Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль ирэх 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байна. Энэ хууль хэрэгжвэл хэвлэлийн эрх чөлөө дордож, иргэд Үндсэн хуулиар олж асван үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж чадахгүйд хүрнэ гэж судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд санал нэгдэж байна. Өчигдөр болсон хэлэлцүүлгийн үеэр хуульд заасан дараах заалтуудыг баталж болохгүй. Хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавих ёстой гэдэг асуудлыг хөндсөн юм.
ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЧӨЛӨӨГ ХУМЬСАН НОЦТОЙ ЗААЛТУУД
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хуулийн төсөл өргөн барихдаа “Хууль хэрэгжсэнээр нэр нүүрээ нуусан этгээдүүд бусдыг доромжилдог, залилдаг, эрхийг нь зөрчдөг асуудлыг таслан зогсоох ач холбогдолтой. Нийгмийн сүлжээний доромжлол, худал мэдээ, дайралт хэрээс хэтэрсэн” гэж тайлбарласан. Түүний ярьж буй бүхэн зөв. Гэвч яагаад хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хаах зохицуулалт батлав гэдэг нь анхаарал татна. Хуулийн төсөлд жагсаал цуглааны үеэр сүлжээ таслах, иргэдийн цахим хаягийг төрөөс хаах зэрэг ноцтой заалтууд орсон байгаа юм. Хуулиас бид дараах хуулийн заалтуудыг онцолж байна.
ЗӨРЧИЛТЭЙ КОНТЕНТ
6 дугаар зүйл.Зөрчилтэй контент
6.1.Зөрчилтэй контентод олон нийтэд хүргэхээр нийтэлсэн текст, тэмдэг, зураг, дуу, хөдөлгөөнт дүрс болон бусад хэлбэр бүхий дараах мэдээллийг хамааруулна:
6.1.1.Монгол Улсын төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжилсон;
6.1.2.цахим сүлжээ ашиглан залилсан, залилахыг завдсан;
6.1.3.хүүхдийн бие махбод, оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлөхүйц дарамт үзүүлсэн, уриалсан, сурталчилсан;
6.1.4.хүчирхийлэл, садар самууныг уриалсан, сурталчилсан;
6.1.5.хүнийг заналхийлэх, амиа хорлох, бие махбодод нь гэмтэл учруулахыг уриалсан, сурталчилсан;
6.1.6.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхийг уриалсан, сурталчилсан;
6.1.7.экстремист үйл ажиллагаа явуулах, үндэсний эв нэгдлийг бусниулах, төрийн болон албаны нууцыг задруулах, террорист үйлдэл хийх, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулсан, гэмт хэрэг үйлдэхэд өдөөн турхирсан, уриалсан агуулга бүхий;
6.1.8.хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан;
6.1.9.оюуны өмчийн эрхийн зөрчилтэй;
6.1.10.гэмт хэрэг, зөрчилд тооцогдох үйлдлийг нарийвчлан зааварчилсан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдэхийг уриалсан, өдөөн турхирсан, хатгасан, сурталчилсан, дэмжсэн;
6.1.12.хүүхдийг гуйлга гуйх, тэнэмэл, хараа хяналтгүй амьдрахад татан оруулсан, уриалсан, өдөөн хатгасан, сурталчилсан.
6.1.13.мэдээлэл нийтлэгдсэн олон нийтийн сүлжээний нөхцөл, шаардлагыг зөрчсөн” гэж үзэн тус тус хязгаарлахаар зохицуулжээ.
Тус хуулийн төслийг дагалдуулан Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж байна.
1 дүгээр зүйл. Кибер аюулгүй байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/21 дүгээр зүйлийн 21.2.8 дахь заалт:
“21.2.8.Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.1.7-д заасан агуулга бүхий зөрчилтэй контентыг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор зөрчилтэй контентын тархацыг бууруулах, хуульд заасны дагуу зохих арга хэмжээ авах бөгөөд эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг үндэслэн Кибер аюулгүй байдлын зөвлөл тогтоох” гэж заажээ.
Үүнээс гадна, Харилцаа холбооны тухай хуульд ноцтой өөрчлөлт орж байна. Үүнд:
1 дүгээр зүйл.Харилцаа холбооны тухай хуульд доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:
1/23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг:
“23.2.Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 4.1.15-д заасан үндэсний хэмжээний кибер халдлага үүсэж болзошгүй нөхцөл байдлын үед кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төв, эсхүл нийтийн төвийн саналыг үндэслэн, нийтийн эмх замбараагүй байдал, онцгой нөхцөл үүсэж болзошгүй нөхцөл байдлын үед дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Кибер аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр зөрчилтэй контентын тархацыг бууруулах, харилцаа холбооны сүлжээг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” хэмээн хуулийн төслөө батлаад байгаа юм.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах нэг хэрэг. Гэвч үүгээр халхавчилж, төрийг шүүмжилсэн хүн бүрийг гэмт хэрэгтэн болгох хуулийн төслийг яаралтай горимоор, хүч түрэмгийлэн баталсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байна.
ТББ-УУД ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ХАМТАРЧ АЖИЛЛАХГҮЙ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭЭР БАЙНА
Хуулийг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллахаар заасан. Тэгвэл ТББ-ууд хууль бус хууль хэрэгжүүлэх боломжгүй, хамтран ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлсээр байна. Тухайлбал, MFCC нь “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”-ийг эсэргүүцэж байгаа тул хуулийн хэрэгжилтэд хамтарч ажиллах саналаас татгалзлаа. Уг мэдэгдэлд:
“Mongolian Fact Checking Center нь Олон Улсын Баримт Шалгах Сүлжээ (IFCN)-ний албан ёсны гишүүнчлэлтэйгээс гадна, Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах түншээр ажиллаж цахим орчин дахь хуурамч, ташаа мэдээллийг бууруулах чиглэлд технологийн аргыг мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагаатай хослуулан ажиллаж байгаа Монголдоо цорын ганц олон улсын тусгай эрх эзэмшигч статустай байгууллага болохын хувьд хараат бус, ёс зүйтэй, тэгш шударга ажиллах зарчмаа хамгаалах үүднээс энэхүү саналаас татгалзсанаа албан ёсоор мэдэгдэж байна.
2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр УИХ-аар батлагдсан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль” нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн, мөн хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх заяагдмал эрх, шударга шүүхээр шүүлгэх эрх зэргийг хязгаарласан зохицуулалтыг оруулсан зэрэг тодорхой шалтгааны улмаас манай байгууллага тус хуулийг эсэргүүцэж, эгүүлэн татахыг шаардаж байгаа билээ.
Хууль батлах процесс нь өөрөө хуулиа зөрчиж, үүнийг зогсоох боломжтой байсан Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар хууль дээдлэх үүргээ умартан чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлэх боломжийг олгосноос эхлээд Хууль тогтоомжийн хуулийн дагуу хэрэгцээ шаардлагын судалгаа хийж, үр нөлөөг үнэлээгүй, мэргэжлийн байгууллага, олон нийтийн санал аваагүй зэргээр хууль зөрчсөн үйл явцыг Mongolian Fact Checking Center эрс буруушааж байна.
Гэвч нэгэнт батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үүргээ төрийн байгууллагууд биелүүлэхээр дагалдах журмаа боловсруулж, бэлтгэл ажилдаа орсон байна. 2023 оны 01 дүгээр сарын 22-ны Ням гарагт ХХЗХ-ны газрын дарга уг хуульд заасан Олон нийттэй харилцах нэгжид манай байгууллагыг оруулж, хараат бусаар хамтран ажиллах санал тавьсан ч батлахаасаа эхлээд хууль зөрчсөн “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”-ийн хэрэгжилтэд хамтарч ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм.