Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар иргэдээс зөвлөлдөх санал асуулга авч эхэлсэн. Эрх баригчид хамгийн сүүлд тайлбар өгөхдөө “Үндсэн хуульд зөвхөн нэмэлт, өөрчлөлт оруулна. Сонгуулийн тогтолцоог холимог болгож, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал эрх баригч нам санал нэгдсэн” гэж тайлбарласан. Гэхдээ улс төрийн намууд нэгдэж, Шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулсан учир иргэдээс “Та шинэ үндсэн хууль батлахыг дэмжиж байна уу” гэсэн санал асуулга явуулахаар зэхэж байжээ. Үүнийг эсэргүүцэж, Бодлогод залуусын хяналт ТББ-ын төлөөлөл зөвлөлдөх зөвлөлөөс гарч, нэрээ татсан юм. “2000 гаруй хүнээс “Үндсэн хуулиа цоо шинээр өөрчлөх үү” гэж асуугаад батлах нь учир дутагдалтай тул” тэрээр эрс эсэргүүцсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар Үндсэн хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг томилсон. Тэрээр улс төрийн намуудыг нэгтгэж, Үндсэн хуулийн төслийг шинээр бичжээ. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр МАН-д нэгдсэн учраас тэднийг ямар агуулгатай төсөл бичиж буй Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар хамгийн сайн мэдэж байгаа. Гэвч Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчлөх нь гэх шүүмжлэл өрнөж эхлэнгүүт өөрсдөөсөө холдуулж “Бид мэдэхгүй. Намууд өөрсдийн санаачилгаараа ямар төсөл боловсруулах нь тэдний л асуудал” гэж мэдэгдсэн. Товчхондоо олон нийтийн шүүмжлэл өрнөөд эхэлмэгц Л.Оюун-Эрдэнэ нар дундаасаа буцаж, Н.Энхбаярт хамаг буруугаа тохжээ.
Н.Энхбаяр нарын боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төсөлд зааснаар Парламент хоёр танхимтай байхаар тусгасан. Ингэснээр хууль тогтоох байгууллагад хяналт тогтоож чадна гэж үзэж буй. Гэхдээ шүүмжилмээр, ноцтой гэж хэлж болохуйц заалтууд Шинэ Үндсэн хуулийн төсөлд тусжээ. Н.Энхбаяр нарын боловсруулсан Үндсэн хуулийн төсөлд яг ямар ямар заалтууд орсныг хүргэе.
1. Монгол улс нийт иргэдийг бүрэн төлөөлөх сонгодог парламентын тогтолцоотой байна. Хоёр танхимтай парламентад улстөрийн намууд болон иргэдээс шууд сонгогдоно.
2. УИХ нь нийт 90 гишүүнээс бүрдэнэ. Үүнээс 75 гишүүнийг сонгож, 15 гишүүнийг нь томилно.
3. 30 нас хүрсэн, сонгуулийн тойрогт гурваас доошгүй жил оршин сууж байгаа иргэнийг УИХ-ын гишүүнээр сонгоно.
4. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа намын гишүүнчлэлээс татгалзана.
5. Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн өөрөө зөвшөөрвөл түүнийг зургаан жилийн хугацаагаар УИХ-ын төлөөлөгчөөр томилно” гэж заажээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.