээжийнхээ үгэнд ороод намайг хаяад явсан. Бүх ачаа миний нуруун дээр ирсэн. Яг тэр үед би хүүхдээ тэврээд л гэрээсээ явсан. Эмчлүүлэх гэж их хичээсэн дээ. Шаргалжуутын рашаанд явж үзсэн. Тэр үед ээж аавдаа ачаалал үрүүлэхийг хүсээгүй юм. Тэгэхэд би өөртөө нэг л зүйлийг андгайлсан. Тэртээ тэргүй энэ зовлон надад ирсэн. Би үүрээд л гарна гэж. Ингээд зүтгэсэн. Миний зүтгэл талаар болж, хүү маань зургаан удаа хагалгаанд ороод нас барчихсан. Нас барсных нь дараа бүх зүйл дууссан юм шиг хэрнэ, дахиад миний амьдралын жим намайг Шаргалжуут руу хөтлөөд аваачсан. Би цав цагаан толгойтой эмээ болтлоо, магадгүй энэ хорвоогоос явах хүртлээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд, эцсийнхээ мөнгөө дуусгасан байсан ч гэсэн ядаж гарт нь 500 төгрөгөөр ганц ширхэг иштэй чихэр бариулаад, тэр хүүхдийн баярласан харцыг харахын төлөө л амьдарна. Надад өөр юу ч хэрэггүй.
-Амьдралын тань утга учир болсон хүүгээ алдсан явдал, бусад хүүхдүүдийг асарч тойглох, хайралж энэрэх шалтгаан болсон уу?
-Шаргалжуутад яг миний хүүтэй адилхан олон мянган өвчтэй, зовлонтой хүүхдүүдийг хараад, хүүгийнхээ шарилын өмнө очиж, “ээж нь амьдралынхаа утга учир, амьд явах хугацаагаа хүүтэйгээ адилхан зовж, шаналж яваа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө зориулна” гэж өөртөө тангарагласан. Миний энэ тангараг 60 хүрсэн амьдралын минь гол жанжин шугам болоод явж байна.
25 жил Баянхонгорын Шаргалжуутын рашаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ дагуулаад очсон ээжүүдэд үнэгүй бантан хоол, зөөлөн чихмэл тоглоом, тусламжийн хувцас, хуучин тэргэнцэр цуглуулаад зарж өгөх гэх мэт өөрийнхөө хэмжээнд буян хийсэн. Миний хийж чадах зүйл энэ л байсан. Эгч нь хийсэн үйлдэлдээ талархаж явдаг.
ДАВААД ГАРАХААС ӨӨР ЗАМГҮЙ ТАВИЛАН ГЭЖ БИЙ. ЯАЛТАЙ Ч БИЛЭЭ
-Эх хүн хүчтэй гээд л ярьдаг шүү дээ. Та энэ хүчийг өөрөөсө олж харж байв уу?
-Энэ хорвоод хамгийн хүчтэй, хамгийн агуу, юунд ч ялагдаж дийлддэггүй хүнийг эх хүн гэж боддог. Үүнийг би амьдралаараа мэдэрсэн. Эх хүн хэчнээн ядуу байсан ч үр хүүхдийнхээ өмнө үгүй гэж хэлж чаддаггүй. Үгээгүй худалч хүмүүс байдаг юм. Өөрт байхгүй зүйлээ хүүхдэдээ байлгахыг хичээдэг. Өөрийнхөө өвдөж, шаналж байгааг үр хүүхдэдээ мэдэгдүүлэхгүйг хичээдэг. Миний хүү сурч чадахаа байх вий. Миний хүү карьергүй болох вий. Миний хүү, миний охин найз нөхдийнхөө өмнө муу муухай харагдах вий гээд л. Өөрийнхөө өмсөж зүүж чадаагүйг үр хүүхдэдээ эдлүүлэхийг л хүсдэг.
Эх хүн дааж даахгүй хорвоогийн бүх зовлонг нуруундаа үүрч явдаг. Үүнийгээ даадаг, даваад гардаг. Өөр яалтай ч билээ дээ.
-Хэрвээ миний амьдралд ийм золгүй явдал тохиогоогүй байсан бол… гэх харамсал төрдөг үү?
-Хэрвээ миний амьдрал хүүхдээсээ болж орвонгоороо эргээгүй байсан бол өдийд монголдоо алдартай геологич, алтны уурхайн дарга болоод хүмүүсийн хараал идэх байсан байж магадгүй. Алт ухаад л. Жаахан хүүхэд байхаасаа геологи ч болохыг мөрөөдөж сургуулиа онц төгссөн. Гэвч мэргэжлээрээ ажиллаж чадаагүй. Их сургуульдаа арай орж амжаагүй байхдаа хүүхдээ төрүүлсэн юм. Үүнээс болоод миний амьдрал орвонгоороо эргэсэн.
Залуу байхдаа мэргэжлээрээ ажиллаж чадаагүйдээ их гутардаг байлаа. Одоо бол үгүй. Монголд хариуцлагагүй уул уурхай, эх орны бүх баялаг ард түмэндээ биш гадагшаа урсаж байгаа цаг үеийг хараад, бурхан намайг монголын геологийн салбарт биш, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө, “чи ядаж бантан хийж өгөөд зүтгэж бай даа, жангум болоод энэ хорвоог туулж амьдар даа” гэж надад ийм хувь тавилан өгсөн юм болов уу боддог.
Хүн болгонд амьдралын тойрог гэж бий. Зарим хүний амьдралын тойрог том. Зарим хүнийх жижигхэн. Тэгэхээр миний амьдралын тойрог ийм л байсан юм байна.
ХҮНИЙГ БАЯРЛУУЛАХ ҮГЭНД БИТГИЙ ГУЙЛГАЧИН БАЙГААРАЙ
-Гэр бүлийнх нь танаас фэйсбүүкээ хаа гэж зөвлөх болсон талаар та хэлж байна. Юу болсон юм бэ? Тийм их дарамт ирээ юү?
-Би өрөг.мн сайтын хамт олонд баярлаж байна. Яг намайг хүнд шокийн байдалтай байхад, танай сайт урьж байгаа юм. Ямар шокт орсон гэхээр, гэртээ зүгээр байж байсан чинь 200-аад хүн над руу утасдсан. Юу гэж утасдсан гэхээр, “Жангум нас барсан юм уу. Ээ хайран хүн” гээд уйлаад л. Зарим нь “Ум сайн амгалан болтугай” гээд эмгэнэл илэрхийлээд л байсан.
Би их гайхсан. Хамгийн гоё нь өнөөдөр намайг нас барсан гэж бичсэн хүн гэр бүлээрээ над руу залгаад уучлал гуйж байгаа юм.
-Тэгж бичихийн зорилго нь юу байсан юм бол?
-Яг тэгж бичсэн хүн нь надтай ижил цагаан идээний бизнес хийдэг хүн. Сар шинийн өдрүүдээр Жангумыг маш олон хүн зорьж очиж, миний хийсэн идээ будааг аваад байгаа болохоор наашаа хүмүүс явуулахгүйн тулд “Жангум нас барсан” гэсэн мэдээлэл тараасан юм байна. Түрүүн над руу залгаад уучлал гуйгаад уйлаад, би бас уйлаад орж ирж байгаа юм. Үүгээр юу хэлмээр байна гэхээр яг одоогийн энэ нийгэм маань маш буруу байна. Яагаад гэхээр монголчууд хүн чанаргүй байна. Бид биеэ гомдоохдоо, муудахдаа үг хайрладаггүй. Үүний эсрэгээр хүнийг баярлуулах, хүнд аз жаргал бэлэглэх үгэндээ битгий гуйлгачин бай л даа. Уучлаарай гээд хэлчих л дээ. Өнөөдөр манай Жангум дэлгүүрт орсон хүн бүрд, эр, эм, хөгшин залуугүй бүх хүнд би, “хайртай шүү, эрүүл байгаарай” гэж хэлдэг. Намайг зорьсон хүн болгонд би энэ үгийг л хэлдэг. “Хайртай шүү. Эрүүл байгаарай”. Хүмүүсийн нүдэнд ямар гоё гэрэл цацардаг гээч. Зарим нь намайг тэврээд уйлдаг. Тэгэхээр би монголчуудыг хүнийг жаргаах үгэндээ битгий харамч байгаарай гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.